Нэгэн үе “Азийн цагаан дагина” хэмээн нэрлэгдэж байсан нийслэл хот “Саарал хот” нэр зүүсээр олон жилийг ардаа үджээ. Хүйтний улиралд санаж, дулааны улиралд мартчихдаг утааны талаар бид олон жил ярьсаар чихэнд дасал болж. Уг нь 2019 онд сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр Улаанбаатарын утаа харьцангуй буурсан ч сүүлийн үед чанар нь муудсан гэдгийг хэн хүнгүй ярьцгааж байна. Үе, үеийн удирдлагууд утаа ихэссэн шалтгааныг салхи руу чихэхээс биш шахмал түлшний чанарыг сайжруулах талаар дорвитой юм хэлж байсан удаагүй.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн наймдугаар сарын 9-нд "Шахмал түлшний чанарыг сайжруулна. 177 тэрбумаар Хятадаас хагас коксжсон нүүрс авч, туршилт хийнэ" гэж яриад нийгэмд ад болсон.
Зарцуулалт, нийгэм эдийн засгийн үр ашиг нь тодорхой бус учир мөнгө угаалт гэж хардах хүмүүс ч олон байсан биз.
Улмаар хэл ам, хэрүүл маргаан дагуулаад байсан коксожсон нүүрсийг хэрэглээнд үе шаттай нэвтрүүлэхийг Засгийн газар наймдугаар сарын 30-нд дэмжсэн байдаг. Ингэхдээ 177.5 тэрбумыг багасгаж 32 тэрбум болгосон. Эхний ээлжид 12 дугаар сарын 15-наас нэгдгээр сарын 31 хүртэлх 45 хоногийн хугацаанд Нисэх, Яармагийн орчим, Налайх дүүрэг болон Дархан-Уул аймгийн гэр хорооллын 26.825 айл өрхүүдийг хагас коксон шахмал түлшээр хангана. Үүнд 24.500 тонн хагас кокс, асаагчийн зардалд нийт 32 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах талаар албаныхан дуулгасан.
- Хятадын үйлдвэрийг харахаар бахархам, Монголоо бодохоор халаглам -
Тиймээс коксожсон нүүрсний үйлдвэрийн шат дамжлага бүтээгдэхүүн үйлдвэрлэх явц хэрхэн бүтдэг талаар сурвалжлахаар “Тавантолгой түлш” ХХК-ийн ажилчдын хамт Хөх хотыг зорив. Бид гурван үйлдвэрээр орсноос онцолж бичихийг хүссэн нь БНХАУ-ын Шаньси мужийн Shenmu Energy Development компанийн хагас коксын үйлдвэр.
Тус үйлдвэр нь байгуулагдаад 24 жил болж байгаа бөгөөд 2017 оноос эхлэн хүрэн нүүрснээс хагас кокс, давирхай болон эрчим хүч үйлдвэрлэдэг болсон гэдгээрээ бусад үйлдвэрээс онцлог байв.
Нүүрс олборлохоос эхлээд эцсийн бүтээгдэхүүн болох хүртэлх үйл явц энд өрнөдөг гэж бодохоор бахархам, Монголоо бодохоор халаглам.
Shenmu Energy Development компанийн хагас коксын үйлдвэр нь 200 мянган тонн хагас кокс боловсруулах хүчин чадал бүхий дөрвөн зуухтай жилд 800 мянган тонн хагас кокс, 700 сая м3 шатдаг хий, 60-80 мянган тонн давирхай үйлдвэрлэдэг. Үйлдвэрийн зорилтот бүтээгдэхүүн нь цахилгаан эрчим хүч давирхай бөгөөд хагас кокс нь дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэх. Үйлдвэрээс гарч буй хийг цэвэршүүлэн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг, давирхайг тусгай тээврээр давирхай боловсруулах химийн үйлдвэрт нийлүүлдэг.
