Нэмэлт:19:00 цаг
-Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг гэм буруутайд тооцож, хэргийг шүүхэд шилжүүллээ. Улмаар гэм буруугийн шүүх хуралдааныг энэ сарын 28-ны 14:00 цагт товложээ.
Нэмэлт: 10:07 цаг
-Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ. Энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн өмгөөлөгч "Шүүх хурлын товыг тулгаж хэлсэн гэх шалтгаанаар урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах" санал гаргасан ч шүүгч хүлээж аваагүй юм.
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан "Шүүхийн албан мэдээгээр нүүрсний гэх тодотголтой хэрэг гэж мэдээлж байгаа нь хуульд нийцэж байгаа юм уу. Надтай холбоогүй асуудал дээр нүүрс гэж тодотгоод байгаа нь олон нийтийг төөрөгдүүлж байна. Хуулийн байгууллагууд үнэн бодитоор нүүрсний хэргийг илрүүлэх гэж ажиллаж байгааг ойлгож байна. Нийгэм олон нийт үнэн бодит мэдээлэл шаардаж байна" гэв.
- ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААХ САНАЛ ГАРГАВ -
Т.Аюурсайханы өмгөөлөгч "Миний үйлчлүүлэгчийг нотлох баримтгүйгээр цагдан хорьсон. Энэ талаар прокурорт хандсан. Миний үйлчлүүлэгчид ялгамжтай байдлаар хандсан учраас шүүхэд гомдол гаргаж байна. Хэрэг татсан үндэслэлүүдээ үйл баримт, цаг хугацаагаар нь нотолж чадаагүй. Прокурорт өгсөн гомдлуудаа бид шийдвэрлүүлж чадаагүй. Тиймээс хэргийг нэмж шалгуулахаар прокурорт буцаах санал гаргаж байна" гэв.
Т.Аюурсайханыг нүүрснээс олсон хахуулийн мөнгөө "өртөг өндөр адуу", "тансаг жүчээ"-нд зарцуулсан байж болзошгүй талаар хэвлэлүүд мэдээлж байсан.
Тэгвэл Т.Аюурсайханы дээрх жүчээг үнэлгээний "Ашид Билгүүн" ХХК компани 212 саяаар үнэлжээ. Харин Т.Аюурсайханы өмгөөлөгч үнийн дүнг эсэргүүцэв. Өөрөөр хэлбэл, үнэлгээний компани хэт өндөр үнээр бодсон гэж тэд үзжээ.
Тодруулбал, Т.Аюурсайханы өмгөөлөгч "Үнэлгээний компани 212 саяаар үнэлсэн. 11 төрлийн зардлыг автоматаар нэмээд 74.7 сая төгрөгийг нэмж бодсон. Зураг төсөл хийгдээгүй өвөлжөө. Үнэлгээ ерөөсөө болохгүй байна. Мөн дүнзэн байшин бий. Тэр байшин 34.6 сая төгрөгийн үнэтэй. Үнэлгээ хийхдээ үржүүлсэн учраас 14.7 сая төгрөгийн зөрүү гарч байна. Автоматаар өндөр үнээр тогтоосон нь яллах үндэслэл болно. Үнэлгээний компани төсөв зохиож байна" гэв.
Харин Т.Аюурсайханыг ХОМ-ээ нотолж чадаагүй гэх асуудалд өмгөөлөгч нь "Т.Аюурсайхан 2017-2021 онд ОХУ, Польш улсад зөвхөн марк худалдаалах зорилгоор дөрвөн удаа зорчсон. Ингэхдээ 44,000 ам.доллар, 34,500 еврогийн орлого олсон талаараа хэлж мэдүүлсэн байдаг. Үүнийг шалгах эх сурвалжуудыг ч тодорхой зааж өгсөн. Т.Аюурсайхан ааваас нь өвлөгдөн ирсэн болон өөрөө цуглуулсан өндөр үнэтэй маркийн цуглуулгатай. 2021 онд ХОМ-д 41 сая төгрөгийн маркийг бусдад худалдсан. 2022 онд мөн багц байдлаар худалдсан. Зарсан хүмүүс нь тодорхой байхад шалгалтын ажиллагаа хийгдээгүй. Үүнийг яагаад шалгадаггүй юм. 2017 онд нэр бүхий гишүүдтэй гадаадын хоёр улс руу зорчих үеэр Т.Аюурсайхан хоёр номин чулууг хилээр оруулж ирсэн. Бага чулуугаар өөртөө хөөрөг хийсэн. Том номин чулууг Хятадын иргэнд 30 мянган ам.доллараар зарсан. Шалгахгүй байж хөрөнгө нотлоогүй гэж буруутгаад байгаа юм. Шалгалгүй бүрхэг байдлаар орхигдуулсан" гэв.
- ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААХ ШААРДЛАГАГҮЙ -
"Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн өмгөөлөгч "Миний үйлчлүүлэгчийг есөн сар цагдан хорилоо. Үндэслэлээ тайлбарлахгүйгээр хорьсон шийдвэрийг өөрчилж өгөөч" гэв.
Прокурор н.Шагдар "Хишиг арвин индустриал" ХХК-иас Б.Ганхуяг хахууль авсан гэх үйлдэлд үйл баримтаар нотлогдсон мэдээлэл хэрэгт хавсрагдаагүй гэж Б.Ганхуягийн өмгөөлөгч нь ярилаа. Хавтаст хэрэгт 2013-2023 он хүртэл дээрх хоёр компани хооронд хийж гүйцэтгэсэн гүйлгээний тайлан болон гэрчийн мэдүүлгүүд байгаа. Ажлын мэдээ тайлан бол хангалттай бий.
Эдгээр хүмүүсийн мэдүүлгээр Худалдаа хөгжлийн банкинд байршиж байсан "Эрдэнэс Тавантолгой ХК-ийн мөнгийг Чингис хаан банкинд татан төвлөрүүлэх нь эрсдэлтэй гэх зүйлийг Б.Ганхуягт танилцуулж байсан нь нотлох баримтуудаар нэгэнт тогтоогдсон учраас прокурорын зүгээс яллагдагчаар татсан.
Хангалттай нотлох баримт цугларсан. Хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэж байна. Зохион байгуулалттай гэмт хэрэг зохион байгуулсан гэдэг дээр өмгөөлөгчид их маргаж байна. Гэм буруугийн асуудлыг бус нотлох баримтыг мөн өнөөдөр шинжлэн судлах боломжгүй. Гэм буруугийн шүүх хуралдаанаар шинжлэн судалдаг. Нөгөөтэйгүүр өмгөөлөгчид прокурор тогтоогоогүй байна гэж их ярилаа. Хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар шүүхэд хэргийг шилжүүлсэн. Тогтоогдоогүй гээд байгаа нь ямар нөхцөл байдлыг тодруулах гээд байгаа юм. Өмгөөлөгчид тогтоогоогүй гээд байгаа мөртлөө үндэслэл бүхий санал хэлсэнгүй" гэв.
Үргэлжлүүлэн прокурор н.Даваадорж "Яллагдагч Б.Ганхуяг хэлж ярьж байгаа зүйлээ нотлох баримтаа тодорхой дурдаж яривал зөв шүү. Олон нийтийг төөрөгдөлд оруулах худал мэдээлэл өгч байна.
Та бол үндэслэлгүй хөрөнгөжсөн, хахууль авах, бусдад давуу байдал бий болгох хэрэгт барагцаалж хэлбэл 50 орчим тэрбумын хэрэгт холбогдсон шүү.
Б.Ганхуяг нь үндэслэлгүй хөрөнгөжсөн 4, хахууль авах 1, Чингис Хаан банкинд давуу байдал бий болгосон гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан. Прокуророос Чингэлтэй дүүрэгт байрлах "Эрдэнэс Тавантолгой"-н байранд ихэнх гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзээд шүүх хурал Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон. Тиймээс өмгөөлөгчид харьяаллын асуудал дээр маргахгүй байх.
Т.Аюурсайханд холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт адууны жүчээ бүхий байгууламжийг барьсан баримтыг мөрдөх байгууллага гаргаж өгөөгүй учраас прокурор болон мөрдөгчийн зүгээс зах зээлийн үнэлгээнд тулгуурлан шинжилгээний байгууллагаар тогтоолгосон.
