Хүн амынх нь тэн хагас амьдарч буй Улаанбаатар метрополис хот гэгдээд удаж буй. Гэвч утаа, түгжрэл, нийтийн тээвэр, ногоон байгууламж зэрэг олон үзүүлэлтээрээ дэлхийн томоохон хотуудаас сүүл мушгиж байна. Бараг 100 жилийн өмнөх модон жорлон, мухар гудамтайгаа. Давс, шүүрнээсээ ч салаагүй өнөөх л янзаараа шинэ зууныг туулж байна.
Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот дэлхийн жишигт хүрэхийн тулд мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал. Тиймээс бонд гаргах тухай үе үеийн хотын удирдлагууд мэдэгдсээр ирсэн ч тэгсхийгээд мартагдсаар өнөөдрийг хүрсэн. Магадгүй ажил хэрэг болж чадаагүй нь хууль эрхзүйн орчин гол чөдөр болж байсантай холбоотой. Энэ ч утгаараа 27 жилийн дараа нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг шинэчилсэн нь олон жил яригдсан хот бие даах, эдийн засгийн хараат бус болох эхлэл нь болж бонд гаргах боломж бүрдэв.
Бонд нь дэд бүтцийн хөгжил болох урт хугацааны хөрөнгө оруулалтын төслүүдийг санхүүжүүлэхэд тохиромжтой. Мөн нийслэлийн төсвөөс хараат бус болох санхүүгийн хэрэгсэл юм.
Тиймээс цаашид дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалтуудыг шийдэх боломжтой болж байна. Тодруулбал, бонд гаргах замаар татан төвлөрүүлсэн хөрөнгөөр нийслэлийн төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зэрэг стратегийн томоохон ач холбогдолтой төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх юм.
БОНД БОЛ ХАРИУЦЛАГА
Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар:
Ирээдүйн Улаанбаатар хотын суурийг зөв тавих итгэл үнэмшил амбицтай ажиллаж байна. Эхний ээлжид 277 тэрбумын эх үүсвэрээр бонд гаргана. Бондын санхүүжилтээр бид Сэлбэ сэргэлт төслийг эхлүүлэх зайлшгүй шаардлагатай. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын хуралдаанаар дэмжүүлж бонд гаргах эх үүсвэрийг Засгийн газар,Сангийн яам хамтарсан чиглэлээр ажиллаж байна. Хэрэв Сангийн яам зөвшөөрөхгүй бол бонд гаргахгүй. Тэгэхээр бодлогын хувьд хотоо дэмжиж утаа, түгжрэлийн асуудлыг багасгаж хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх үндсэн чиглэлд эдгээр ажлууд хийгдэж байгаа. Ерөнхийдөө орон сууцжуулах замаар санхүүжилтийн эх үүсвэрийг шийднэ” гэсэн юм. Тэрбээр өнгөрсөн баасан гарагт сэтгүүлчидтэй уулзах үеэр хотын бонд гаргах тухайд ийнхүү тайлбар мэдээллийг өгсөн юм.
Улаанбаатар хот бонд гаргах эрхийг Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос саяхан /2023.09.01/ зөвшөөрсөн юм. Улаанбаатар хотын хувьд тав хүртэл жилийн хугацаатай дотоодын зах зээлд 500 хүртэл тэрбум төгрөгийн Улаанбаатар бондыг 17.2 хувийн хүүтэй байхаар тооцож байна. Эргэн төлөлт төсөв дээр дарамт үүсэхгүй гэж албаны хүмүүс үзэж байгаа юм. Үүнийг НЗДТГ-ын Санхүү өрийн удирдлагын хэлтэс Өрийн удирдлагын төсвийн дарга н.Гантулга тайлбарлахдаа “Нэг талаараа бид Засгийн газрын дотоод өрийг нэмэгдүүлж байна гэсэн үг.
Энэ хүрээнд Сангийн яам дүгнэлтээ гаргаж нийслэлийн өрийн менежмент тодорхой түвшинд очсон байна гэдэг үндэслэлээр бонд гаргах зөвшөөрлийг өгсөн.
2021 оноос өмнөх өрийн харьцааг харвал бонд гаргах зөвшөөрөл өгөхгүй байсан байх гэж хардаг.
