Өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын нийгмийн халамжийн сангийн мэдээгээр төрөөс анхаарал халамж зайлшгүй шаардлагатай 65.6 мянган иргэнд нийгмийн халамжийн тэтгэвэр (288 мянган төгрөг)-ийг сар бүр олгож байна.
Мөн 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 12.8 орчим хүүхдэд 288 мянган төгрөгийг сар бүр олгодог.
Ирэх долоодугаар сарын 01-ний өдрөөс нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 325.0 мянган төгрөг, харин хүүхэд, насанд хүрсэн хүн асарч байгаагаас үл хамааран асаргааны тэтгэмжийн хэмжээг 2023 оны амьжиргааны доод түвшинд хүргэж 275.0 мянган төгрөг болгохоор тооцооллоо.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэхэд 89.3 тэрбум төгрөг нэмж шаардагдах бөгөөд Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой.
Түүнчлэн хүнсний эрхийн бичиг, байнгын асаргаатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улирлын тэтгэмж, цалинтай ээж буюу 0-3 насны хүүхэд асарч байгаа эхчүүдийн тэтгэмж зэрэг мөнгөн дүнг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай халамжийн хөтөлбөрүүд байна.
Засгийн газраас төрийн халамж шаардлагатай зорилтот бүлэгт олгох дээрх халамжийн тэтгэмж бусад тусламжийн хэмжээг төсвийн нөхцөл, боломжид тулгуурлан үе шаттайгаар нэмэгдүүлэхийг зорьж байна.