Хагас косксожсон нүүрс нь хэмжээ, зориулалтаасаа хамаараад үнэ нь харилцан адилгүй. Жишээлбэл, үйлдвэр, хоол хүнс, иргэдийн хэрэглээнд гэх гурван төрөл.
Хоол хүнсэнд хэрэглэдэг коксожсон нүүрс нь утаа гаргадаггүй, цэнхэр дөл л үзэгддэг юм байна лээ.
Эндэхийн иргэд хагас коксын зууханд коксожсон нүүрсээ түлдэг. Зуухаа ч дээрх компани өөрсдөө үйлдвэрлэдэг. Нүүрсээ 25 кг-ийн уутанд савладаг бөгөөд 1 тоннд 40 шуудай нүүрс ордог. 1 тонн нь 3500 юань гэдэг нь 1.6 сая төгрөг гэсэн үг. Нүүрсний төрөл, том жижиг хэмжээнээсээ шалтгаалаад кг тутамд 3000-4000 юань буюу 1.4-1.5 сая төгрөгөөр ялгаатай. Асаагч гэхэд 1 тонн нь 10.000 юань буюу 4.7 сая төгрөгөөр зарагдаж байх жишээний.
- Коксын үйлдвэрийн 90 хувь нь автомат удирдлагатай -
Үйлдвэрлэсэн коксожсон нүүрсээ БНХАУ, Саудын Араб, БНСУ, Австрали руу экспортолдог. Өөр нэг онцлог нь аль 24 жилийн өмнө үйлдвэрээ байгуулахдаа бохир ус цэвэршүүлэх системийг шийджээ. Энэ жилээс сүүлийн үеийн технологиор системээ шинэчилэхээр зэхэж буй.
Хагас коксын үйлдвэрийн 90 хувь нь бүрэн автомат удирдлагатай. Өөрөөр хэлбэл, нүүрс угаахаас эхлээд савлагдаад агуулах руу оруулах хүртэл үйл ажиллагаа нь автомат.
Аж үйлдвэрийн салбараар тэргүүлэгч улс аргагүй өөр юм. Мэлмий нээж, атаархал төрөм. Тус үйлдвэрийн дарга "Нүүрсийг зөвхөн шатааж эрчим хүч үйлдвэрлэхээс гадна түүнийг байгалийн органик түүхий эд болгон үйлдвэрийн аргаар боловсруулж нэмүү өртөг шингэсэн эрэлт хэрэгцээ ихтэй бүтээгдэхүүнүүд болох нүүрсний баяжмал, кокс, хагас кокс, идэвхжүүлсэн нүүрс, кальцын карбид, нийлэг шингэн ба хийн түлш, ацетилен болон бусад химийн нэгдлүүд гарган авдаг үйлдвэрүүдийг хөгжүүлэх нь улс орны эдийн засгийн ирээдүйн хөгжлийг хангах чухал асуудлуудын нэг юм.
Эдгээр үйлдвэрүүдийг барьж байгуулахад шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээ их бөгөөд бидний ярьж заншсан жижиг, дунд үйлдвэр цехийн маягаар байгуулах боломжгүй тул төр засгийн нэгдсэн бодлого төлөвлөлтийн үндсэн дээр улсын, хувийн томоохон хөрөнгө оруулалтыг ашиглах зайлшгүй шаардлагатай" гэдгийг онцолж байсан юм.
