Үндсэн хуульд Ерөнхийлөгч өөрийнхөө, УИХ өөрийнхөө, Засгийн газар өөрийнхөө эрх мэдлийг нэмсэн, хассан өөрчлөлт санаачлахыг хориглодог. Энэ утгаар Засгийн газраас УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх агуулгатай Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл өргөн барьсныг УИХ хэлэлцэж байна. Найман удаагийн парламентын сонгууль, төлөөллийн чадавх, хууль тогтоох чанарыг харгалзан улс төрийн намуудын зөвшилцлийн үр дүнд 126 гишүүнтэй байх нэг танхимтай парламентын 76-г тойргоос, 50-ийг намын жагсаалтаас сонгодог байх өөрчлөлтийг санал болголоо. Нэг, хоёр дахь хэлэлцүүлгийг хийчихсэн өнөө, маргааш гурав дахь хэлэлцүүлгийг хийснээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл батлагдаж, түүнд нийцүүлэн Сонгуулийн тухай хуулийг яаралтай хэлэлцэн араас нь Улс төрийн намын хууль, УИХ-ын тухай хууль, Дэгийн хуулийг өөрчлөөд явна. Бид нэгэнт төлөөллийн ардчиллыг сонгосных бидний сонгосон парламент хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлнэ гэсэн үг.
Хуулийн чанар
Засгийн газар анх 76+76 буюу 152 гишүүнтэй байх хувилбар өргөн барьсныг хоёр дахь хэлэлцүүлэг дээр иргэдийн санал, намуудын зөвшилцлөөр 76+50 буюу 126 дээр тогтсон. Тоог ингэж нэмэх хэд хэдэн шалтгаан дурдаж байна.
Эхнийх нь, хуулийн чанар. Одоогийн 76 гишүүнтэй парламентын нэг гишүүн 2-3 Байнгын хороонд харьяалагдаж, хажуугаар нь Дэд хороо, түр хороонд хуваарилагдана. Энэ парламентаас 17 нь Засгийн газрын гишүүний болон улс төрийн намынхаа сонгуульт ажилтай. Тойргийнхоо иргэдтэй уулзана, гадаад дотоод томилолтоор явна, нөхцөл байдалтай танилцаж явах хэрэгтэй болно. Сонсгол хийнэ, Цэцийн хуралд хуулиа хамгаалж оролцоно. Зарим гишүүн Монгол-Хятадын, Монгол-АНУ-ын гээд парламентын бүлгийн гишүүний ажил хийж, гадаад харилцаанд дэм болох ёстой байдаг. Хууль санаачлах, хууль тогтоох, иргэдийг төлөөлөх ажлын хажуугаар бичиг цаасны, оролцооны олон ажилтай учраас ачаалал их. Энэ ачааллаас үүдээд парламентаар хэлэлцэгддэг, батлагддаг Монгол Улсын 3.4 сая хүнд үйлчлэх хууль, олон улсын гэрээ конвенц, төрийн чухал бодлогын асуудал дээр нэгбүрчлэн төвлөрөн сууж, үг өгүүлбэр, цэг таслал болгоны үр дагаврыг ухаж судалж чаддаггүй. Амьдралд нийцэхгүй хууль баталлаа, хийдэл, цоорхой гаргалаа гэдэг шүүмжүүд бол хууль тогтоогчдын ажлын толь. Өөрөө дэмжиж баталчихаад дараа нь тэрнийхээ эсрэг ярьдаг, эсвэл хориг тавигдахаар түүнийг хүлээж авахыг дэмжиж үйлдлээ үгүйсгэдэг, санаачилсан хуулиа ч мэдэхгүй булздаг зэрэг асуудал бол тэр хүн хуулиа уншаагүй байна аа л гэсэн үг. Чөлөөт зах зээлд шилжээд 30-аадхан жил болсон, хөгжил дэвшлээр тааруухан яваа Монголд маань дэлхий нийтээр хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ цаг үед шинэ шинэ харилцааг хуульчлах, судлах хэрэгцээ асар их байна. Хурлаас хурал дамжиж суухдаа бусад хурлаар нь хэлэлцсэн хуулийг уншиж, мэдэрч амжилгүй “кноп” дараад бурууддаг явдал байна аа, парламентад. Энэ ачааллыг бууруулж, хуулийн төслүүдэд төвлөрөх цаг олгох, өөрөө амжаагүй ч бусад нь амжсан байх боломжийг бүрдүүлэх нэг шийдэл нь УИХ-ын гишүүдийн тоог нэмж, “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй”-г биелүүлэх явдал болохыг судлаачид ч хэлж байгаа.
