Эцэг эх асран хамгаалагчдыг 0-5 насны хүүхэдтэйгээ хамт өдөр бүр дор хаяж 15 минут ном уншихыг уриалдаг Үлгэрийн цаг аяны хамт олон Аварга том ортой үлгэрийн цаг арга хэмжээг энэ сарын 12,13-ны амралтын өдрүүдэд гурав дахь удаагаа үнэ төлбөргүй зохион байгуулж дууслаа.
Нийслэлийн зүүн бүст амьдардаг эцэг эх хүүхдэд зориулсан тус арга хэмжээнд 220 гаруй хүүхэд оролцож 2 өдрийг үлгэрийн ертөнцөөр аялж өнгөрүүлсэн юм.
Аварга том орон дээр бүжиглэдэг усны үхэртэй, хөгжимддөг мэлхийтэй, одтой, сартай, фламинго шувуу болон супер өттэй аялж өнгөрүүлсэн хоёр өдөр хүүхэд багачуудын нүдэнд гэрэл цацруулж, мартагдашгүй дурсамжийг бүтээжээ.
Тус арга хэмжээг Лоринэт сангийн санхүүжилттэйгээр Азийн сангаас хэрэгжүүлж буй “Хамтдаа уншицгаая” төслийн хүрээнд “Whyze” агентлаг хамтран зохион байгуулдаг билээ.
Бага насны хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчид цаг нартай уралдан амьдардаг. Өдөр тутмын зайлшгүй хийх ажлууд дундардаггүй нь үнэн ч, хүүхдэдээ ном уншиж өгөхийг та хэр чухалчилдаг вэ?
Өдөр бүр хүүхэдтэйгээ дор хаяж 15 минут ном уншихад л хүүхэд тань ирээдүйд бүтээлч, энэрэнгүй, сониуч нэгэн болж, идэвхтэй сурагч болон төлөвшдөг байна.
0-5 насны хүүхдэд ном хэрхэн нөлөөлдөг вэ?
Гэр бүлийн эерэг харилцааг дэмжинэ.
Ном уншиж буй хүнтэйгээ сэтгэлийн нандин холбоо үүсэх том боломж байдаг ба гэр бүлд дулаан уур амьсгалыг бий болгодог.
Сургуульд ороход бэлтгэнэ.
0-5 настайд нь тогтмол ном уншиж өгдөг байсан хүүхэд сургуульд орохдоо бичиг үсэг тайлагдсан байдаг ба хичээлийн хоцрогдолд ордоггүй.
Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ.
Ямар ч асуудлыг шийдвэрлэж, бэрхшээлийг даван туулах чадварт бүтээлч сэтгэлгээ хамгийн чухал.
Та бага насны хүүхдэдээ ямар ном сонгож, хэрхэн уншиж өгөх аргаа олохгүй байвал 15 минут аяны вебсайтаар зочлон зөвлөгөө мэдээллүүдийг авах боломжтой.
Түүнчлэн нас насны хүүхдэд тохирсон 10,000 гаруй үлгэрийг үнэгүй багтаасан Let’s Read аппликейшнийг гар утсандаа суулган өдөр бүр хүүхэдтэйгээ дор хаяж 15 минут хамтдаа ном уншаарай