Эрхэлж гүйж тоглох насан дээрээ бяцхан хүү өнөөдөр эмнэлгийн орон дээр тарчилж байна. Үеийнхэнтэйгээ цэцэрлэгт тоглож суух байтал М.Батзаяа хүүгийн амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа нь даан ч халаглам. Тэр дөнгөж гуравхан настай. Гэвч харгис хойд эцэг, хэнэггүй ээж, ээлгүй нийгмийн золиос боллоо.
Сэтгэл сэрдхийлгэм хүчирхийллийн хэргүүд ар араасаа хөвөрч, болдог л юм шиг чихний хажуугаараа өнгөрөөх болсоор бид багагүй хугацааг өнгөрөөж байна. Миний л хүүхэд өвдөж гэмтээгүй бол бусдын хүүхэд эндэж, зовж, амиа алдах нь дүүрсэн хэрэг гэсэн хувиа хичээсэн үзэл нийгэмд “бугласан”-ыг ахиад л бяцхан хүүхэд биеэрээ нотолж байна. Хамгийн сүүлд гэхэд М.Батзаяа хүү бяцхан биедээ баймгүй хүнд гэмтэл авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэж байв. Өнөөдөр хүүгийн биеийн байдал ямар байгаа, уг хэрэг ямар шатанд байгааг бид нэхэн сурвалжиллаа.
ГУРВАН НАСТАЙ ХҮҮГИЙН АМЬ НАС ДЭЭСЭН ДӨРӨӨН ДЭЭР БАЙНА
Хүний нутагт аав хүү хоёр амьдрахын төлөө тэмцэж байна. Аав нь горьдлого тээсээр, хүү сэхээнд амь нас нь дээсэн дөрөөн дээр тарчилж байна. Турк улсыг аав хүү хоёр гуравдугаар сарын 30-нд зорьсноос хойш хагас жил өнгөрчээ. Бяцхан хүүгийн биеийн байдал хүндхэн сэхээнд байхад ээж нь өнөөдрийг хүртэл ганц удаа ч холбоо барилгүй сураггүй байгаад ар гэрийнхний төлөөлөл гомдолтойгоор ярьж байлаа. Хүүгийн авга ах М.Бямбацогт "Манай дүүгийн биеийн байдал тун хүнд байгаа. Асран хамгаалагчаар аав нь байгаа ч ээж нь ямар ч холбоогүй байгаа. Хүүгээ ганц удаа ч сураглаагүй" гэж байв.
Үргэлжлүүлэн түүнээс хүүхдийн биеийн байдлын талаар асуухад "Биеийн байдал нь хэсэг сайжирч байгаад л эргэж муудаад байна. Ер нь саажилттай, хоёр нүд нь юм харахгүй, унтуулгын тариатай сэхээнд байна. Сэрүүн байх үедээ их зовиуртай, унтаж чадахгүй байгаа учраас унтуулгын тариатай л байгаа. Анх тархины мэс засалд орсны дараа эмчилгээний явцад биеийн байдал нь сайжирч байсан ч дахиад л муудаж, сэхээнд орлоо. Сүүлд 20 хоногийн өмнө дахин мэс засалд орсон. Эмнэлгийн төлбөр нь 200 сая төгрөг гарсан гэсэн. Хандивт 40 сая цуглалаа" гэсэн юм.
Хүүгийн эмчилгээний зардалд эхний ээлжид 150 сая төгрөг шаардлагатай тухай аав нь М.Цогтбаатар мэдээлж хандив хүсч байлаа. Улмаар хандивын зардал бүрдэж хүү Туркийг зорьсон юм.
ШҮҮХЭЭС М.ЭНХБИЛЭГТ ЗАЛИЛАНГИЙН ХЭРГЭЭР 9 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООСОН БОЛ ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭХЭЭР БОЛОВ
Шүүхийн байгууллагын өгсөн мэдээллээр хэргийг гурван настай хүүг зодож гэмтээсэн М.Энхбилэг гэх этгээдэд холбогдох хэргийг нотлох баримт дутуу, сэтгэл санааны хохирлыг дахин үнэлэхээр прокурорт буцаажээ. Энэ тухай Улсын ерөнхий прокурорын газраас лавлахад уг хэргийг “цагдаагийн байгууллагад шилжүүлсэн” гэж байлаа. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна.
