Сэхээний орон дээрх ЭРЧҮҮДИЙН сэтгэлзүй

2023 оны 9 сарын 152023-09-15
Сэхээний орон дээрх ЭРЧҮҮДИЙН сэтгэлзүй

Өнөөдөр эмэгтэйчүүд хүчирхийлэгч гэдгээ мэдэхгүй, мэдсэн ч тоодоггүй, эрчүүд нь хохирогч гэдгээ мэддэг ч нэр төрөө бодож баг зүүж амьдарч байна. Яагаад гэвэл монголчууд эрэгтэй хүнд уйлах ч боломж олгодоггүй учраас тэр биз. Угтаа хүчирхийлэлд жендер хамаагүй ч “эрэгтэй хүн уйлж болохгүй”, “амьдралаа авч явах ёстой”, “ноён нуруутай”, “гүндүүгүй байх”  гэх зэрэг уламжлалт хэвшмэл ойлголт  тэднийг эмтэлж бас “эвдэж” байна.

Ажилгүй болбол арчаагүй, найз нөхөдтэйгээ уулзвал “тэнэмэл архичин” цол зүүж, асуудлаа яривал “эхнэртээ базуулсан” гэж адлагддаг тул нэрээ бодож чимээгүй тэвчих нь их.

Гэвч хамгийн ойр дотнын эхнэр бас хадмын талаас  “Эр хүн байж…” гэх үгээр идэж, ээж, аав нар хөвгүүдээ “Чи уйлах ёсгүй, чи ямар ч сэтгэлийн хөдөлгөөн гаргах хэрэггүй” гэх дарамтлах нь сэтгэл санааны болон эдийн засгийн хүчирхийллийн хэлбэр гэдгийг олон хүн анзаардаггүй болов уу.

КЭЙС: Ажлын мал, АТМ-ын үүрэг гүйцэтгэж өдийг хүртэл зүдрэхдээ би хангалттай зовлон үзсэн.Сайн хүн байх гэж хичээж архи амсалгүй 32 жил амьдрахдаа гэр бүлийнхээ төлөө, амьдралын төлөө зүтгэсэн ч одоо эрүүл мэндгүй, энэрэх хүнгүй  нохойноос өөр ханьгүй, нийтийн байрнаас өөр газаргүй үлджээ. Эцэст нь амиа хорлохоор шийдэж 14 хоногийн өмнө тариа тарьсан ч үхэж чадалгүй эмнэлэгт сэрсэн өдрөөс хойш найз нөхдийн харилцаа ч холдож хэн бүхний нүдэнд орсон хог шиг үзэгдэх боллоо. Би зүгээр л юу ч бодолгүй сайхан амармаар байна /2023.08.18 нэрээ нууцалсан захиа группийн постоос/

КЭЙС: Би одоо 33 настай. Манай эцэг эх надад хоёр өрөө байр авч өгч, эхнэртэйгээ тусдаа гараад гурван жил болж байна. Би нэг том уурхайд ээлжийн ажилтай, дунджаас дээгүүр дажгүй цалинтай. Бид хоёр нэг хүүхэдтэй. Тусдаа амьдарснаас хойш тамд амьдарч байгаа юм шиг байна. Эхнэр маань сайн эмэгэтй ч хадам ээж ах дүү нар нь өрөнд орж , байраа зарж манайд амьдарч байна. Миний эхнэртээ өгсөн мөнгө хадам ээжийн архинд явж байна. Заримдаа архины шил, тамхины иш орны булангаас гарч ирнэ. Сүүлийн жил эхнэрийн охин дүү нь хүүхэд харах нэрийдлээр бас амьдардаг боллоо. Мэдээж би эхнэртээ маш их хайртай. Гэхдээ хайртай байлаа гээд эхнэрийн ах дүү нар, хадам ээжийг давхар тэжээх, бүр гэртээ байлгах ёстой юм уу. Эхнэр хүүхдэдээ хайртай болохоор л тэвчиж байна даа үнэндээ /нэрээ нууцалсан захиа/

