Төв аймагт спортын төрөлжсөн сургууль, дулааны станцын барилгын ажлын явцтай танилцлаа

2023 оны 9 сарын 192023-09-19
Төв аймагт спортын төрөлжсөн сургууль, дулааны станцын барилгын ажлын явцтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Төв аймагт ажиллаж байна.

Тэрбээр Зуунмод хотод баригдаж буй 640 хүүхдийн суудалтай спортын төрөлжсөн сургуулийн барилгын ажлын явцтай танилцлаа. Уг сургуулийн барилга 2019 онд улсын төсвийн 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж эхэлсэн ч санхүүжилт дутсанаас зогсжээ. Сургуулийн барилгыг бүрэн ашиглалтад оруулахад 2.9 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгааг барилгын гүйцэтгэгчээр ажиллаж буй “Эл Си Би” компанийн захирал Я.Дашдорж танилцууллаа. Тэрбээр “Спортын төрөлжсөн сургууль учраас усан бассейн, спортын заалтай байхаар төлөвлөгдсөн ч бассейны зургийг тусгаагүй орхигдуулсан. Мөн спорт заалны шалыг стандартын дагуу гүйцэтгэх хэрэгтэй байна. Тиймээс нэмэлт зураг, төсөв хийлгэсэн. Эдгээрийг магадлалд оруулах шаардлагатай байна” гэлээ.

Дараа нь Ерөнхий сайд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн хүрээнд Төв аймгийн Зуунмод хотод баригдаж байгаа 30 мегаваттын дулааны станцын барилгын ажлын явцтай танилцлаа. Энэ ажлыг 2022 оны наймдугаар сарын 29-нд эхлүүлсэн, одоо 26 хувийн гүйцэтгэлтэй байгааг Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай хэллээ. Уг станцыг есөн түгээх төв бүхий 10.1 км шугамын урттай, нийт 17 барилга байгууламжтай байхаар төлөвлөжээ.

Шинэ дулааны станц ашиглалтад орсноор Зуунмод хотын 118 аж ахуйн нэгж, төсөвт 70 байгууллага, 421 нийтийн болон амины орон сууц дулааны эрчим хүч болон хэрэглээний халуун устай болох юм. Түүнчлэн шинэ технологийн зуух нь хамгийн бага илчлэгтэй нүүрсийг ч бүрэн шатаах ашигт үйлийн коэффициент 85-90 хувийн өндөртэй тул нүүрсний хэрэглээ 40 гаруй хувь, үнсний гаралт 25 хувь хүртэл буурах юм байна. Төв аймгийн Зуунмод хотод хэрэгжиж буй бүтээн байгуулалтын хоёр ажилтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцсаны дараа Засгийн газрын энэ лхагва гаригийн хуралдаанд “Зуунмод” дулааны станцын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Учир нь, 10 аймагт баригдаж буй дулааны станцуудаас ажлын явц нь хамгийн удаашралтай нь энэ төсөл юм байна.
Мөн барилгын зураг төсөл нь магадлалд ороогүй төсөлд санхүүжилт өгөхгүй байх, зөвхөн баталгаажсан зураг төсөлтэй төслийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээ хэллээ.

Санал болгох

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахустай уулзлаа

Монгол Улс 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж буйг хэлж, гүйцэтгэх захирал Сима Бахусыг тус чуулганд оролцож, Монгол Улсад айлчлахыг урив

2 өдрийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй БНСУ-тай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, хоёр талын болон бүс нутаг, олон улсын тавцанд гүнзгийрэн бэхжиж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа онцлов.

2 өдрийн өмнө