Энэ тухай тодруулбал, М.Энхбилэгт холбогдох хэргийг прокурорын байгууллагаас өнгөрсөн наймдугаар сарын 21-ны өдөр цагдаагийн байгууллагад буцаасан гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай хэлэв.
Тэрбээр "Прокурорын байгууллагаас хэргийг буцаасныг бид бүхэн шалгаж дууссан. Энэ долоо хоногт багтаан нэмэлт тайлбартайгаар шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлнэ.
Хэрэгт холбогдсон Э гэгчид шүүхээс залилангийн хэргээр есөн жилийн хорих ял оноосон. Уг шийдвэрийг тэр эсэргүүцэж давж заалдсан.
Харин хүүхэд зодсон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар хүргүүлэх тул үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн тайлбар өгсөн юм.
ХҮҮХЭД ХОХИРСОН БОЛ СЭТГЭЛ САНААНЫ ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
Сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөрийн асуудлаар Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид дараах мэдээллийг өгч байлаа. Тэрбээр,
-Бие махбодын гэмтлийг гурван зэргээр тогтоодог бол сэтгэл санааны гэмтлийг үнэлэх аргачлал тодорхойгүй. Өнөөдрийн байдлаар сэтгэл санааны гэм хорын хохирлыг нөхөн төлүүлж байгаа практик хангалтгүй, хүүхэд бэлгийн гэмт хэргийн хохирогч болсон хэрэг дээр гэм буруутай этгээдэд эрүүгийн журмаар шийтгэл ногдуулахаас гадна сэтгэл санааны хохирлыг тодорхойлж, шийдүүлж байсан хэрэг маш цөөхөн байна. Ялангуяа бэлгийн гэмт хэргийн хохирогч нар, гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон тохиолдолд сэтгэл санааны хохирол төлүүлэх зайлшгүй шаардлагатай.
Энэ тохиолдолд өмгөөлөгч нар нь олон жилийн турш тууштай хөөцөлдсөний эцэст сэтгэл санааны хохирлыг үнэлүүлж, 10 хүртэл сая төгрөгийн нөхөн төлбөр олгуулахаар шийдвэрлүүлсэн юм билээ.
Ихэнхдээ хохирогч давхар сэтгэл санаагаар хохироод үлддэг. Монгол Улсын Үндсэн хуульд “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан.
Өөрөөр хэлбэл хэрэв хүний эрхийг зөрчсөн, хөндсөн бол түүнийг нь сэргээн эдлүүлэх тогтолцоог бүрдүүлэх учиртай. Ер нь хүний амь нас гэмт хэргийн улмаас хохирсон бол шууд зардлыг тооцохоос гадна алдагдсан боломж буюу орлого, мөн сэтгэл санааны хохирлыг давхар тооцдог бусад улсын жишигтэй юм байна. Амьдралын даатгалын асуудал ч хөндөгдөнө. Монгол Улс гарсан шууд зардлыг тооцдог хуулийн зохицуулалттай учраас Эрүүгийн болон Иргэний хуульдаа сэтгэл санааны хохирлыг тодорхойлох, тооцох шалгуурыг зохицуулах, нарийвчлан тодорхойлох шаардлагатай байна гэлээ.
ХАВТГАЙРСАН НАЙР, ХААЛТТАЙ ХААЛГАНЫ ЦААНА ХҮҮХЭД ХОХИРСООР Л БАЙХ УУ?
Өвчин зовлон өөрт ирэхээс нааш хүнийх л байдаг хойно. Бүгд хий дэмий халаглахаас биш, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хараа хяналт тавих тухай хэн ч хайхарсангүй. 10 настай охин хойд эцгийнхээ гарт амь насаа алдсан нь мөн л ердөө гурван жилийн өмнө. Гэвч тэгсхийгээд л мартагдсан.
Мөн л түүний адил М.Батзаяа хүүд тохиолдсон харамсалтай хэрэг гарснаас хойш зургаахан сар өнгөрч байгаа ч өнөөдөр санаж байгаа нь цөөн.
Улс төржилт, авлига, нүүрсний хулгай, архидалт, ядуурал зэрэг олон асуудлын цаана бид ирээдүй болсон үр хүүхдээ хамгаалах нь битгийхэл анхаарлынхаа гадна үлдээгээд уджээ. Үр дагавар нь, хэчнээн хүүхдийн эрүүл мэнд, амь насаар хэмжигдэх бол.
