“НИЙСЛЭЛ ХҮҮХЭН-3" : Бал сарын аялал эхэллээ

2023 оны 1 сарын 132023-01-13
“НИЙСЛЭЛ ХҮҮХЭН-3" : Бал сарын аялал эхэллээ

Цар тахал дэгдсэн, хөл хориотой, онцгой дэглэм тогтоосон хугацаанд  үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж чадсан бүтээл бол яах аргагүй “Нийслэл хүүхэн”.  Хот, хөдөөгийн амьдралын  ялгаа, ахуй соёлыг эрх дураараа, айлын эрх танхи “галзуу”  охин Маралаа  энэ кинонд хөгжилтэйгээр харуулж чаддаг. Өнөөдөр жүжигчин Б.Мишээлийг энэ л дүрээр нь олон нийт андахгүй. Тэр энэ удаа Ганзоригтойгоо бал сараа Парист тэмдэглэхээр болно. Гэвч огт төсөөлөөгүй “Байгаль нуур” луу хот айлаараа аялах адал явдал угтах болно. Энэ тухай “Нийслэл хүүхэн”-3 буюу “Бал сар”-д өрнөдөг.  Уран сайхны кино өчигдөр /2023.01.12/ “Зайсан хилл”-д нээлтээ хийж баяраа тэмдэглэсэн бол өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болж байна.

БАЛ САРЫГ ТОЙРСОН БАЛАГ ДУУСАХГҮЙ 

кино.jpg

Киноны үйл явдал, дээр дурдсанчлан  Гуамарал, Ганзориг нар Парис руу явж чадсангүй. Харин вокзалын буудлаас санд мэнд дөрвөн бүлээрээ “Байгаль нуур” луу аялахаар галт тэрэг хөдөлснөөр үйл явдал өрнөдөг.

Тэдний аялал төсөөлсөн шиг нь байсангүй. Өмнөх хоёр цувралын турш үзэгчдийн хайрыг татсан киноны хамгийн хөөрхөн дүр Тагтаа буюу Сүхээ  вокзалын буудлаас хэтэвчээ суйлуулж, улмаар “бүтэлгүй” дээрэмчдийн хулгайн “олз” нь болдог.

Тэр Ганзориг, Очироо хоёртой вагоноос хоцроод зогсохгүй дээрэмчдийн барьцаанд орно. Хээгүй зан, бондгор төрхөөрөө үзэгчдийн хайрыг булаасан тэр энэ удаа киноны гол “өнгө” байлаа. Үзэгчдийг хамгийн их инээлгэсэн хөгжилтэй  дүр гэхэд болно.  Нөгөөтэйгүүр, Сэлэнгэ аймгийн зүг хөдөлсөн галт тэрэг  мөн л багагүй бартаатай. Гуамарал найз, дүү нартайгаа Сэлэнгэд галт тэрэг түр саатах зуур бууж хорхогны чулуу түүгээд хоцорно. Арайхийн Сүхбаатар өртөөнд бүлээрээ цуглах ч гурван хүн л дутуу. Удахгүй барьцаалагдсан гэх мэдээг Тагтаа дуулгадаг. Тэд төлөвлөгөө боловсруулж, дээрэмчдээс салж, халуун бүлээрээ цуглаж Улаанбаатар хотод баяраа тэмдэглэнэ. 

балаг.jpg

Энэ удаа Гуамарал, Ганзориг нар мөрөөдлийн бал сараа ахин Парист тэмдэглэхээр болдог. Тэд нисэх онгоцны буудалд нислэгээ хүлээх зуур Гуамарал буюу Маралаа ийш тийшээ харангаа өмнөх түүхээ бодож,

Парист хоюулаа болзно

Би тэр үед чамдаа очно.

Гэхдээ би жаахан хоцорно...  гэж дуулахдаа  яарсаар онгоцондоо суухаар явдаг. Гэвч тэдэнд юу тохиолдох бол?

ХАЛУУН БҮЛ БОЛСОН ХОТ АЙЛЫНХАН

хот айл.jpg

Кино театруудад “Оранж”  энтертайнмент, “Номадиа” пикчерсийн хамтын уран бүтээл "Нийслэл хүүхэн"-3 буюу "Бал сар" киноны амин сүнс нь яах аргагүй туслах дүр байлаа. Онцлог нь, олон туслах дүр тоглуулсан нь  гол баатруудаа илүү тодотгож, киног амилуулах шиг болсон.

Эл кинонд нийт 400 гаруй хүний хүч хөдөлмөр шингэсэн гэдгийг уран бүтээлчид тодотгож байв.

