"Актлах" автобусанд амьд явах баталгаа алга

2023 оны 9 сарын 222023-09-22
"Актлах" автобусанд амьд явах баталгаа алга

Өвөлдөө зоорь шиг хүйтэн, хэзээ ч цагтаа ирдэггүй үйлчилгээ бол нийтийн тээвэр. Тав тухтай үйлчлүүлэх талаар яриад ч нэмэргүй.  Үйлчилгээнд гарахаас нь өмнө хянадаггүй юу, эсвэл ашиглалтын хугацаа нь хэтэрсэнээс үү, хөдөлгөөнд оролцож явахдаа эвдэрнэ. Хамгийн аюултай нь, сүүлийн жилүүдэд үйлчилгээнд явж байсан автобус шатах болсон нь иргэд нийтийн тээврээр аюулгүй үйлчлүүлэх баталгаа байна уу гэдэг асуудлыг хөндөхөд хүргэж буй.

Жишээ нь "Тэнүүн-Огоо" ХХК-ийн автобус  өнөөдөр /2023.09.22/ өглөө 05:30 цагт Төв бааз руугаа засвар хийлгэхээр явж байх замдаа мотор хэсгээс шатжээ. Жолооч ганцаараа явсан, гэмтэж бэртсэн хүн байхгүй. Холбогдох байгууллагууд шалтгаан нөхцөлийг тодорхойлохоор үзлэг шалгалт хийж байгаа аж. Автобусны ашиглалтын хугацаа 12 жил байдаг бол дээрх шатсан автобус нь 2010 онд Монголд орж иржээ.

Уг нь нийтийн тээврийн автобуснуудыг үйлчилгээнд гарахаас нь өмнө Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар болон компани нь шалгалт явуулж, тухайн өдөр гаргах эсэхээ шийддэг тогтолцоотой гэх.  

Харамсалтай нь тус үүргээ аль аль нь гүйцэтгэдэггүйгээс  болж автобус, зорчигчидтойгоо "шатах" эрсдэл ойрхон байна.

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн 107 чиглэлд 1048 автобус үйлчилгээнд явж буй. 

Автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж "Нийтийн тээвэрт 2009 онд улсын төсвийн хөрөнгөөр парк шинэчлэл хийж байсан. 2022 оны байдлаар нийт тээврийн хэрэгслийн 50 гаруй хувийнх нь насжилт хэтэрсэн.

Монгол Улсын стандартаар 12-оос дээш жил явсан автобусыг ашиглахыг хориглосон байдаг. Гэтэл эдгээр автобусыг 13 дахь жилдээ ашиглаж байсан.

Иймээс Засгийн газраас нийтийн тээврийн парк шинэчлэлд онцгойлон анхаарч, 810 автобусаар парк шинэчлэл хийхээр болж, 2022, 2023 онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг эрчимтэй хийж байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2022 онд 60 автобус, 2023 оны нэг, хоёрдугаар сард 224, нийт 284 автобус оруулж ирсэн. Мөн улсын төсвийн хөрөнгөөр 100 гаруй автобус орж ирээд байгаа" гэв. Ямартай ч албаны хүн дээрх мэдээллийг өгч байна. 

Энэ мэтчилэн автобус шатах бүрт түрхэн зуур анзаарчихаад дараа нь мартдаг, сүүлдээ ердийн үзэгдэл шиг болчихоод байгаа энэ салбарт парк шинэчлэлт хийгдэх эсэхийг харах л үлдлээ. 

Э.БУРАМ

Санал болгох

ШҮҮХ | Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт хилийн хориг тавьлаа

яллагдагч Н.Өнөрцэцэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнээд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

4 цагийн өмнө