Улмаар мөрдөгчөөс шинжээч томилсон. Эхний үнэлгээгээр Сонгинохайрхан дүүргийн Хүй долоо худагт байрлах адууны жүчээний барилга байгууламж 863 сая төгрөгөөр үнэлэгдсэн. Прокурор хавтаст хэрэгтэй танилцаж үзээд дахин үнэлүүлэхэд 517 сая төгрөг болсон. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг хангасан дүгнэлтийг гаргасан. Прокурорын зүгээс сүүлд нотлох баримтуудыг үндэслэж шүүхэд шилжүүлсэн. Тиймээс хэргийг буцаах үндэслэл байхгүй гэж үзэж байна" гэв.
-------------------------------------------------------------------
Нүүрсний хулгай өндөр авахын хэрээр энэ хэрэгт УИХ, Засгийн газрын гишүүд ч нэр холбогдож байгаа тухай дуулиан дэгдэж буй. Тодруулбал, эл хэрэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан нарын 11 хүн нэр холбогдсон бөгөөд өнөөдөр /2023.09.20/ тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно.
Хурал 09:00 цагт товлогдсон ч хараахан эхлээгүй байна.
Өнгөрсөн есдүгээр сарын 12-нд, наймдугаар сарын 30-нд тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм.
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан өнгөрсөн удаагийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр "Олон сар нүүрсний хэрэгт хамааралтай мэт гүтгүүллээ. УИХ-ын гишүүний албан тушаалаа өгсөн учраас хэргийг нэг талд гаргаж шалгуулна.
Би нүүрсний хэрэгт холбоогүй. Өмнө нь ч олон удаа мэдэгдэл хийж байсан. Өнгөрсөн бүх хугацаанд эх орон, ард иргэдийнхээ эрх ашгийн талд зоригтой зогсож ирсэн. Энэ нь намайг олон дайсантай болгожээ.
Тиймдээ ч намайг нүүрсний хулгайч мэтээр нийгэмд хангалттай харлуулж зохион байгуулалттайгаар сэвлээ. Би нүүрсний хэргийг бусдын адилаар үнэн мөнөөрөө илрээсэй гэж хүсэж байгаа. Ер нь УИХ-ын гишүүд ямар нэг эргэлзээтэй асуудал байгаа бол хуулийн байгууллагаар ороод шалгуулчихдаг байх хэрэгтэй. Өнгөрсөн арван сарын хугацаанд намайг хэвлэл мэдээллээр зохион байгуулалтаар ямар шугамаар мөнгө хаяад байгааг та бүхэн харж байгаа байх. Нэг хүн рүү асуудлыг чиглүүлж байгаа нь цаана нь бодит нүүрсний хэргийг замхруулах гээд байгаа юм биш биз дээ? гэсэн хардлага байна. Нүүрсний хэрэг үүсч байхад маш далайцтайгаар оффтейк гэрээ, төмөр зам тээврийн асуудал хөндөгдөж байсан. Ямар этгээдүүд энэ хэргийн цаана байгааг та бүхэн харах байх. Би Тавантолгойн дотоод хэрэгт оролцдоггүй байсан. Эзэнгүй хэрэг байна гэж байхгүй. Хуулийн байгууллага зохих ёсоор илрүүлэх ёстой" гэж ярьж байсан.
Харин "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг "Энэ хэрэгт надтай холбоотой зургаан үйлдэл байгаа. Энэ зургаан үйлдэл дотор нэг шанаг ч нүүрстэй холбоотой асуудал байхгүй. Анх 2022 оны 12 сарын 8-нд намайг цагдан хорьсон. Ямар шалтгаанаар цагдан хорьж байгаа нь прокурорын тогтоол дээр байсан. Тэрхүү тогтоол дээр "Намайг жагсаал цуглаан зохион байгуулсан, санхүүжүүлсэн" гэх үндэслэлээр хорьсон гэж бичсэн байдаг. Есөн сарын хугацаанд нэг ч үг асуугаагүй. Нэг ч мэдүүлэг аваагүй. Энэ хавтаст хэрэгт жагсаал цуглаантай холбоотой ямар ч хэрэг байхгүй. Гэтэл араас нь нүүрсний гэх асуудлыг сөхөж гаргаж ирсэн. Намайг ямар ч үндэслэлгүй 19 удаагийн захирамжаар намайг хорьсон. Захирамжууд дээр зайлшгүй саатуулах эрх зүйн зүйл заалтуудыг дурдаагүй. Жагсаал цуглаан, нүүрс гэхчлэн прокурорын тогтоол гараагүй байхад намайг цагдан хорьсон" гэж байв.
Э.БУРАМ