Зураг авалтын 70 хувь нь Тэрэлжийн үзэсгэлэнт байгальд, 30 хувь Сэлэнгэ болон Улаанбаатарт хийсэн гэнэ. Эл киногоор гурван жил дараалан дэлгэцээр үзэгчидтэйгээ уулзаж буй уран бүтээлчид өнөөдөр аль хэдийнэ дүрдээ уусч, халуун ам бүл болцгоожээ. Тэд зураг авалт холдоход нэгийгээ үгүйлэн санадаг тухай өгүүлж байсан юм. Киноны нээлтийн үеэр уран бүтээлчидтэй цөөн хором ярилцаж, сэтгэгдлийг нь хуваалцлаа.

      МОНГОЛД   СОЁЛЫГ ТҮГЭЭСЭН  "НИЙСЛЭЛ ХҮҮХЭН"

Ганзориг буюу жүжигчин Р.ОТГОНБАЯР: 

ганзориг.jpg

-Өмнө нь нэг хэсэг хүмүүс намайг  “37-р Точка” киноны Тулгатын дүрээр л баян айлын буруу сэхсэн бацаан л гэж хардаг байсан. Харин “Нийслэл хүүхэн” ОАК гарснаас хойш хүмүүс илүү өөр нүдээр харах болсон санагддаг. Мэдээж ахмад жүжигчдээсээ суралцаж, киноны арын албаныхан жилээс жилд илүү чамбайрсан. Ганзориг бол миний зан ааштай ижил төстэй зан байдаг. Төлөв даруу.

Маралаа буюу жүжигчин Б.МИШЭЭЛ: Маралаа айлын бэр болсон ч эрх танхи зангаа гээхгүй

мишээл.jpg

-“Нийслэл хүүхэн” олон ангит уран сайхны киноны хоёр бүлэг ахуй соёл, уламжлалт зан заншлыг харуулж танин мэдүүлэхийг зорьсон. Тэгвэл бүрэн хэмжээний уран сайхны кино болж байгаагаар онцлог. Мөн хот айлынхан зураг авалтад нийтээрээ оролцсон. Миний хувьд жүжигчний улаан шугамаа алдахгүй байхыг хичээсэн. Өмнөх хоёр бүлэгт Марлаа дүр эрх дураараа дүр нь хүмүүст танигдсан. Тиймээс үүнийгээ жүжигчний хувьд алдахыг хүсээгүй.

Амьдрал дээр ч хүн төрөлх зангаа гээхэд уддаг шүү дээ. Мэдээж айлын бэр болж буй эмэгтэй хүн өөрчлөгддөг болохоор харуулахыг хичээсэн.

Миний хувьд амаржаад нэг сар гаруйн дараа уран бүтээлдээ эргэн орсон. Мэдээж уран бүтээлч жүжигчин хүний хувьд мэргэжлийг минь ойлгож хүндэлдэг ар гэртэй байж илүү амжилтад хүрэх болов уу. Ар гэр, нөхөр минь дэмжээгүй, байхгүй бол магадгүй би энэ гуравдугаар бүлэгт тоглож чадахгүй байхыг үгүйсгэхгүй. Тэдэнгүй би өнөөдрийн Б.Мишээлийг төсөөлж чадахгүй.

Сүхээ буюу Р.СҮХБОЛД: Гар бумбагар болохоор өхөөрдөм харагддаг 

сүхээ.jpg

-“Оранж”  энтертайнментын арын албанд байдаг бүх хүнд чин сэтгэлээсээ баярлалаа. Хүүхдүүд Сүхээг маш сайн мэддэг. Гар бумбагар болохоор өхөөрдөм харагддаг юм шиг байгаа юм. “Нийслэл хүүхэн” цувралыг үздэг хүүхэд багачууд намайг харахаараа “Сүхээ ахаа сайн уу” гээд ирж мэндэлдэг нь их хөөрхөн.

Ажаа дүрээр танигдсан  МУГЖ А.ЦЭГМИД: Ажаагийн дүрээс хойш цүнхэндээ чихэртэй явдаг болсон

ЦЭВ.jpg

-Бид нэгэн гэр бүл шиг л болсон. 56 жилийн өмнө “Өндөр ээж” уран сайхны кинонд 18 настайдаа тоглож байсан бол   өнөөдөр 76-тай ажаагийн дүрийг бүтээж байна. Ажаагийн энэ дүр надад гавьяат жүжигчин хэмээх эрхэм цолыг өгсөн.

Мөн багачууд гудамжинд таарахдаа “Ажаа явж байна”, “Ажаатай зургаа авхуулъя” гэх тоолонд цүнхэндээ чихэр авч явдаг болсон.

