Ч.Хүрэлбаатар:"Рио Тинто" группийн ТУЗ-ийн дарга Монголд ирнэ

2023 оны 7 сарын 52023-07-05
Ч.Хүрэлбаатар:"Рио Тинто" группийн ТУЗ-ийн дарга Монголд ирнэ

Монголын эдийн засгийн форум 13 дахь жилдээ энэ сарын 9-10-ны өдрүүдэд болох юм. Тэгвэл тус форумын онцлог, ач холбогдлын талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Сүүлийн 32 жилийн хугацаанд Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр багагүй арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Хууль эрхзүйн орчныг таатай болгохыг хичээсэн. Мэдээж Covid-19 цар тахлын үед түр хойшлуулаад байсан. Бусад үед энэхүү чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж ирсэн.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад нийтдээ 41.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байдаг.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад орж ирж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд буурсан. Тэгэхээр хөрөнгө оруулалтыг татах чиглэлд төр засаг, хувийн хэвшил хичээж ажиллах ёстой. Монгол Улс дэлхийн бусад орнуудтай хөл нийлүүлж, хөгжих ёстой. Тиймээс энэхүү форумаар дамжуулж гадаадын хөрөнгө оруулалтыг татна.

Бид хуулиа тодорхой болгож, дэлхийн бусад улс орнуудын хөрөнгө оруулагч нарыг татахын тулд өрсөлдөөний таатай орчныг бий болгохоос гадна Хөрөнгө оруулагчдыг урьж, нүдээр нь үзүүлж, харуулах боломжийг олгодогт  чуулга уулзалтын онцлог оршино.

Эдийн засгийн форумд зориулж тусгайлсан аппликейшныг ажиллуулж байна. Түүнд оролцогчид, зочид бүртгүүлнэ. Одоогийн байдлаар 1700 орчим оролцогчид оролцохоор байна. Үүнээс 700 орчим нь хувийн хэвшил, ивээн тэтгэгч байгууллага, эрдэмтэн судлаач болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл байна.

500-600 нь гадаадаас Монгол Улсыг зорин ирж байгаа хөрөнгө оруулагчид, томоохон компани, банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчид ирнэ. 

Үлдсэн 400 орчим хүмүүс нь төр, засгийн төлөөлөл оролцоно. Төлөөлөл дотор Европ, Австрали, БНСУ-ын парламентын гишүүд ирж, зарим улсын худалдааны сайд, эдийн засгийн яамдын төлөөллүүд  ирж байгаа.

Эдийн засгийн форумд олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна. Дөрвөн үндсэн хэлэлцүүлэг хийгдэнэ. Үүнийг дагаад 15 салбар хэлэлцүүлэгтэй. Мөн дугуй ширээний  хаалттай ярилцлагууд явагдана. Засгийн газрын удирдлагууд, шийдвэр гаргагч нар, тухайн салбарт манлайлал болон ажиллаж байгаа хүмүүстэй нүүр тулсан ярилцлагууд хийгдэнэ.  Монгол Улсын индекст эзэлж буй байр сууринд хүмүүс саналаа илэрхийлж, хэрхэн олон улсын индексийн байр сууриа нэмэгдүүлж болох талаар мөн хэлэлцүүлгийг хийнэ.Үүнээс  гадна хамгийн гол нь Монгол Улсад хэрэгжүүлье гэж бодож байгаа төслүүдийн танилцуулгыг хувийн хэвшил хийх тусгайлсан тайзыг бэлдэж өгч байгаа.

Энэ жил Оюутолгойн гүний уурхай ажиллаж байгаа. Оюутолгой компанитай холбоотой олон зочид ирж байгаа. Олон банкны санхүүжилтээр боссон том бүтээн байгуулалт.

Тэгэхээр Рио Тинто группийн ТУЗ-ийн дарга, захирлуудын зөвлөлийн гишүүд ирнэ. Нийтдээ дэлхийн 43 банкны төлөөлөл ирнэ. 

Тиймээс Монголд гадаадын банкыг оруулж ирэхэд хамгийн таатай нөхцөл бүрдэж байна.  Монголын Төв банк олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын төлөөлөлтэй идэвхтэй сайн уулзаж байна. Гадны банкыг Монгол Улсад урьж оруулж ирэх, хамтарч ажиллах, бололцоог энэ удаагийн эдийн засгийн чуулган гаргаж өгч байгааг онцолж хэлмээр байна. Тиймээс цаашид Монгол улсын эдийн засгийг сэргээх, өсөлтийг хурдасгах, хөрөнгө оруулалт татаж, ард түмний орлогыг нэмэгдүүлэхэд дээрх арга хэмжээ чухал үүргэ гүйцэтгэнэ гэж үзэж байгаа" гэв. 

 

Санал болгох