НЭМЭЛТ 11:00 цаг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос дараах тайлбар, мэдээллийг өнөөдөр өгөв.
МҮЭХ-ны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат
- Сүүлийн үедцалин хөлстэй холбоотой маргаан ажахуйн нэгж, салбар дээр нэлээн дэгдэх боллоо. Нэгдүгээрт, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн холбоо өнгөрсөн есдүгээр сард бага хурал хийсэн. Энэ хуралд би албан ёсоор оролцсон. Нийт 7000 ажилчдыг төлөөлж 1000 орчим хүн оролцсон бөгөөд цалин хөлсний хувьд, сүүлийн 10 жилийн түвшинд инфляцыг нөхөх хэмжээний түвшинд л байж иржээ. Одоогоор ажилчид инфляц дээр нэмэх нь бодит цалингийн нэмэгдэл шаардлагатай байна гэдгийг илэрхийлж байна. Үүний дагуу хамтын гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах санал шаардлага тавьж өчигдрийг хүртэл зөвшилцөлд хүрч чадсангүй. Ажил хаях хүртэл асуудлыг тавьж өнөө өглөөнөөс авто тээврийн цех, ил уурхайн хэсгийнхэн хэсэгчлэн ажил хаясан байна. Энэ талаар өчигдөр бид хуульчдын баг явуулсан. Ажил хаялт нэг номерын асуудал биш.
Захиргааны зүгээс мэдээлэл зөрүүтэй байна гэж харж байна. Бид бид гурван жил дараалан 15 хувь хүртэл тус бүр нэмэгдэл гаргая гэж байгаач үйлдвэрчний эвлэлээс зөвхөн 50 хувиар нэмнэ гэх шаардлага тавьсан. Захиргааны зүгээс шийдвэр гаргах түвшний хүмүүс оролцохгүй байгаа учраас мэдээллийг бүрэн өгөхгүй байна. Үйлдвэрчний эвлэлийн зүгээс инфляцын түвшин 12 хувьтай байгаа, дэлхийн хэмжээний уурхайчдын хөлстэй дүйцүүлж ярихгүй, ажлын ачааллаас хамаарч цалин хөлсийг 30-50 хүртэл хувиар нэмүүлэх саналтай байна. Төсөвт ирэх жилийн асуудлыг ярьж байгаа. МҮЭХ-ны зүгээс үйлдвэрийн захиргааны мэдэгдлийг харсан.
Үйлдвэрийн захирал удирдлагууд 40,50 сая хүртэл төгрөгийн цалин авч байгаа. Тиймээс үйлдвэрчний эвлэлийн зүгээс ажилчдынхаа дундаж цалингаас 10, 20 дахин илүү цалин авдаг системийг өөрчлөх цаг нь болсон.
-----------------------------------------------------------------------------------
Ажилчид 5-7 сая төгрөгийн цалингаа 50 хувиар нэмэхийг шаардсан
Харин “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Г.Ёндон:
-Үйлдвэрийн зүгээс ҮЭХ-той зургаан удаа хуралдаж, олон асуудалд зөвшилцөлд хүрч байсан. Үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлэх асуудалд ҮЭХ үйлдвэрийн зүгээс тавьсан саналыг хүлээж авахгүйгээр хурлыг орхиж гарч явсан. Үүний дараа өөрсдийнх нь хууль зөрчсөн үйлдлийг цохон тэмдэглэж шүүхэд хандсан болно. 2023 онд ҮЭ-ийн холбооны дарга Ж.Мөнгөншагай ҮЭХ-ны сонгуульд өрсөлдөх үедээ үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ гэсэн саналыг оруулж байсан. Тухайн үед сонгуульд өрсөлдөж байсан хүмүүсийн мөрийн хөтөлбөртэй үйлдвэрийн удирдлага танилцаж, зарим зүйлийг хэрэгжүүлэх боломжгүйг анхааруулж байсан удаатай.