Одоо бол бид эргэн төлөлтийн тал дээр 17.2 хувийн хүүг 5 юм уу 2 жилээр явах уу, хувьсах хүүтэй явах уу гэдэгт менежмент хийсэн. Эхний удаа хоёр жилээр 17.2 хувийн хүүтэй тогтмол явахад төсвийн эргэн төлөлтөд дарамт учрахгүй гэж үзэж байгаа. Энэ нь өрийн менежмент тал дээр бондын эргэн төлөлтөд ийм зохицуулалт хийж байна” гэв.
БОНДЫН ЭХ ҮҮСВЭРЭЭР ДЭД ТӨВҮҮДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Хэдийгээр хот анх удаа бонд гаргаж байгаа нь сайн талтай ч үр ашиггүй урт хугацааны хөрөнгө оруулалт шаардсан төсөл санхүүжүүлэх нь өрийн тааз тулах эрсдэл үүсгэх вий гэх болгоомжлол ч бий. Тэгвэл жилийн орлого нь хоёр их наяд төгрөгөөр хэмжигдэж буй нийслэл хот 500 тэрбум хүртэл төгрөгийн бонд босгох нь санхүүгийн эрсдэл үүсэхгүй гэж албаны хүмүүс үзэж байна. Үүнийг хотын удирдлага нэг үгээр “Бонд бол хариуцлага” гэж хэлсэн юм.
Тэрбээр Улаанбаатар бондын эх үүсвэрээр дэд төвүүдийг хөгжүүлэх замаар орон сууцжуулах нь богино хугацаанд үр ашигаа өгнө гэж харж байгаа аж.
Эхний ээлжид “Сэлбэ сэргэлт” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж банйа. Уг төсөл нь Дамбадаржаагаас дунд гол дагуу ТЭЦ-4 хүртэл үргэлжлэх бөгөөд 44 километр автозам тохижилтын ажлыг өрнүүлж 2024 онд ашиглалтад оруулах нь . Эл төслийн санхүүжилт нийт 1.4 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа бөгөөд эхний ээлжид 187 тэрбум төгрөг зарцуулах тооцоо байна. Мөн үүний дараа Баянхошуу дэд төвийг хөгжүүлэх замаар орон сууцжуулахаар төлөвлөж байгаа аж. Түүнчлэн нийтийн тээвэр, цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг бондын эх үүсвэрээр богино хугацаанд үр ашигаа өгөхөөр дөрвөн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Ямартай ч бондын эх үүсвэрийг өөр үр ашиггүй төсөлд зарцуулах боломжгүй гэнэ. Бонд гаргах үйл явцыг хариуцаж буй Улаанбаатар хотын бондыг санхүүгийн зах зээлд гаргах үйл явцад тэргүүлэх андеррайтераар “БиДиСек ҮЦК” ХК ажиллаж байгаа юм. Тус компанийн Гүйцэтгэх захирал Л.Бүрэнмэд "Бонд гаргаж байгаад маш их баяртай байна. Улаанбаатар хот маань өөрөө хоёр их наяд төгрөгийн орлоготой том айл. Улсын төсөвт жилд 300-400 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлдэг.
Улаанбаатар хотод шаардлагатай хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтууд жилийн жилд хангалтгүй байсан. Тиймээс Улаанбаатар бонд энэ бэрхшээлийг шийдэх гол гарц гэж харж байна.
Нэгдүгээрт бондын зарцуулалтад тавигдах хяналт, эргэн төлөлт гэдэг зүйлүүд зайлшгүй яригдна. НИТХ-аас бондыг төсөвт оруулж бүх эрхзүйн орчин бүрдсэн. Тиймээс бондын зарцуулалт бол хамгийн чухал нь олон нийтэд танилцуулсан төсөл хөтөлбөрүүдэд л зарцуулах ёстой. Өөр ямар нэгэн байдлаар бусад зориулалтаар ашиглахыг бүрэн хориглодог. Үнэт цаас гаргагч буюу Улаанбаатар хот маань өөрөө Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороонд зарцуулалтын тайлангуудаа тавьдаг. Үүнд ямар нэгэн байдлаар өөр төсөл хөтөлбөр рүү оруулах боломжгүй" гэж байв. Ямартай ч Улаанбаатар бонд зах зээлд цан цохисны дараах үр ашгийг харах л үлдлээ.
Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