Тавантолгой түлш компани жил бүрийн есдүгээр сарын 15-нд галлагааны улирлыг эхлүүлж шахмал түлшээ борлуулж эхэлдэг. Үүний дагуу 2023-2024 оны галлагааны улирал өнөөдрөөс эхэл нийслэл хотын 7 дүүргийн хэмжээнд нийт 492 борлуулалтын цэг ажиллаж эхэллээ. Өнгөрсөн жил нийслэлд 655 борлуулалтын цэг ажилласан. Тэдгээр цэгүүдийн үйл ажиллагаанд хийсэн ажлын хэсгийн дүгнэлтээр 492 цэг сайн үнэлгээ авсан бөгөөд тэд нээлттэй сонгон шалгаруулалтад орж тэнцсэн байна. Үлдсэн 163 цэгийн борлуулагчдыг тодорхой сургалтад хамруулж мэдээлэл, арга зүйгээр хангасны дараа ирэх сарын 1-ээс үйл ажиллагааг үе шаттай эхлүүлэх аж.
Тус компани өнөөдрийн байдлаар шахмал түлшний 118 мянган тоннын нөөцтэй байна. Шахмал түлшний түгээлтийн үйл ажиллагаа эрхлэх 31 компанийн 400 гаруй тээврийн хэрэгсэл үйлдвэр болон агуулахаас шахмал түлшийг тээвэрлэн борлуулалтын цэгүүдэд түгээж байна. Энэ жил Тавантолгой түлш компанийн Баруун үйлдвэрт 4 шугам, Төвийн үйлдвэрт 2 шугам, Зүүн үйлдвэрт 7 шугам, нийт 13 шугам ажиллана. Хоногийн нийт үйлдвэрлэлийн хүчин чадал 2500-3500 тонн байна.
Э.БУРАМ