Өл зогоосон үдийн хоолны өртөг өнөөдөр “Атар” талхны ч үнэ хүрэхгүй байна. Ердөө 1500 төгрөгийг төр багачуудад төсөвлөж байгаа нь “үдийн хоол” гэж хэлэхэд ч ичмээр. Гэхдээ энэ бол төсөв нэмэгдэж, цай нь хоол болж өөрчлөгдсөн дүн. 2019 онд “үдийн цай” 900 төгрөгийн төсөвтэй байсан бол 2021 онд 600 төгрөгөөр нэмэгдэж 1500 төгрөг болсноор “үдийн хоол” нэртэй болсон юм. Энэ үед сурагчдын хоол талхны үнэтэй дөнгөн данган дүйж, мах магнаг болоогүй байв. Харин өнөөдөр “Атар” талх, атга махны үнэ өссөн ч “үдийн хоол”-ны өртөг нэмэгдсэнгүй, бахь байдгаараа. Халаас тэмтэрсэн үнийн өсөлт одоо ч хэвээрээ байхад өртөг нь нэмэгдээгүй үдийн хоолонд шим тэжээл, чанар яриад ч хэрэггүй. Үүнийг салбарын яам нь хүртэл үгүйсгээгүй. Ерөнхий боловсролын сургуулийн 10 хүрэхгүй хувь нь л мэргэжлийн хоолзүйчтэй байна.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Улс орны эдийн засгийн байдал, цар тахал, үнийн өсөлтөөс шалтгаалан хүүхдүүд авах шаардлагатай шим тэжээл, илчлэгийн дөнгөж 50 хувийг авч байна” гэсэн юм.
Үргэлжлүүлэн ярихдаа “2022 онд хүүхдийн хоол хүнс, түүхий эд бүтээгдэхүүний худалдан авалтын судалгаагаар Ерөнхий боловсролын сургуулийн 76.1 хувь нь хүнсний түүхий эд бүтээгдэхүүнүүдийг гэрээт компани, 28.1 хувь зах худалдааны төвөөс үлдсэн нь бэлэн бүтээгдэхүүн авч байна. Хоолны үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн 40 орчим хувь нь шинжилгээ баталгаагүй байгаа нь хүүхдийн хоолны чанар аюулгүй байдалд эрсдэл учруулах бодит нөхцөл байдал нүүрлэж байна” гэсэн юм.
Боловсрол шинжлэх ухааны яамны мэдээлснээр 2022-2023 оны хичээлийн жилд 176.5 тэрбум төгрөгийг үдийн хоолонд санхүүжүүлжээ. Үүнийг задалбал,
- Цэцэрлэгийн хоолны зардалд нийт 72.6 тэрбум төгрөг ба Нэг хүүхдийн хоолны зардал 2475-3600 төгрөг
- Үдийн хоолны зардалд 74.5 тэрбум төгрөг ба бага ангийн сурагч 1500 төгрөг
- ЕБС-ийн дотуур байр, хоолны зардалд 25.5 тэрбум төгрөг ба сурагчийн хоол 4000/4300 төгрөг
- МСҮТ-ийн дотуур байр 3.9 тэрбум төгрөг ба нэг хүүхдийн хоол 3.9 тэрбум төгрөг тус тус төсөвлөжээ.
Үнэндээ 2006 оноос хойш хэрэгжиж буй “Үдийн цай” нь “үдийн хоол” болсон ч үнэн төрх нь өөрчлөгдсөнгүй. Багачууд нь хоолондоо цаддаггүй, хоолны салбарынхан ашиг хараад удлаа. Хүүхдүүд хар цай, хатсан боорцог, аяга шөлнөөс хэтрэхгүй, өдрийг барж байхад бид ийм хоол иддэг бил үү?
Цайны газар, ТҮЦ-ээс ч 1500 төгрөгт тохирсон шинэ хуушуур, мантуун бууз авч чадахгүй. Аль ч хоолны газарт таваг хоолны үнэ хамгийн хямд нь л 10000 төгрөг байгаа. Ямар ч байсан 1500 санхүүжилтээр амттай, порц ахиутай хоол гаргах боломжгүй. Цаашид хоолны өртөг зардлыг нэмэгдүүлэх, хоолзүйчдийг бодлогоор дэмжих, сургууль, цэцэрлэг мэргэжлийн гал тогоотой болох зэрэг олон асуудал “Үдийн хоол”-ны ард байна. Энэ асуудлаар анх удаа “Хүүхдийн хоол” чуулганд салбар салбарын төлөөлөл хэлэлцэж байгаа юм. Соёлын төв өргөөнд болж буй эл чуулганд төрийн захиргааны байгууллагууд, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн, нийслэлийн сургууль цэцэрлэгийн төлөөлөл, хүнс үйлдвэрлэгчид зэрэг 1000 гаруй хүн нэгэн дор цуглаж хамтдаа гарц шийдэл хайж байна. Ямар ч байсан 1500 санхүүжилтээр амттай, порц ахиутай хоол гаргах боломжгүй, уг зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай болох талаар салбарынхан санал нэг байгаа юм.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд яамны зүгээс 20 гаруй эрхзүйн бичиг баримт боловсруулсан. 2023 оны тавдугаар сард цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих шаардлага үндэсний стандартыг шинээр боловсруулан батлуулаад байна. Ингэснээр сургууль, цэцэрлэгийн гал тогоо, хоол үйлдвэрлэлд тавих шаардлага тодорхой болж тодорхой төсвийн үр ашигтай байдалд шууд нөлөөлөх юм. Мөн цаашид хүүхдийн хоолны чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд
- Хүүхдийн хоолны өртөг зардлыг нэмэгдүүлэх, санхүүжилтийн хэлбэрийг судалж шийдвэрлэх
- Хоолны зардлын тодорхой хувийг эцэг эх асран хамгаалагч гаргах
- Хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого
- Хүний нөөцийг хангах, гүйцэтгэлд суурилсан урамшуулал олгох
- Хоол үйлдвэрлэлийн стандарт хангуулах, зарим ерөнхий боловсролын сургууль дотуур байрны гал тогоог нэгтгэх, үр ашгийг сайжруулах бодлогын шийдэл гаргах шаардлагатай
Одоогоор “Үдийн хоол” хөтөлбөрт 380 гаруй мянган хүүхэд хамрагдсан бөгөөд цаашид 1-12 ангийн бүх сурагчдыг хамруулахаар ажиллаж байна гэлээ.
Үдийн хоол одоо асуудалтай, маргаан дагуулдаг нь арилжааны бус байх ёстой хүүхдийн хоолыг арилжааныхтай хольсноор нэг талдаа бизнес болж нөгөө талдаа орчин нөхцөл нь бүрдээгүй буруутгах аргагүй нөхцөл үүссэнийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Хүүхдийн хоолны өртгийг хэчнээн нэмсэн ч арилжааны бус байвал эл асуудал шийдэгдэхгүй бололтой.
Б.ЦЭЦЭГ