Улаанбаатар хотын багц хуулийг боловсруулж байна

2023 оны 9 сарын 132023-09-13
Улаанбаатар хотын багц хуулийг боловсруулж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Сүхбаатар дүүргийн төрийн албан хаагчидтай уулзаж, Гурван суурьт хөтөлбөрийг танилцуулав. Уулзалтад тус дүүргийн ИТХ, ЗДТГ, хороо, хэсэг, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл болсон 540 гаруй төрийн алба хаагч оролцсон юм.

Уулзалтын эхэнд Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа дүүрэгт хийж, хэрэгжүүлж буй ажлуудын талаар товч танилцууллаа. Сүхбаатар дүүрэг нь 20.8 мянган га газар нутаг, 20 хороо, 38,639 өрх, 145,258 хүн амтай. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтын дийлэнх буюу 44 хувийг эрүүл мэндийн салбарт, түүний дараагаар 25 хувийг амьдрах орчныг сайжруулах бүтээн байгуулалтад зарцуулж байна. Үүнээс онцолбол, гэр хорооллын шороон замыг засварлан авто зам тавьж, гурван га бүхий спорт цогцолбор байгуулж, дүүргийн Нэгдсэн эмнэлгийг барьж буй юм.

Хотын дарга ажлаа авснаасаа хойш шалтгаанд суурилсан шийдлүүдийг гаргахын тулд эрүүл засаглалыг хөгжүүлж, эдийн засгийг чадавхжуулж, эрх зүйн орчныг шинэчлэх зарчим бүхий Гурван суурьт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эрх зүйн хөтөлбөрийн хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулсан юм.

Ингэснээр хотын эрх зүйн чадамж сайжирч, эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургуулийн эрдэмтэн, багш нар, олон улсын судалгааны байгууллагуудын оролцоо бүхий Бодлогын судалгаа, шинжилгээний төв Нийслэлийн Засаг даргын дэргэд ажиллах болсон. Үүний үр дүнд нийслэлийн удирдлагын багийн шийдвэр судалгаа, шинжилгээ, өгөгдөлд үндэслэн, шалтгаанд чиглэн гарч байна. Нийслэлийн “тархи” болсон уг төвөөс гарсан судалгааг Хотын дарга албан хаагчдад мөн танилцуулав. Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэлийн суурь болсон шалтгаан, өгөгдлүүдэд үндэслэн гаргасан шийдэл, гарц гаргалгааг уулзалтад ирсэн албан хаагчид дэмжиж байв. Түүнчлэн Гурван суурьт хөтөлбөрийн хүрээнд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хотын хөгжлийг урагшлуулахын тулд хийх бүтээн байгуулалт олон бий. Харин тэднийг хийхэд хэрэгцээтэй хөрөнгийн эх үүсвэрийг бий болгоход эрх зүйн чадамжийг сайжруулах шаардлагатай. Тиймээс эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэн хийнэ. Энэ хүрээнд 15 орчим хуулийг нэгтгэн, Улаанбаатар хотын багц хуулийг боловсруулж байна. Дахиад ч өөр хуулиуд нэмэгдэнэ” хэмээсэн юм. Мөн хуулийг УИХ-д өргөн барьж, батлуулахад нийслэл, дүүрэг төдийгүй, тэнд ажиллаж буй төрийн албан хаагчдын оролцоо чухал болохыг тэрбээр онцоллоо.

Санал болгох

Нийслэлийн ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

Олон улсын ахмадын өдрийг угтан НИТХ, НЗДТГ, Нийслэлийн Ахмадын хороо хамтран ахмад настнуудад зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагааг 32 дахь жилдээ зохион байгууллаа

1 өдрийн өмнө
Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг нээлээ

Зайсангийн төмөр бетон гүүрийг шинэчлэх, өргөтгөх ажлын эхний хэсэг дуусаж, шинэ гүүр ашиглалтад орлоо

1 өдрийн өмнө
"Ногоон нуур-1008 айлын орон сууц" төслийн хүрээнд ЗАМ ХААНА

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “НОГООН НУУР-1008 АЙЛЫН ОРОН СУУЦ” төслийн гадна дулааны шугамын ажлыг есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 1-ний өдрүүдэд хийж гүйцэтгэнэ.

2 өдрийн өмнө
"Улаанбаатар түншлэл-2023" олон улсын үзэсгэлэн яармагт 90 гаруй компани оролцож байна

НЗДТГ, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар түншлэл-2023” олон улсын үзэсгэлэн яармаг өчигдөр буюу есдүгээр сарын 28-ны өдөр нээлтээ хийлээ.

2 өдрийн өмнө