НИЙГЭМД ЭРЭГТЭЙЧҮҮД "ХҮЧИРХИЙЛЭГЧ", ЭМЭГТЭЙЧҮҮД "ХОХИРОГЧ"-ИЙН ДҮР ТОГЛОЖ БАЙНА

Сэтгэлзүйч Г.МАРАЛГУА:

МАРАЛГУЙ.jpg

-Бид нар эрэгтэй хүүхдэд багаас нь хүчирхийлэлд өртөх суурийг нь тавьж өгч байна. “Чи эрэгтэй юм чинь яах вэ дээ, наад хөөрхөн охинд тоглоомоо өг л дөө” гэх зэргээр ханддаг. Бид эрэгтэй хүүхдүүдийг багаас нь сэтгэл хөдлөлийн хувьд дотогшоо нуугдмал болгож байна. Хэрэв эмэгтэй хүн уурлаж ваартай цэцэг хагалбал түүнийг ийм ааш гаргахад хүргэсэн нэг хүн байгаа, эмэгтэй хүн бол цэцэг гэх үзэл хандлага тогтсон. Нийгэмд эмэгтэйчүүд хохирогчийн байр суурь эзэлдэг. Харин эрэгтэй хүн уурлаж ваартай цэцэг хагалбал хүчирхийлэгч гэж харах нь нийтлэг тогтсон хандлага. 

Судалгаануудад ч бас эрэгтэй хүн эмэгтэй хүнд бие мах бодиороо сэтгэл хөдлөлөө түрэмгий байдлаар илэрхийлдэг. “Надад өндөр шаардлага тавихаа боль, хэцүү байна” гэж хэлж чаддаггүй.

Үүнийг илэрхийлэх туршлагагүй учраас түрэмгийлдэг. Харин эмэгтэй хүн эрэгтэй хүнийг зодож, гар хүрэхгүй ч сэтгэлзүй, эдийн засгийн хүчирхийлэл үзүүлдэг. Манайд ирж буй үйлчлүүлэгчдийн ихэнх нь ийм хүчирхийлэлд өртсөн нь нийтлэг байдаг. Бодит кэйсүүд ярихад, өөрийнхөө чадлаар бэлэг бэлэглэхэд голдог, харьцуулдаг. Эмэгтэйчүүдийн даварсан гэхээр үйлдлүүд ч байдаг. “Чи намайг болон миний гэр бүлийг тэжээх ёстой” зэргээр хандаж шаарддаг. Эсвэл аав, өмнөх үерхэж байсан хүмүүс, найзын нөхөртэй харьцуулдаг нь сэтгэлзүйн дарамт юм. Мөн гадуур гарах, найз нөхөдтэйгээ уулзахын тулд эхнэрээсээ заавал зөвшөөрөх авах ёстой байдаг бол эмэгтэй хүн болохоор гарах ёстой гэж ярьж ойлгодог нь тэгш эрх биш шүү.

Нөгөөтэйгүүр, үл тоодог, тэсэхийн аргагүй үг хэл, хараалын үгээр доромжилдог, санхүүг нь хянах зэрэг хүчирхийлэл үзүүлж байна.

Хэрэв эрэгтэй хүнийг стресс хүлээж авч яах ч үгүй гэж бодвол маш том алдаа. Удаан тэвчиж тэссэний эцэст нэг том дампуурдаг, өөрийгөө болон бусдыг хохироох эрсдэлтэй нөхцөл байдал нэг агшинд үүсдэг.

Магадгүй таны нөхөр гаднаа юу ч болоогүй мэт байгаа ч сэтгэл дотроо танаас болон нийгмээс авсан уйлмаар байгаа сэтгэлзүйн дарамттай явааг бид мэдэхгүй. Зүгээр гэж огт хандаж болохгүй. Ноён нуруутай гэдэг үгнээс л хүчирхийлэл эхэлдэг. Тиймээс сэтгэлзүйн хүчирхийллийг зогсоодох байх хэрэгтэй.