Үндсэн хуулийн цэцийн дарга байсан академич Ж.Амарсанаа гуай хэдэн жилийн өмнө сэтгүүлчдэд сургалт хийх үеэрээ хэлж байсан юм. “Ийм ч юмны туршлага судална, тэдний туршлагыг ч авна гээд Монгол төрийн хуулийг гаднынхнаар өөрчлүүлж байна. Монгол ядуу, бусад улсаас зээл, тусламж, хөрөнгө оруулалт гуйна. Хариуд нь нөгөө улс “танайх тэр заалтаа л ингээд өөрчилчих гээд тулгана. Тэр заалтаар хамаг юмаа алдана. УИХ ийм лоббинд өртөхгүй байх дархлаатай болох ёстой гэж. Туршлагатай парламентч Д.Лүндээжанцан гуай чуулган дээр хэлж байсан санагдана, “Нөхөд өө, олон улсын гэрээ, конвенцод нэгдэхдээ болгоомжтой хандах хэрэгтэй байна шүү. Зөрүүлээд ийм ч юм хуульдаа шингээх, ийм ч тогтолцоог төрийн ажилдаа нэвтрүүлэх ёстой” гэдэг үүрэг хүлээчих юм. Тусгаар улс өөрийн гэсэн бодлоготой байх ёстой байтал олон улсын зөвлөмж гээд гадны аль нэг улсын бодлогод үндэснийхээ бодлогыг нийцүүлээд байх юм” гэж. Ер нь хэсэг гишүүн нийлээд нэгнийхээ тархи толгойг эргүүлж лоббидоод Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаснаас хойш хэчнээн жил өнгөрч, хэчнээн жил сэргээх тухай ярьж байна вэ. Хэчнээн жилийн дараа эргээд уул уурхай, аж үйлдвэр, эрчим хүч, хүнсний асуудал, түгжрэлийн шийдлийг тэгэхэд л шийдэх байж хэмээн толгойгоо шаацгааж байгаа билээ. УИХ дээр шүгэл үлээж бусдынхаа хуулийн хулгайг нам харгалзахгүй илчилж чаддаг зоригтон нь хэд билээ. УИХ дахь нэг хэсгийнх нь улс төр, эд хөрөнгийн эрх мэдэл, бусдыг лоббидох чадал их байхад үлдсэн хэсгээ лоббидож хүссэн шийдвэрээ гаргуулж чаддаг, сул хэсэг нь хүчтэйгээ аялдан дагалддаг гажиг тогтолцоо аль ч 76-д нүүрлэж ирсэн. Нэгэндээ хяналт тавих, бас өөр өөрийн үзэл бодол, өнцгөөр солонгорох боломжийг, адаглаад Засгийн газрынхаа барьцаанд орохгүй харилцан хяналттай байх гарц нь гишүүдийн тоог нэмэх явдал.
Хууль тогтоогчийн ажлын хажуугаар УИХ-ын гишүүд “ард түмний элч” буюу төлөөлөгч байх учиртай. Сонгогчдынхоо үгийг чуулган, байнгын хорооны хурал дээр хэлж, ойлгуулж байгаа нь хэд байна вэ. Гэтэл өнөөдөр дарга болчихсон тойргийн уулзалт дээрээ иргэдээ загнаад сууж байна. Тэднийг “дарга” болгож байгаа нөхцөл нь кнопны хүч. 76-хан кнопны нэг нь л төрийн мега төслийг гацаах, хэн нэгэнд өгөхийг дэмжих, аль нэг салбар, бизнесийг татвараас чөлөөлөх, хувьчлал явуулах, аль нэг улсад давуу байдал олгох, 3.4 сая иргэнд нөлөөлөх хууль батлах хүчтэй. 76 гишүүнд төвлөрсөн хүч чадлыг сулруулах, тэдний эрх мэдлийг багасгах нь авлигаас урьдчилан сэргийлэхээс гадна аюулгүй байдлын ач холбогдолтой.
