Ардчилсан намын өнөөдрийн цаг үеийн мэдээллээр Тэргүүн дэд дарга С.Баярцогт мэдээлэл өгөв. Тэрбээр хэлсэн үгэндээ “АН-ын хоёр дахь давлагааг эхлүүлж байна. 2024 оны сонгуулиар Ардчилалын анхдагчид байр сууриа хоёр дахь үедээ шилжүүлнэ. Үүнийг бид ардчиллын дахин сэргэн мандалтын эхлэл гэж нэрлэж байгаа юм.
1980, 90-ээд оныхон манай намын удирдлагад орж байгаа нь маш том өөрчлөлт” гэдгийг онцлов.
Түүний хэлснээр Монгол Улс сөрөг хүчингүй бол авторитар тогтолцоо руу шилжих дүр зурагтай байна.
Энэ тухайд ярихдаа “Нэг нам хэт үнэмлэхүй олонхиор 2 дараалан ялалт байгуулсан тохиолдол зөвхөн өнгөрсөн хоёр сонгуулиар гарсан.
Энэ байдал удаан үргэлжилж бодитоор сөрөг хүчингүй байвал манайх аажимдаа авторитар тогтолцоо руу шилжих дүр зураг харж байгаа. Тиймээс одоогийн АН-ын гишүүд намын удирдагчдын зүгээс хариуцлагын асуудал юм. Өөрөөр хэлбэл, ардчилалын баян бүрд хэмээх Монгол орныг энэ хэвээр авч хадгалж үлдээж чадах уу, хүний эрх, хувийн өмч, чөлөөт зах зээл, авлигагүй төр тогтцолоог хамгаалах, төгөлдөржүүлэх нь АН-ын үүрэг. Иймд бодлогын өөрчлөлтийг энэ оноос эхлэн үзүүлнэ.
Бид хамгийн том дүгнэлт хийсэн зүйл нь, АН эв нэгдэлгүй байх үедээ ялагдал хүлээдэг. Эргээд улс орны хөгжилд сөргөөр нөлөөлдөг гэдгийг өгөрсөн долоон жилийн хугацаанд харлаа.
Үүн дээр маш бодит дүгнэлт хийж өөрчлөлтүүд гаргалаа” гэсэн юм. Тэр мэдээллийнхээ эхэнд “Монголын улс төрийн намуудын амьдралд гурван том хуулиар бүхэлдээ өөрчлөлт орж байгаа. Нэгдүгээрт, Үндсэн хуульд өөрчлөлт орж УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосон, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль батлагдсан. Улс төрийн намын тухай хууль, Үндсэн хууль батлагдсантай холбоотой ҮБХ 504 гишүүнтэй болж байгаа. Анх удаа энэ хэмжээнийн бүрэлдэхүүний хүрээнд хурал боллоо” хэмээв.
Б.ЦЭЦЭГ