Эрэгтэйчүүдийн хувьд сэтгэл гутралд орсон үедээ өөрөө ч мэдэлгүй дараах үйлдлийг гаргадаг байна. Үүнд,

  • Ажил дээрээ эсвэл спортод хэт их цаг зарцуулах зэргээр тархиа завгүй байлгаж зугтаах зан байдал гаргадаг;
  • Толгой өвдөх, гэдэс хямрах, бусад бие махбодийн өвдөлт шалтгаангүйгээр мэдрэх;
  • Архи согтууруулах ундаа болон бусад төрлийн мансууруулах бодист автах;
  • Зохисгүй авирлах, гэнэт уурлах болон хүчирхийлэл үйлдэх;
  • Хурдтай жолоо барих зэрэг бусад төрлийн эрсдэлтэй зан үйл хийдэг;

                                       ХӨШИГНИЙ АРД НУУГДСАН ЖИНХЭНЭ  ХҮЧИРХИЙЛЭГЧ ХЭН БЭ?

хүчирхийлэгч.jpg

Ажилгүйдэл, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, салалт, урвалт бүхэнд эрчүүдийг буруутган, нийгмээрээ гадуурхдаг. Үүний тод илрэл нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд гэсэн судалгаа. Эндээс л  эрэгтэй хүмүүс эхнэрээ зоддог мэт нийтлэг дүр зураг харагдаж буй. Харин эрэгтэйчүүд хохирсон гэсэн тохиолдол цөөн.  Тоон мэдээллээр, улсын хэмжээнд энэ оны найман сарын байдлаар цагдаагийн байгууллагад нийт 422.137 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл 24957.  Мөн энэ төрлийн гэмт хэрэг 1019 бүртгэгдэж 921 иргэн хохирчээ. Тэдний 812 буюу 88.2 хувь нь эмэгтэй, 97 буюу 10.5 хувь нь хүүхэд эзэлж байна. Харин 28 эрэгтэй хохирсон гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлж байлаа.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН УЛМААС 28 ЭРЭГТЭЙ ХОХИРСОН

НЦУГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Г.ГАНЗУЛ: 

гАНЗУЛ.jpg

-Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийн нийт 5330 зөрчлийг шалгаж, шүүхээр 7-30 хоног хүртэл баривчлах, албадан сургалтад хамруулах шийтгэл оногдуулсан.

Нийт гэмт хэргийн 11.2 хувь буюу 28 гэмт хэрэгт эрэгтэй хүн хохирсон. Эрэгтэй хүний хувьд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийг өгдөг.

Гэхдээ маш цөөхөн. Ихэвчлэн сэтгэлзүй, эдийн засгийн хүчирхийлэлд өртөж байна. Харин бие болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдол байхгүй гэлээ.

Эрэгтэйчүүд нийгмийн тулгасан хэвшмэл ойлголтуудаас болж тэр бүрийд хүний эрхийн байгууллага, цагдаад ханддаггүйгээрээ ялгаатай болох нь наад захын тоон баримтаас харж болохоор.  

               ЭРЧҮҮДЭД ХОНОГЛОХ “АЙЛ”,  ӨМГӨӨЛӨХ ГАЗАР АЛГА

Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, сэтгэлзүй нийгэмд анхаарлын гадна орхигдоод уджээ. Саяхан нийгмийн сүлжээнд цахилгаан шатанд нөхрөө зодож буй эмэгтэйн бичлэг цацагдсан ч эрчийг авсангүй. Хэрэв түүний оронд эмэгтэй хүн хохирогч байсан бол нийтээрээ нэг хүнийг жигшиж,талбай дээр эмэгтэйчүүдийг өмгөөлөхөөр олон хүн дуугарах байсан биз. Харамсалтай нь тухайн хохирогч эрэгтэй нийгэмд “арчаагүй” гэж адлагдаад өнгөрөв. Мөн л нэг жишээ татвал, нөхөр нь эхнэрээсээ айсандаа цагдаагийн байгууллагын 102-т өөрийнхөө тухай худал мэдээлэл өгдөг тохиолдол ч бий.

