ХҮН намаас ЕБС-ийн дүрэмт хувцсыг халж, поло футболк өмсгөх санал гаргав.
----------------------------------------------------------------------
ХҮН намын ТУЗ-ийн гишүүн Ц.Алтансор "Одоо ЕБС-д өмсөж буй дүрэмт хувцас нь хүүхдийн биед саад учруулж, хөлс гадагшлуулдаггүй. Мөн өндөр үнэтэй буюу 100-250 мянган төгрөгийн үнэтэй. Олон улсад эцэг эхчүүд, сургуулийн захиргаа, хүүхдүүд ярилцаад, санаа гаргаад өөрсдөө дүрэмт хувцсаа сонгодог жишиг бий. Жишээлбэл, Англи, Финландад логогүй, зөвхөн өнгө зааж өгөөд амьжиргааны түвшнээс хамааран худалдаж авдаг. Тухайлбал, поло футболк нь энгийнээс гадна биед тав тухтай, хичээлийн дараа ч өмсөх боломжтой. Өнгийг нь зааж өгөөд эцэг эхчүүдэд сонголтыг нь өгмөөр байна.
Поло футболк нь 15-30 мянган төгрөгийн үнэтэй. Тиймээс дүрэмт хувцсыг шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэн гэж үзэж байна.
Нэг хэвшмэл, баригдмал, цөөн үйлдвэр цөөн тоогоор гаргадаг, эрэлт, өртөг өндөртэй байгаа тул энэхүү санаачилгыг гаргаж байна. Энэ санаачилгыг 2000 гаруй хүн дэмжиж буйгаа илэрхийлсэн" гэдгийг онцлов.
ХҮН намын Удирдах Зөвлөлийн гишүүн П.Наранбаяр "Дүрэмт хувцсаа өөрсдөө сонгох боломжийг эцэг эхчүүдэд олгооч гэж хэлмээр байна. Ялангуяа бага насны хүүхдийн хөдөлгөөнд нь саад болохгүй хувцас санал болгож, өнгө ижилсүүлж, сургуулийн зөвлөлд сонголт хийх боломж олгомоор байна. Ингэснээр бүгд дүрэмт хувцас өмсөхгүй гэсэн үг биш. Зөвхөн сонголтыг нь эцэг, эхэд өгөөч л гэдэг асуудлыг ярьж байгаа юм. Сурагчдын одоо өмсөж буй дүрэмт хувцас нь хүүхдийн хөдөлгөөнийг хорьдог. Хүүхдүүдийн хөдөлгөөнд саад болохгүй дүрэмт хувцас яагаад байж болохгүй юм бэ? Намар болохоор л дүрэмт хувцастай холбоотой асуудал яригддаг. Салбарын яамны хувьд ч гэсэн энэ ярианаас салах боломж байна.
Дүрэмт хувцасны стандарт 10 жил өөрчлөгдсөнгүй. Зарим хувийн сургуулиуд өөрсдийн онцлог бүхий дүрэмт хувцсыг шийдвэрлэсэн. Энэхүү эрхэд халдаж байгаа зүйл байхгүй" гэв.