Улсын эдийн засаг нь уул уурхайд түшиглэсэн улсын хувьд импортлогч бус үйлдвэрлэгч орон болох нэн шаардлага тулгарч буй. Үүний тулд Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж дэд төслүүдээ хөдөлгөж эхлээд байна. Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, эдийн засгийн нөхцөл байдлын талаар УИХ-ын Тамгын газрын дарга Я.Содбаатартай ярилцлаа.
-----------------------------------
- Нэг үеэ бодвол эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг гарч байна. Статистик мэдээллээр энэ оны эхний хагас жилд эдийн засгийн өсөлт 6.4 хувьтай гарчээ. Хувийн хэвшлийнхэн бас эдийн засаг сэргэж байгааг онцолж байна. Гэхдээ иргэдийн амьдралд бодитоор мэдрэгдэж байна уу гэдэг нь эргэлзээтэй?
- Бидний хувьд амаргүй жилүүдийг өнгөрүүллээ. Дэлхий нийтээр цар тахал, өртгийн сүлжээний саатал, хил гаалийн хүндрэлийг дагаад худалдаа эрхлэгчдийн хувьд маш маш хүнд цохилт болсон. Үүний зэрэгцээ ОХУ, Украйны дайн, зэвсэгт мөргөлдөөнийг дагасан хүндрэлүүд гарсан нь бизнесийн салбарт, иргэдийн амьдралд өртөг нэмэгдүүлэх нөхцөл бүрдсэн. Энэ бүгд эргээд эдийн засгийг хүндрүүлж байлаа.
Харин сүүлийн нэг жил гаруйн хугацаанд манай эдийн засагт нааштай эерэг үзүүлэлтүүд гарч байна. Гэхдээ айл өрхийн ширээнд хараахан мэдрэгдээгүй байна.
Хэдийгээр эдийн засгийн үзүүлэлт зургаан хувь давж, нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.доллар давлаа зэрэг эерэг үзүүлэлт гарч байгааг магадгүй зарим иргэд гайхаж асуух байх. “Эдийн засгийн сэргэлт нь хаана байгаа юм бэ” гэж. Тэгэхээр эдийн засгийн эерэг нөлөө айлын ширээнд ойрын 2-3 жилийн дотор мэдрэгднэ.
- Яаж?
-Эдийн засгийн эерэг нөлөө айлын ширээнд иргэдэд цалингийн нэмэгдэл, тэтгэврийн нэмэгдэл, сургуулийн орчин нөхцөл сайжрах, автозам сайжрах байдлаар илэрнэ. Жишээ нь, дарханы зам удахгүй ашиглалтад орсноор Сэлэнгэ Дарханы оршин суугчдын зорчих хугацаа хүртэл 2-3 дахин багасна. Энэ мэтчилэн эдийн засгийн өсөлт нь иргэдийн амьдралд та бидний ширээн дээр очихдоо ийм хэлбэрээр очдог. Эргээд эдийн засагт асар их хөдөлгөөн бий болгодог.
- Тэгвэл эдийн засгийн хөдөлгөөн бий болж эхэлсэн үү?
-Мэдээж эдийн засгийн үзүүлэлттэй уялдан хөдөлгөөн бий болж буй энэ үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуйн салбарт “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн өрнүүлж байгаль орчны салбарт хэрэгжүүлж буй “Тэрбум мод” зэрэг хөдөлгөөн нь эдийн засгийн эргэлтийг хурдасгах хөшүүрэгбий болно гэж харж байгаа. Мөн “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-уудыг салбар, салбарт зарлаж гүйцэтгэлүүдийг шахаж байна. Энэ нь орон нутаг төдийгүй Улаанбаатар хотын иргэдийн амьдралд бодит үр дүн нь мэдрэгдэх байх гэж бодож байна.
Ер нь Монголын эдийн зааг ойрын жилүүдэд нэлээн гэгээтэй харагдаж байна. Яагаад гэвэл сүүлийн жилүүдэд хийсэн томоохон хөрөнгө оруулалтууд эхнээсээ үр дүнгээ өгч байна.
- Жишээ нь?