Сонгуулийн тогтолцоо
Парламентын сонгуулийн шалгарсан тогтолцоо гэж байхгүй. Тухайн улс өөрийн газар зүйн онцлог, улс төр, эдийн засаг, геополитик, хөгжлийн зорилгодоо нийцүүлэн сонгуулийн тогтолцоогоо сонгоод явдаг. Манай улс 1992-2020 оны найман удаагийн УИХ-ын сонгуулийн долоод нь мажоритар, нэгд нь холимог тогтолцоог хэрэглэжээ. 1992 оны Үндсэн хуулийг хэлэлцэх үед л холимог тогтолцоог хуульчлах санал гарч байсан, 2012 оны сонгуульд хэрэглэж үзсэн гэхээр энэ бол шинэ зүйл биш, СЕХ ч туршлагатай. Мажоритар, пропорциональ тогтолцоог хослуулах нь газар нутаг, хүн амын төлөөллийг харгалзахаас гадна олон намыг парламентад оруулж ирэх, намуудыг хариуцлагажуулах, нийгмийн бүлгүүдийн төлөөллийг парламентад оруулж ирэх сайн талтай гэж үздэг.
Байгаа нөхцөл байдлаа үзье. Н.Алтанхуяг Ерөнхий сайдтай, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй, Ч.Хүрэлбаатар Сангийн сайдтай байхад Монгол Улсын төсөв Увс, Ховд руу урсдаг байв даа. Одоо яаж байна, Хэнтий, Сүхбаатар руу урсгалаа, бусад нь хүн биш юм уу гээд гомдох нь гомдож, барьцах нь барьцаж байна. Архангайнхан нам, төрд хүчтэй байхад гарсан Хөгжлийн банкны хэрэг саяхан илэрлээ. УИХ-ын гишүүн, сайд, намын хэн хүчтэй нь сонгогдсон жалга дов, тойрог руугаа Монгол Улсын төсвийг татаж, цацаж ирснээс өнөөдөр хөгжлийн нэгдсэн бодлого сул, хийсэн бүтээсэн том төслүүд алга. Утаа түгжрэлдээ баригдсан хот, уух усгүй говь, халзан тал, хаалттай хил, хөгжлөөс хоцрогдсон аймгуудыг улс нэгдсэн бодлогоор, нэг үзүүрт төсвийн дэмжлэгээр аварна. Аманд ч үгүй, хацарт ч үгүй төсөв тарааснаас үлдсэн юмгүй, үлдээсэн өртэй л байна даа бид. Холыг харж хөгжие гэвэл дараа сонгогдохоо бодсон тойргийн гишүүдээ больж, дараа үеээ бодсон Улсын гишүүдтэй болох ёстой.
Мөнгөтэй, сүлжээтэй, популист нь сонгогддог мажоритар тогтолцоогоор ялж ирсэн нь МАН. Сүүлийн хоёр сонгуулиар үнэмлэхүй ялж, төрийг дангаар байгуулав. Найман жил засаглахад бусад намын гишүүд эрх мэдлээс холдож, итгэл найдвар нь хөрсөн байгаа. Эсрэгээрээ МАН сүлжээгээ бэхжүүлэн, ажилтай, орлоготой байлгасан нь тодорхой. Сөрөг хүчин нь туйлдсан, өөрсдөө бярдсан нөхцөлд холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулах нь МАН-ын зүгээс АН, ХҮН, өөр бусад намд боломж олгож байгаа мэт боловч үнэн хэрэгтээ ачаагаа хамт үүрэлцэх арга хайж байгаа хэрэг. УИХ дахь МАН-ын эзлэх хувь багасч, бусад намынх нэмэгдвэл хамтарсан Засгийн газар байгуулах магадлал өснө. Хамтарсан Засгийн газар байгуулбал Засгийн газрыг огцруулах, сайд солих давтамж одоогийнхоос илүү, бас парламентын хууль батлах хугацаа уртасна. Урд хөрш маань 2050 он гэхэд дэлхийд цэрэг, эдийн засгийн хүчээр АНУ-ыг давж нэгдүгээр улс болох зорилтоо зарлачихсан, хойд хөрш маань газар нутгаа гадагш тэлэх хүч хэрэглэдэг суурь түүхтэй. Дундаас нь нүүгээд явахгүй Монгол Улс гуравдагч хөршийн уран бодлого дээрээ дэлхийгээс тусгаарлагдахгүй дэнжигнэж яваа. Олон намын төлөөлөл УИХ-д ороод ирчихвэл нэг нам нь нөгөө рүүгээ чихээд ч хамаагүй тулгарсан хүндрэлийг туулаад явах юм даа гэдэг дахиад нэг өнцөг.
