Азийн Хөлбөмбөгийн Холбооны клубийн түвшний томоохон тэмцээнүүдийн нэг "AFC Cup"-ийн хэсгийн шатанд шалгарсан “ФС Улаанбаатар” клуб өчигдөр /2023.09.21/-нд эхний тоглолтоо эх нутагтаа хийж, 3:1 харицаатайгаар ялалт байгууллаа.
Тэдний эхний өрсөлдөгч Тайванийн "Тайнан Сити" клуб нь Бразил легионеруудтай хүчтэй өрсөлдөгч байв. Гэсэн ч өөрсдийн тоглож дассан талбайдаа, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө тоглосон "Улаанбаатар" клубийн тамирчид тоглолтын эхнээс урам зоригтой, санаачлагатай тоглолтыг үзүүлсэн юм.
Эхний гоолыг төвийн хамгаалагч Г.Бат-Оргил 34' минутад зүүн хөлийн гоёмсог гуядалтаар оруулж, багтаа тэргүүллийг авчирсан. Хүчтэй өрсөлдөгчид эхний үе дуусахаас урьтаж 43' минутад тоог тэнцүүлэв.
Нэг гоол хийж чадсан тул дахиад хэдийг ч хийх урам зоригтой талбайд гарч, шийдвэрлэх үед "Улаанбаатар" клубийн Серби легионер тоглогчид болох Дусан Киркович, Саша Тефанов өөрсдийн ур чадварыг бишрүүлсэн гоолуудыг оруулж, итгэл төгс ялалт байгууллаа.
"Улаанбаатар" клубийн энэхүү хожил нь Монголын клуб "AFC Cup" тэмцээний хүрээнд байгуулсан анхны хожил гэдгээрээ тодоор тэмдэглэгдэн үлдэж байна.
Азийн цомын тэмцээний урьдчилсан шатанд “ФС Улаанбаатар” клуб эхний хожлоо байгууллаа
Энэ жилээс “AFC аваргуудын лиг 2” хэмээн нэрлэгдэж буй азийн цомын тэмцээн 2004 онд 18 багтайгаар эхэлж байжээ. Жил бүр зохион байгуулагддаг тус тэмцээн 2017 онд бүтэц, зохион байгуулалтандаа өөрчлөлт оруулж, хэсгийн шатанд 36 багийг зүүн болон баруун, төв ази, өмнөд ази зэрэг 4 бүсэд хуваан оролцуулдаг болсон. Энэ жилийн тухайд нийт 36 баг 9 хэсэгт хуваагдан өрсөлдөж байна.
Өнгөрсөн хугацаанд Кувейтын Премьер лигт 18 удаа түрүүлсэн Аль Кувейт клуб 2009, 2012,2013 онуудад түрүүлж, 2011 онд дэд байрт шалгарсан үзүүлэлтээр хүснэгтийг тэргүүлдэг бол Иракийн Аль-Кува Аль-Жавия баг 3 түрүү хүртсэн амжилтаар дэд байрт бичигдэж байна.
Мөн тус тэмцээний бүх цаг үеийн мэргэж буучаар Филиппиний шигшээ багийн довтлогч 37 настай Биенвенидо Маранон 35 гоол оруулсан үзүүлэлтээр тэргүүлдэг.
Тэгвэл өнгөрсөн жилийн азийн цомын тэмцээний финалд Оман улсын Аль-Себ клуб Малайзын багийг 3:0-ийн харьцаатай буулган авснаар цомын эзэн болж байсан.
Харин монголын багийн хувьд 2015 онд Хоромхон, 2017 онд Эрчим, 2022 онд Атлетик 220 клубууд улсаа төлөөлөн оролцож, хэсгийн шатанд тоглож байсан.
Тэгвэл энэ жил үндэсний дээд лигтээ түрүүлж, АFC cup-д анх удаа оролцож буй “ФС Улаанбаатар” клуб нь 2019 оноос дотоодын тэмцээнүүдэд өндөр амжилт гаргасаар 2021 онд Супер капын цом өргөж, 2022 онд Моби Преймер лиг Мөнгөн медал, өнгөрсөн улиралд Моби Преймер лигийн аварга, Холбооны цомын Алтан медалийг тус тус хүртээд байна.
Тэгвэл “ФС Улаанбаатар” клуб зүүн бүсийн хэсгийн эхний тоглолтоо “Тайнан Сити” багийн эсрэг хийж 3:1 харьцаагаар хожил байгуулснаар бүтэн оноогоо авч чадлаа. Тэдний дараагийн тоглолтоо “Tайчунг футуро” багийн эсрэг хийх хуваарьтай байна.
М.Тэнүүн