КЭЙС: Манай нөхөр өөрийгөө 102-т дуудаж өгдөг. Яагаад гэвэл би гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дуудлага өгвөл ял авна гэдгээ мэдэж байгаа учраас тэр. Өмнө нь би хоёр ч удаа 30 хоногийн баривчилгаанд явуулсан юм. Одоо миний үгнээс гардаггүй. /Сувилалд хэвтэн эмчлүүлж байсан 40 настай эмэгтэй/

Харамсалтай нь эрэгтэйчүүдийг өмгөөлөх газар өнөөгийн нийгэмд бараг л алга. Жишээ нь л, эрэгтэйчүүдийг хамгаалах байр байхгүй, байгууллага ч алга.

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод тусламж үзүүлдэг Хүчирхийллийн эсрэг үндэсний төв нь түр  хамгаалах байртай ч эрэгтэй хүн хохирогч бол туслахгүй.

Учир нь “Манай байгууллага охид эмэгтэйчүүд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг” гэх тайлбарыг тус төвөөс өгч байв. Энэ тухай холбогдох албаны хүн дараах тайлбарыг өгсөн билээ.

-Хүчирхийлэлд өртсөн эрэгтэйчүүд манай байгууллагад цөөхөн ханддаг. Ихэвчлэн бие мах бодийн гэхээс илүү сэтгэлзүй, эдийн засгийн хүчирхийлэлд өртөж ханддаг тул бид зөвлөгөө өгдөг. Ихэвчлэн 30-40 насны эрчүүд байдаг. Мөн ахмад настнууд ч бий. Гэвч эрэгтэйчүүдийг хамгаалах байранд байрлуулах боломжгүй.

Учир нь, манай байгууллага охид эмэгтэйчүүд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Тийм болохоор хүчирхийлэлд өртсөн эрэгтэйчүүдийг түр хамгаалах байранд байрлуулах асуудлыг төр нэгэнт анхаарах цаг нь болсон.

Харамсалтай нь өнөөдөр хүчирхийлэлд өртсөн эрэгтэйчүүд гудамжинд хоноглохоос өөр аргагүй нөхцөлд байна.

Тэд нийгмийн дарамт шахалтаас болж ичиж санаа зовсондоо тэр бүр цагдаад ханддаггүй. Найз нөхдөдөө ч хэлдэггүй.  Хэрэв ярилаа гэхэд “чи эрэгтэй хүн байж арчаагүй” гэх зэргээр тэдний асуудлыг авч хэлэлцдэггүй.

Мөн  хүний эрхийг хамгаалж, асуудлыг шийдвэрлэх ёстой Хүний эрхийн үндэсний комисс бэлгэ тэмдэгийн шинжтэй л байна.Тэдний зүгээс “Жендерийн үндэсний хороо” луу  “чихэж” байна. Наад захын хоёр байгууллагаас нааштай хариу сонссонгүй.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Санал болгох

"Актлах" автобусанд амьд явах баталгаа алга

Өвөлдөө зоорь шиг хүйтэн, хэзээ ч цагтаа ирдэггүй үйлчилгээ бол нийтийн тээвэр. Тав тухтай үйлчлүүлэх талаар яриад ч нэмэргүй.  Үйлчилгээнд гарахаас нь өмнө хянадаггүй юу, эсвэл ашиглалтын хугацаа нь хэтэрсэнээс үү, хөдөлгөөнд оролцож явахдаа эвдэрнэ. Хамгийн аюултай нь, сүүлийн жилүүдэд үйлчилгээнд явж байсан автобус шатах болсон нь иргэд нийтийн тээврээр аюулгүй үйлчлүүлэх баталгаа байна уу гэдэг асуудлыг хөндөхөд хүргэж буй.

2 өдрийн өмнө
ОХУ дизель түлш болон автобензин экспортлохыг хориглох шийдвэр гаргалаа

Хоригт Монгол Улсад нийлүүлж байгаа АИ92 автобензин хамаарахгүй гэсэн мэдээлэл байна. Экспортод хязгаарлалт хийж байгаа нь ОХУ дотоодод нийлүүлж байгаа шатахуунд татаас олгохоо больжээ. Үүнээс үүдэн үйлдвэрлэгчид шатахуунаа гадагш нь их хэмжээгээр нийлүүлж эхэлснээр ОХУ дотооддоо шатахууны нийлүүлэлт багасч, үнэ нь өссөн байна.

3 өдрийн өмнө