- Олон бий. Тухайлбал, Оюутолгойн далд гүний уурхайн бүтээн байгуулалт хийгдэж дуусч байна. Ингэснээр үйлдвэрлэлийн бүтээж 2-3 дахин өснө. Мөн ойрын хоёр, гурван жилийн дараа газрын тосны үйлдвэр ашиглалтад орно. Газрын тосны бүтээгдэхүүнд бид нэг тэрбум валютыг гадагшаа урсгаж байна. Үйлдвэр ашиглалтад орсноор энэ мөнгө дотооддоо үлдэнэ. Үүнийг дагаад маш их ажлын байр бий болно. Мөн нүүрсний олборлолт, экспорт нэмэгдэж байна. Бид хамгийн багадаа 40 саяас дээш тоннын нүүрс экспортлох боломж нөхцөл бүрдэж байна.
- Хэдийгээр нүүрсээ бид биржээр худалдаалж байгаа ч төмөр замаа холбосны дараа л 40-өөс дээш сая тонны нүүрс экспортлох тухай яригдах биш үү?
- Бид өөрсдийн нөөц боломжоор төмөр замын дэд төслүүдээ хөдөлгөж барьсан. Удахгүй төмөр замын холболтууд хийгднэ. Үүнийг дагаад экспортын гаралт эрс нэмэгднэ. Эдийн засгийн эргэлт нь иргэдийн амьдралд бодит үр дүнгээ өгөх байх.
Ер нь бид ойрын 5-6 жилийн дотор эдийн засгийг хоёр дахин нэмэгдүүлж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг арван мянган ам.долларт хүргэвэл олон асуудал цэгцэрнэ гэж харж байгаа.
-Таны хэлснээр ойрын жилүүдэд эдийн засаг гэгээтэй байх төлөвтэй байгаа юм байна. Нөгөөтэйгүүр, Хятадын эдийн засаг дотооддоо донсолгоотой байгаа тухай сүүлийн үед мэдээлэх боллоо. Хэрэв урд хөршийн эдийн засаг агшвал Монголд ч бас шууд нөлөөлөх байх. Үүнд Засгийн газар хэр бэлтгэлтэй байна вэ?
- Дэлхий нийтээр дайны нөхцөл байдал, цар тахал, дэлхийг хамарсан томоохон гамшиг осол бий болох ийм нөхцөлд улс орнуудын эдийн засаг асар их сөрөг нөлөөтэйг бид цар тахлын үед харлаа. Үүнтэй адил бид ойрын жилүүдэд дэлхий нийтэд амар амгалан байх, энх тайванч байх, аливааг яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэх ёстой гэсэн үзэл баримтлалыг хатуу баримталж байна.
Үүний цаана том гүрнүүдийн эдийн засагт өгч буй доргилтууд манайх шиг хөгжиж буй орнуудад маш их сөргөөр нөлөөлдөг. Хөгжиж байгаа орнуудад сөрөг нөлөөлөл нь асар их мэдрэгддэг.
Тиймээс бид дэлхий нийтээр өртгийн сүлжээ,бизнесийн салбар хөрөнгө оруулалтын салбар тогтвортой байгаасай гэж хүсч байна.
- Монгол Улсын хувьд импортлогч бус үйлдвэрлэгч орон болсноор эдийн засгийн хамаарлаас гарна. Тиймээс экспортлогч орон болохоор зорьж байгаа. Энэ хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал хөдөлгөөнийг өрнүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Үр дүн нь гарч байна уу?
-Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний бодит үр дүн эхнээсээ гарч байна гэж харж байгаа. Үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэр байгуулснаар олон улсын зах зээлд Монгол бүтээгдэхүүн өрсөлдөх боломж бүрдэж байна. Жишээ нь, Монголын зах зээлд 100 гаруй тэрбум төгрөгийн импортын бяслагийн зах зээлд үндэсний бүтээгдэхүүн орж ирж байгаа нь цаашид экспортогч улс болох суурь болж байна.
"Хүнсний хувьсгал" бол дотоодын хүнсний хангамжийг сайжруулж импортын хамаарлыг багасгахын зэрэгцээ илүү олон улс, бүс нутгийн зах зээл дээр Монгол бүтээгдэхүүнүүдийг гаргах зорилготой.
Бид ойрын таван жилийн дотор дотоодын бүтээгдэхүүнүүдэд хөгжүүлэлт хийж дотоодын зах зээлд импортын хамаарлыг багасгана. Үүнээс цааш Монголын бүтээгдэхүүнүүд бүс нутгийн хэмжээнд олон улсын зах зээлд хүнс экспортлогч орон болох зорилт дэвшүүлж байгаа.
