Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа

2023 оны 9 сарын 212023-09-21
Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан боллоо. Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтын бүсэд авах тухай Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван танилцуулсан юм.

Тэрбээр “Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Толгойтын Баруун салаанд орших Бумбатын рашааны 39.1 га талбайг дүүргийн ИТХ-ын 2015 оны 10/10 тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авч байсан. Харин 2018 оны дүүргийн ИТХ-ын тогтоолоор хилийн цэсийг шинэчлэн тогтоон 44.1 га талбай болгон нэмсэн юм. Нийслэлийн Байгаль орчны газраас 2019 онд Бумбатын булгийг түшиглэн 1.2 метрийн гүнтэй, 10,500 шоо метр эзлэхүүнтэй хиймэл нуур байгуулсан. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021-2022 онд 11 мянга гаруй мод тарьснаар 7.7 га газарт ногоон бүс бий болголоо. Мөн орон нутгийн тусгай хамгаалалттай дөрвөн байршилд бичил тохижилт хийгээд байна” гэв.

Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтад авах асуудлаар Сонгинохайрхан дүүргийн 24 хорооны 70 гаруй иргэнтэй хэлэлцүүлэг хийхэд 98 хувь нь дэмжсэн аж. Газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авснаар эко системийн ач холбогдол бүхий газрын хамгаалалтыг сайжруулах нөхцөл бүрдэж, эко системийн тэнцвэрт байдлыг хангах боломжтой аж.

Цаашид орон нутгийн  тусгай хамгаалалттай газар нутгийг түшиглэн явган аяллын маршрутыг нэмэх, зэрлэг амьтдыг ажиглах мониторинг судалгааны цэгүүдийг байгуулах, тогтвортой санхүүжилтийн механизм бүрдүүлж, эко системийн үйлчилгээнд тулгуурласан хамгаалалтын менежментийг нэвтрүүлэх юм. Мөн нэн ховор амьтан, ургамалд таатай орчин бүрдүүлэх, тархац нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, олон улсын сайн туршлагыг судалж, стандарт мөрдүүлэх чиглэлээр ажиллана гэдгийг Нийслэлийн Байгаль орны газраас онцолж байв.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тус газарт судалгаа шинжилгээний зориулалтаас бусад төрлийн барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, гүний худаг гаргах, цооног өрөмдөхийг хориглодог байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Бумбатын рашааны 44.1 га талбайн 80 нэгж талбарт газар олголт хийсэн байснаас 76 нэгж талбарыг хүчингүй болгосон. Үлдсэн дөрвөн нэгж талбарт мод үржүүлгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд байгаа тул сонсох ажиллагаа хийж буй. Эдгээрийн байршлыг өөрчлөх, эсвэл газар олголтыг хүчингүй болгох ажлыг зохион байгуулна” хэмээв.

НИТХ-ын төлөөлөгчид орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрын ашиглалт, хамгаалалтад анхаарах, Бумбатын рашааны эхэнд байгаа суурьшлын бүсийг бүрэн цэгцлэх хэрэгтэйг хэлж байлаа.

Ийнхүү НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Толгойтын Баруун салаанд орших Бумбатын рашааны 44.1 га газрыг байгалийн нөөцийн ангиллаар орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа.

М.Тэнүүн

Санал болгох

Тусгай зориулалтын машин механизмын тендер зарлаж байна

 Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд 50,000 төгрөгийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

3 цагийн өмнө
Энэ онд барилга ашиглалтад оруулах 1496 хүсэлт иржээ

Эдгээр хүсэлтийг шийдвэрлэхдээ иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлсэн эсэх, барилгын стандарт, норм ба дүрмийн хэрэгжилт, холбогдох бичиг баримтыг шалган, комиссын 826 удаагийн үйл ажиллагааг зохион байгуулж, холбогдох шийдвэрийг гаргаад байна

6 цагийн өмнө
СӨХ-ны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ онд багтаан боловсруулна

Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрх ашгийг хамгаалах, Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үүрэг, хариуцлагыг оновчтой тогтоох зорилгоор Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахаар өнгөрсөн гуравдугаар сард Ажлын хэсэг байгуулсан

7 цагийн өмнө