2024 оноос "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилтнуудын цалинг 15 хувиар нэмэх саналыг "Эрдэнэс Монгол" компанийн тайлангийн хурлын үеэр танилцуулж, зөвшилцөлд хүрсэн. Энэ дагуу бизнес төлөвлөгөөгөө боловсруулж байсан. Бидний зүгээс 2024-2026 онд 15 хувь буюу гурван жилийн хугацаанд 56 хувиар цалинг нэмэх тооцоог гаргаж танилцуулсан. Гэвч ҮЭ-ийнхэн энэ тооцооллыг хүлээж аваагүй. Бидний тавьсан санал хэвээрээ байгаа гэдгийг хэлмээр байна.
Цалинг нэг удаа 50 хувиар нэмэхэд төсөвт 220 тэрбум төгрөгийн нэмэлт ачаалал үүсгэхээр байгаа учраас шатлалтай нэмнэ.
Уурхайчдын цалинг нэмэхийг бүх талаар дэмждэг. Гэхдээ нэг хүн ямар ч тооцоо судалгаагүй, санаанд орсон амандаа орсон тоо хэлчихээд муйхарлаж зүтгэх нь бидний хэлэлцээрийг буланд шахаж байна.
-----------------------------------------------------------
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 7000 гаруй ажилчид өнөөдөр /2023.09.15/ 07:00 цагаас эхлэн ажил хаялт зарлажээ. Ажил хаялтын улмаас Эрдэнэт үйлдвэрийн уурхайн үйл ажиллагаа зогссон байна.
ҮЭ-ийн холбооны дарга Ж.Мөнгөншагай "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын үе үеийн уурхайчин хамт олон хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд 45 жил улс орон нутгийн төсөвт үнэтэй хувь нэмрээ оруулан ажилласаар ирсэн. Цар тахал болон нийгэм эдийн засаг хүндрэлтэй цаг үед Монгол Улсын нийт айл өрх, ААН байгууллагын цахилгаан, ус дулаан, хогны төлбөрийг 1.6 жил төлсөн. Үүний тулд 7000 гаруй уурхайчин зогсох, өвдөх эрхгүй тасралтгүй хариуцлагатайгаар хөдөлмөрлөсөөр ирсэн.
Одоо ч бид хангалттай сайн ажиллаж байгаа. 2023 оны эхний зургаан сарын байдлаар улс орон нутгийн төсөв болон ашгийг 50 гаруй хувиар давуулан биелүүлээд байна. Гэтэл 7000 гаруй уурхайчны эрх ашгийг хамгаалдаг, нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэдэг хамтын гэрээний хэд хэдэн заалтуудад саналын зөрүүтэй заалтууд үүссээр байхад Эрдэнэт үйлдвэрийн захиргаа хүлээж авахгүй байна. 2023 оны нэгдүгээр сараас эхлэн Үйлдвэрийн газрын захиргаанд албан бичгийг таван удаа хүргүүлсэн. Хуулийн хүрээнд хандсан боловч санаачилгыг хүлээж аваагүй.
"Эрдэнэт үйлдвэр"-ийн цалин Оюу толгой, Тавантолгойн цалингаас доогуур. Оюу толгойн ажилчид 8-20 цалин авч байгаа.
Гайгүй цалинтайн 100-200 саяын цалин авч байгаа. Манай "Эрдэнэт үйлдвэр"-ийн ажилчдын цалин тийм өндөр биш. Ядаж Монголын уул уурхайн компаниудын жишигт хүргэе. Улсын том үйлдвэр шүү дээ." гэж мэдээлж байв.
“Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын дундаж цалин дөрвөн сая төгрөг. Энэ нь улсын дундаж цалингаас даруй хоёр дахин өндөр дүн юм.
Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэт” үйлдвэр “Эрдэнэс Монгол” нэгдэлд харьяалагдах болсон. Иймд ажилчдын цалинг нэмэх шийдвэрийг үйлдвэрийн удирдлага дангаараа гаргахгүй, “Эрдэнэс Монгол”, ЗГХЭГ-тай зөвшилцөх шаардлагатай.
Э.БУРАМ