Энэ удаагийн парламент пропорциональ тогтолцоо руу нэг мөсөн шилжихгүй. Нэг үгээр ирэх найман жил энэ асуудлыг сөхөхгүй. Пропорциональ тогтолцоог оруулж ирж байгаагийн нэг шалтгаан нь нэр дэвшигч төвтэй сонгуулиас нам төвтэй сонгууль руу шилжих үсрэлт. Өөрөөр хэлбэл, хувь нэр дэвшигчийн рейтингэд улсыг даатгахаас илүү мөрийн хөтөлбөр, бодлого дэвшүүлдэг намуудыг хариуцлагажуулах тал дээр анхаарчээ гэж дүгнэнэ. 76 гишүүнийг тойргоос сонгодог юм бол 50 гишүүнийг намыг нь дугуйлах замаар сонгох уу, тэр 50-ийн нэр саналын хуудсан дээр нээлттэй бичиж иргэд дотроос нь сугалж сонгох уу гэдэг харин анхаарал татаж байна. Намууд жагсаалтад бичигдсэн улстөрчдөөрөө гоёж өрсөлдөх үү, эсвэл намыг нь дугуйлахад дотор нь хөгийн намтартай улстөрчдийг нуух уу гэдэг дахиад тусдаа. Ямартай ч нийгмийн бүх талын төлөөлөл, ажил мэргэжил, насын бүлэг, хүйсийн тэгш оролцоог хангасан жагсаалт байна гэдгийг аль аль намууд амлаад байгаа.
Тойрог ба мандат
Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны дараа мөнгөтэй, фракцтай нь намынхаа жагсаалтын урдуур эрэмбэлэгдэж, тойрогтоо уначихаад жагсаал руу гулган орж хууль тогтоогч болдог 2012 оны холимог тогтолцооны булхайг давтахгүй гээд байгаа. “Хулгайч” нараа дэвшүүлэхгүй гэж бас эрх баригч нам амлажээ. Мөрийн хөтөлбөр нь таалагдвал намыг нь дугуйл, жагсаалтад багтаасан хүмүүсээ сайд, байнгын хороо, дэд хорооны дарга болгоно гэсэн ухуулга намууд хийх байх аа. Тэгвэл намууд жагсаалтад багтаах хүнээ хэрхэн сонгож, эрэмбэлэх бол. Сонгуулиас хэдхэн хоногийн өмнө нэр дэвшигчээ тодруулж, иргэдэд судлах, танилцах боломж бага өгдөг явдал УИХ-ын бүрэлдэхүүний чанарт сөрөг нөлөөтэй. Нэгэнт холимог тогтолцоогоор улсын ч, намын ч багийн тоглолтыг чухалчилж байгаа бол хамгийн гол нь тойргийн хуваарилалт ба мандатын тоо.
Тойргоо л “усладаг” гишүүдтэй, нөгөө Дарханы замаа л дөрвөн жил ярьдаг гишүүнтэй болчихвол “УИХ-ын гишүүн” гэгдээд ямар хэрэг байх билээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны дараагаар Сонгуулийн тухай хуулийг баталж, улмаар УИХ-ын тогтоолоор тойрог, мандатыг хуваарилж таарна. Одоогийн 76 бол аймаг, дүүргээс сонгогдож байгаа. Тэгвэл шинэ 76-г цөөн хүн амтай, ойролцоох газар нутгийг нэгтгэн сонгуулийн тойрог үүсгэх замаар жалганы гишүүн байдаг явдлаас нь гаргая. Мажоритар тогтолцоогоор сонгогдох гишүүдээ хэдэн сумын биш хэдэн аймгийн төлөөлөл болгоё гэсэн үг. Тойргуудыг нэгтгэснээр хүн ам их, газар нутаг уудам аймгууд, нийслэлийн олон мянган хүн амтай дүүргүүдийн мандатыг нэмж болно. Жишээ нь, 79 мянган хүнтэй Хэнтийд гурван мандаттай байхад 137 мянган хүнтэй Хөвсгөл аймаг мөн л гурван мандаттай. 84 мянган хүн амтай Увс гурван мандаттай байхад 115 мянган хүнтэй Өвөрхангай гурван мандаттай байгаад төлөөллийн зарчим харилцан адилгүй байгааг харуулж байна. УИХ-ын гишүүдийн тоог нэгэнт нэмэх гэж байгаа юм бол нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн мандатыг буюу тэндээс сонгогдох УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зүйд нийцнэ. Мажоритараар сонгогдох УИХ-ын гишүүдийн төлөөлдөг иргэдийг хүн ам, тойргийн газар нутгийг харгалзан мандатыг дахин хуваарилж, ачааллыг тэнцвэржүүлэхгүй бол УИХ-ын гишүүний тоог нэмэхийн хэрэг бас юусан билээ.
Г.Улсболд