Ард түмний хайрыг татсан энэ уран бүтээлд орсондоо баяртай байдаг. Киноны зохиолч нь ээждээ зориулж бичсэн гэдэг. Гэтэл миний буурал ээж, зохиолчийн ээж хоёр эртний ёс заншлыг барьдаг, хатуу чанга үгтэй, малчин эмэгтэй байсан. Үүнийг бодож чадан ядан дүр бүтээлээ. Сайн муу болсныг ард түмэн дүгнэнэ.

МУГЖ С.ӨЛЗИЙХҮҮ: "Нийслэл хүүхэн" маш олон хүнд хүрч,  ахуй соёлыг таниулсан гэр бүлийн кино

өлзийхүү.jpg

-“Нийслэл хүүхэн” бол маш гэгээлэг, хөдөөгийн ахуй соёлыг харуулсан. Ийм цуврал бараг л байхгүй. Үйл явдлууд нь маш гэгээлэг. Бид өөрсдөө энэ киноныхоо зураг авалтаар явах маш дуртай. Зуны гурван сар хот айлын амьдралаар амьдардаг.  

Гурван жил дараалан киноны зураг авалтад орж байгаа болохоор багийнхантайгаар гэр бүл шиг болсон доо. Дүрийн хувьд, мяндсан ухаантай бэр.

Энэ кино бол гэр бүлийн кино юм. Хөдөө аймаг, сумдаар явж байхад хурдхан хонио хотлуулж, үнээгээ саагаарай “Нийслэл хүүхэн”-ээ бөөндөө үзнэ шүү гэцгээх нь их. Үүнээс энэ бүтээл ямар олон хүнийг хамарч чадсан бэ гэдэг нь харагдсан.

МУГЖ жүжигчин М.БАЯРМАГНАЙ: Бид нэгийгээ киноныхоо дүрээр л дууддаг болсон

магнайд.jpg

-Киноны зураг авалтын хугацаанд бид Тэрэлжид амьдарсан. “Нийслэл хүүхэн” киноны баг хамт олонтойгоо хоёр жилийн хугацаанд халуун ам бүл болсон.

С.Өлзийхүү эгчийг би ханиа л гэж дууддаг болоод байна. А.Цэгмид эгчийгээ ээжээ гэх болсон. Дүрээр нь л нэг нэгийгээ дууддаг болсон.

Киноны онцлог миний хүү “Нийслэл хүүхэн”-тэй ханилан сууж бал сараа хийхээр болдог. Мэдээж би харамч дүрээрээ танигдсан бол энэ удаа засарч гар тэнийж эхэлж байгаа. Монголын ёс заншлыг харуулах зорилгоор энэ киног дэлгэцийн бүтээл болж байлаа. Энэ шугамыг алдаагүй.

“Нийслэл хүүхэн” олон ангит дэлгэцийн бүтээл анх 2021 оны нэгдүгээр сард  гарч байсан бол хоёрдугаар бүлэг 2022 онд гарч байв. Эл бүтээл нь үзэгчдийн дунд хүлээлт үүсгэж чадсан юм. Мөн гуравдугаар бүлэг бүрэн хэмжээний уран сайхны кино болсноороо онцлог төдийгүй адал явдалтай ч хар бараан сүүдэргүй, хараалын үг хэллэггүй гэдгээрээ бусад бүтээлээс ялгарч байх шиг.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Санал болгох

Олимпын цуглуулгад зориулсан хувцас худалдаанд гарлаа

Олон улсын олимпын хороо өчигдөр цуглуулгад тусгай зориулсан хувцасны багц танилцуулж, албан ёсоор худалдаанд гаргажээ.

1 өдрийн өмнө
Дэлхийн хамгийн "Баян" ээж ГОВЬ брэндээр гоёлоо

Дэлхийн хамгийн баян ээж гэхээр таны санаанд хэн бууж байна

8 өдрийн өмнө
"АПУ" ХК сагсан бөмбөгийн шилдгүүдийг хувьцаагаар шагналаа

Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн 2022-2023 оны улирлын тоглолтын шилдгүүдийг тодруулах ёслол боллоо.

10 өдрийн өмнө
Тайз дэлгэцийн мэргэжлийн оюутнуудын “3.27” наадам удахгүй эхэлнэ

Уралдаанд СУИС-ийн ТУС, РТМУС, СИТИ дээд сургууль, КУДС, ЗОХИОМЖ дээд сургууль, МҮИС-ийн оролцож шилдгээ шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилийн “3.27” Оюутны их наадам 3-р сарын 26-нд зохион байгуулагдана.

11 өдрийн өмнө