Сануулбал, найр хавтгайрч нийтээрээ цэцэг, шоколад, винонд бялуурч байхад уг харамсалтай хэрэг гарч байлаа. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр /2023.03.08/ Гэмтэл согог судлалын үндэсний төвд гурван настай хүү ухаангүй байдалтай эмнэлэгт хүргэгдсэн юм. Хүүхдийг зодсон М.Энхбилэг гэгч нь эмнэлэгт хүүг ухаангүй байдалтай, өндрөөс уначихлаа гэж хэлээд зугтсан. Эмнэлгээс тухайн этгээдийн талаар цагдаад мэдээлэл өгснөөр түүнийг баривчилсан юм.
Шалгалтын явцад, хүүгийн төрсөн эх Л, түүний хамтран амьдрагч Э нар эмнэлгийн байгууллагад хүргэсэн. Улмаар Л-ийн хамтран амьдрагч 34 настай, эрэгтэй Э нь хүүг эмнэлгийн байгууллагад хүргэсний дараагаар зугтаасныг тогтоосон байдаг. Сэжигтэн М.Энхбилэг гэгч нь 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ хүүхдийг зодсон. Улмаар хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэсэн гэх. Хэрэг гуравдугаар сарын 6-нд Баянгол дүүргийн аравдугаар хорооны хотхонд гарсан ч 8-нд эмнэлэгт хүргэгдсэн юм.
Иймд хүүгийн ээжийг гэмт үйлдлийг нуун далдалсан хэргээр шалгасан ч түүнд шүүх, прокурорын байгууллагаас яллагдагчаар татахаас татгалзсан.
Мөн Мөн М.Энхбилэгт прокурорын байгууллагаас хүчиндэх зүйл ангийг хасч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-2-2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Мөн
11.1 дүгээр зүйлд: Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах
1.Хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1 энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж заажээ.
Гурван настай хүүд хүнд гэмтэл учруулсан хэргээр шалгагдаж буй М.Энхбилэг өмнө нь цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан, 1989 онд төрсөн 33 настай. Тэрбээр өмнө нь 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-д зааснаар хүний биед хөнгөн гэмтэл учруулах зүйл ангиар ял шийтгүүлсэн. Мөн залилах гэмт хэргээр торгуулж байсан этгээд юм. Эх сурвалжийн мэдээлснээр сэжигтэн нь 2022 оны арваннэгдүгээр сард хохирогч хүүгийн ээжтэй нь танилцаж, 2023 оны нэгдүгээр сараас хамт амьдарч эхэлжээ.
ТЭР ӨНӨӨДӨР ЭМНЭЛЭГТ БИШ ЦЭЦЭРЛЭГТ ЯВЖ БАЙХ БАЙЛАА
Уг золгүй хэрэг гарсны дараахан /2023.3.09/ ГССҮТ-өөс “Хүүхдийн цаашдын тавиланг хэлэх боломжгүй” гэж тодорхойлж байв. Тус эмнэлгээс хүүхдийн биеийн байдлын талаар өгсөн мэдээлэлдээ “Биеийн байдал маш хүнд байна. Амьсгалын аппаратанд байгаа. Зүрх судасны дэмжлэгтэй байна гэсэн үг. Шаардагдах бүхий л тусламж үйлчилгээг үзүүлж байгаа” гэж байлаа.
Шинжээч эмчийн дүгнэлтээр хүүгийн шулуун гэдэсний хэсэгт хавагнаж цус хурсан шинэ гэмтэлтэй. мөчдөөрөө 1-3, 4-5 хоносон цус хуралттай, гавал тархинд цусан хараа үүссэн, хүзүүний III нугалам хугаралтай болохыг тогтоож байлаа.
Хүүгийн хувьд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүндхэн өдрүүдийг өнгөрөөж 20 гаруй хоногийн дараа Турк улсад эмчлүүлэхээр болсон юм. Харамсалтай нь өнөөдөр ч бяцхан биедээ ахадсан шаналал дунд үхэл, амьдралтай тэмцсээр байна. Хэрэв М.Батзаяа хүү элэг бүтэн гэр бүлд өсөж торнисон бол эцэг эх хариуцлагтай байсан бол өнөөдөр эмнэлэгт биш цэцэрлэгтээ инээгээд явж байх байлаа.
Б.ЦЭЦЭГ, Э.БУРАМ