- Монгол Улс хагас коксын үйлдвэртэй болж чадах уу -
Засгийн газар 2022 оны наймдугаар сард “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, компанийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, ашигтай ажиллуулах зорилгоор хагас коксын үйлдвэр барих шийдвэр гаргасан. Тухайн үед албаны мэдээнд дурдсанаар "Хагас коксын үйлдвэрийг байгуулснаар 17 МВт-ын хүчин чадал бүхий хийн цахилгаан станц, 80 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц бий болохоос гадна жилд 700 мянган тонн хагас коксжуулсан нүүрс экспортлох, түүнчлэн жилд 65 мянган тонн дизель түлш үйлдвэрлэх боломжтой. Мөн нарийн мэргэжлийн, өндөр цалинтай ажлын байр олноор бий болно. Дээрх шийдвэрийн дагуу “Багануур” ХК, “Шивээ овоо” ХК-ийн аль тохирох байршлыг нь түшиглэн Хими технологийн салбарыг хөгжүүлэх, хагас коксын үйлдвэр байгуулахаар ТЭЗҮ нь гарч, эхний ээлжийн санхүүжилт нь шийдэгдээд байгаа" гэж мэдээлж байсан.
Гэвч өдгөө ТЭЗҮ эцэслэгдээгүй. Ирэх есдүгээр сарын дунд гэхэд бэлэн болно гэх. Томоос жижиг дээр бууна гэдэг шиг анх 3.2 сая тоннын хүчин чадалтай хагас коксын цогцолбор үйлдвэр барина гэж байв. Харин өнөөдөр 650 мянган тоннын хагас коксын үйлдвэрийг барихаар яригдаж байна.
- Хонх нь дуугарахад дамар нь таг гэдэг шиг юм болох вий -
"Тавантолгойн түлш" ХХК-ийнхан "600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг гадны компани Багануурын уурхайг түшиглэн барина. Үйлдвэр хагас кокс, давирхай, хий зэрэг гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Хий нь ойролцоогоор 30-50 мвт-ын цахилгаан, 1.2 сая тонн хагас кокс боловсрлууах ба өнөөгийн байдлаар эхний ээлжид 600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөж байна. Хагас коксын үйлдвэрийг барихад 16-18 сар шаардлагатай. 2023 оны дөрөвдүгээр улиралд тендерийг зарласан тохиолдолд 2024 оны нэгдүгээр улиралд тендерийн компани тодорхой болно. Ингээд 2025 оны зургадугаар сарын сүүл гэхэд хагас коксын үйлдвэртэй болно" гэх өөдрөг төсөөлөлтэй байна.
Өөдрөг гэж хэлсний учир нь бид боловсон хүчнээ бэлтгэж чадаагүй өдийг хүрсэн нь энэ салбарынхны толгойны “өвчин” болжээ. Энэ чиглэлийн мэргэжилтэн, судлаачид улсын хэмжээнд 50-100 хүн дотор эргэлддэг гэнэ.
Харин 100 хүн гэдэг БНХАУ-ын нэг үйлдвэрт ажилладаг мэргэжилтнүүдийн л тоо. Тухайлбал, дээрх Shenmu Energy Development компанийн коксожсон нүүрсний үйлдвэрт нүүрс, химийн судалгааны дэвшилтэт лабораторийн мэргэжилтэн, 27 техникч, 100 гаруй ажилтан ажилладаг. Харин Монголд коксын үйлдвэр байхгүй учраас тэдгээр хүмүүс зөвхөн судалгаа, лабораторийн түвшинд л ажиллаж байна. Зарим нь өөр эрэлттэй мэргэжлээр ажиллаж буй.
Тиймээс энэ салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарлаа хандуулахгүй бол хонх нь дуугарахад дамар нь таг гэдэг шиг юм болох вий.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 онд аж үйлдвэржилтийн сэргэлтийн тухай "Өнөөдөр Монгол Улс байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас худалдан авч байгаа нь аж үйлдвэржилтийн бодлого алдагдсаны гашуун сургамж юм. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулна" гэдгийг онцолж байсан юм.
Өнгөрсөн хугацаанд шаваа тавьж туузаа хайчилсан цөөнгүй бүтээн байгуулалтууд өнөөдөр сураггүй болжээ. Зарим бүтээн байгуулалт шиг цаасан дээрээ "өтөлдөг" жишгийг хагас коксын үйлдвэрийн бүтээн байгуулалт битгий давтаасай.
Э.СОСОРБУРАМ