Хүнсний хувьсгалын хүрээнд хийгдэж буй ажлууд өөрөө УИХ-ын 36 дугаар тогтоолоор батлагдсан. Энэ хүрээнд хийх ажил нь маш тодорхой болсон. УИХ-аас ойрын таван жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөгийг хөрөнгийн эх үүсвэр гаргахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд 450 гаруй тэрбум төгрөгийг хүнсний салбар хөдөө аж ахуйн салбарт хөнгөлөлттэй зээл хэлбэрээр гаргаад байна. Өнгөрсөн жил 230 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ бол аж ахуйн нэгжүүдийг бодитоор дэмжиж буй хэлбэр гэж харж байгаа. Мөн бид хүнсний хувьсгалын хүрээнд олон ажил хийгдэж байгаагийн нэг томоохон ажил нь хүнсний ногооны салбарт эхлүүлсэн. Монгол Улс нийт хүнсний ногооны 60 хувийг хангадаг байсан. Энэ жилийн ургацын урьдчилсан балансаар бид хүнсний ногооны 80 гаруй хувийн хэрэгцээг хангахаар байна. Жишээ нь, хүнсний ногоочид руу чиглэсэн урамшууллын бодлого, зээлийн бодлого, төрийн байгууллагуудын хоорондын уялдааг сайжруулж байна. Сүүлийн жилүүдэд бид сүүний урамшууллыг бий болгосон. Энэ нь өөрөө сүү үйлдвэрлэгчдэд ихээхэн дэм болж байна. Үндэсний үйлдвэрлэгчид Монгол үнээний сүү ард иргэдийн гарт очих хүртэл маш их зүйл хийж байгаа.
-“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнтэй зэрэгцээд Засгийн газар “Хөдөөгийн сэргэлт” бодлого барьж байгаа. Мэдээж орон нутгийг хөгжүүлэхэд дэд бүтэц, үйлдвэр барих чухал болов уу?
-Бид хөдөө аж ахуйн салбарыг дэмжиж орон нутагт үйлдвэрлэл байгуулж, бизнес эрхлэх боломжийг нээх тусам хот руу чиглэсэн иргэдийн урсгал саарна гэж үзэж байгаа. Залуус орон нутагт суурьших тэрбүүхэл Улаанбаатар хотоос орон нутаг руу фермер, газар тариалан эрхлэх боловсруулах үйлдвэрт ажиллах хандлага бий болно. Мэдээж иргэд хаана цалин сайн, амьдралын боломж нөхцөл таатай орчин руу нүүнэ. Тиймээс орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил Улаанбаатар руу чиглэсэн их нүүдлийг сааруулахад ихээхэн үр дүнтэй гэж харж байна.
Ерөнхийлөгчийн зүгээс иргэдийн хөдөлгөөнийг орон нутаг руу чиглэхэд анхаарч байгаа. Энэ хүрээнд хөдөө аж ахуйн салбарт бий болж буй томоохон үйлдвэрүүдийг орон нутагт барихаар төлөвлөж байна.
Жишээ нь, бид говийн бүсэд нүүрс угаах, боловсруулах, нефтийн үйлдвэр зэрэг маш олон үйлдвэрийн ажил эд өрнөж байна. Хангайн бүсэд жижиг дунд үйлдвэрлэлээс авхуулаад томоохон хэмжээний үйлдвэрүүд бий болгох чиглэлээр явж байна. Нөгөө талаар хотыг тэлэхэд шинэ Хархорум хотыг сэргээн босгох зарлиг гаргасан.800 жилийн өмнө Чингисхааны зарлигаар бий болсон дэлхийн нийслэл Хархоромуыг сэргээн босгох ажил эрчимтэй өрнөж байна. Ирэх жилээс Хархорум руу чиглэсэн дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ.
Ойрын хугацаанд буюу дөрөв, таван жилийн дараа Хархорумд тодорхой суурьшлуудын бүсүүдийг бий болгохоор төлөвлөж байна.
Нэг талаар аялал жуулчлалын, нөгөөтэйгүүр төрийн захиргааны хот гэсэн концесс гаргаж боловсруулалтын ажил явагдаж байна.
Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