Түгжрэлийн бууруулахын тулд нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачиж, журамлах ажил олон жил дамжин хэрүүл, уруултай үргэлжилж байна. Тэр нь товчхондоо иргэдийн халаасыг тэмтэрч ачилтын компаниудын ашиг орлогыг нэмэгдүүлсэн үү гэхээс гол асуудлаа шийдэх шийдэл болж чадаагүй. Харин ч иргэдийн эд хөрөнгийг эвдсэн, хүүхэд, хүнтэй нь цуг ачсан гэх гомдол шүүмжлэл тасардаггүй.
Өнөөдрийн байдлаар төрийн өмчит нэг, хувийн 15 ачилтын компани зориулалтын чирэгч автомашин ашиглан, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх ажил хийж буй. Тэд өөр өөрсдийн гэсэн журмын хашаатай. Нэг хашаанд өдөрт дунджаар 20-30 тээврийн хэрэгсэл “морилдог” гэнэ.
Татварын байгууллагаас авсан мэдээллээр 2022 онд ачилтын 15 компани нийтдээ 229 сая төгрөгийн татвар төлжээ. Үүнд ажилчдын хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг хамаарна.
Хамгийн сонирхолтой нь өнгөрсөн хугацаанд ачилтын компаниуд хуулийн зохицуулалт байхгүй гэх шалтгаанаар нийслэлийн төсөвт нэг ч төгрөг төлөлгүй явж иржээ.
Ямартай ч 2021 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ Тээврийн хэрэгслийг зөөвөрлөн шилжүүлэх, түр саатуулах журамд өөрчлөлт оруулан ачилтын 15 компани 60 мянган төгрөгийн орлогоосоо 10 хувийг нь буюу зургаан мянгыг нь нийслэлд өгөхөөр яригдаж эхэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл таг, чиг. Төрийн байгууллагууд энэ асуудлыг нэг талд нь гаргаж чадахгүй хоёр жил "дуншиж" байна.
Уг нь 2020-2021 онд Ачигч автомашинуудын нэгдсэн холбооноос Нийслэлийн авто замын хөгжлийн газар, НИТХ-д ачилтын компаниуд 60 мянган төгрөгийн 10 хувийг өгөх саналыг хоёр удаа хүргүүлсэн юм билээ. Бүр ажлын хэсгийн хуралдаанаар 2022 оны гуравдугаар сард "10 хувь нь бага байна. Ойрын зайд тээврийн хэрэгслийг зөөвөрлөн шилжүүлж байгаад нь 30 хувийн татвар, түүнээс бага километрт 10 хувь байх" саналыг Хууль зүй, дотоод хэргийн яам руу хүргүүлсэн байна.
Гэвч уг санал Тээврийн хэрэгслийг зөөвөрлөн шилжүүлэх, түр саатуулах журмын нэмэлт өөрчлөлтөд тусгагдаагүй сугарч үлдсэн нь анхаарал татна.
Энэ талаар бид албаны хүмүүсээс тодрууллаа.
------------------------------------------
НИТХ-ын төлөөлөгч, ажлын хэсгийн ахлагч Т.Батцогт уг журмыг санаачлан, ахлан ажиллаж буй. Түүнээс дээрх асуудлаар лавлахад "Ачилтын компаниуд 10 хувиа өгнө гэх асуудал огт яригдаагүй. НИТХ-руу энэ асуудал орж ирээгүй. Өмнө нь ч уг асуудлыг тавьж байгаагүй. Татвартай холбоотой асуудал нь тусдаа төсвийн асуудал. Нийслэл дээр татвар төвлөрүүлэх асуудал татварын байгууллага, Нийслэлийн замын хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгийн газартай ярилцаж байж шийдвэрлэх асуудал. Хэрэв аль нэг тал нь санаачилга гаргаад явбал болохгүй зүйл байхгүй" гэх зөрүүтэй мэдээлэл өгөв.
Угтаа бол тэрбээр уг асуудлыг мэдэхийн дээдээр сайн мэдэх байтал татварын асуудал дээр ийнхүү мэдэн будилах нь тэр.
Т.Батцогтын татвар өгөх талаар огт яригдаагүй гэдгийг Ачигч автомашинуудын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн дарга Ж.Давааням үгүйсгэв. Тэрбээр “Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо”-ны тэргүүн асан Б.Наранбаатар Т.Батцогт даргатай уулзалт хийх үеэр компаниуд 10 хувь өгөх талаар ярилцсан. Би тэр хуралд сууж байсан хүний нэг нь учраас тод санаж байна. Энэ асуудал татварын талаас Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль хооронд нийцэхгүй байх шиг байсан. Бид татвараа төлнө л гэсэн шүү дээ. Хуулийн хүрээнд төлөх боломжтой гэвэл төлөөд явна" гэдгийг онцоллоо.
Харин ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Тодорхой зохицуулалтуудыг сайжруулна. Өөрчлөлтүүд хийгдэж байна" гэхээс татварын асуудал дээр нэмэлт мэдээлэл өгсөнгүй.
Хэрэв ачилтын 15 компаниудаас татвар авахаар бол Татварын Ерөнхий хуульд өөрчлөлт оруулж УИХ-аар хэлэлцүүлж таарна. 2019 онд УИХ Татварын багц хуулиудыг шинэчлэн баталсан учраас ойрын хугацаанд хуульд гар хүрэхгүй нь лавтай. Тиймээс татварын асуудлыг журам, гэрээгээр шийдвэрлэх боломжтой гэх.
Эсвэл татвар төлөхгүй байх лоббиг ачилтын компаниуд явуулаад байна уу гэх хардалт нийгэмд байгааг ч нуухгүй. Учир нь машин ачилтын компаниудын эзэд яам, тамгын газарт ажиллаж байсан эсхүл банк бус санхүүгийн байгууллагатай хүмүүс байх бөгөөд "Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо"-ны удирдах зөвлөлийн дарга нь хүртэл өөрөө ачилтын компанитай байх жишээний.
НИТХ-ын төлөөлөгч, ажлын хэсгийн ахлагч Т.Батцогтын хувьд ХЗДХЯ журмыг батлахгүй байгаа талаар ийнхүү шүүмжлэв. Тэрбээр "НИТХ буюу анхан шатны нэгж иргэдээ төлөөлөөд цаасан дээр бүгдийг нь гаргаад өгчихлөө. Эндээс шипигээ аваад ХЗДХЯ хурдхан шиг журамд өөрчлөлт оруулахад яах вэ дээ. Ажлаа ерөөсөө хийхгүй байна. Хэрэв журам батлагдсан бол есдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх байлаа" гэв.
Улмаар Тээврийн хэрэгслийг зөөвөрлөн шилжүүлэх, түр саатуулах журмын нэмэлт өөрчлөлт дууссан ч хэзээнээс хэрэгжих нь тодорхойгүй бүрхэг хэвээр. Татвар авах заалт яагаад унасан талаар хариулт өгөх албаны хүн олдсонгүй.
ЖУРАМД ОРСОН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТҮҮД
Тээврийн хэрэгслийг зөөвөрлөн шилжүүлэх, түр саатуулах журамд орсон өөрчлөлтөөр олон нийтийн байцаагч гэх шинэ "мест" гаргажээ. Эдгээр хүмүүс нь нэгдүгээр эгнээнд автомашинаа байрлуулсан жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар 20 мянган төгрөгийн торгууль тавина. Ингээд болоогүй. Жолооч нарыг Зөрчлийн тухай хуулиар торгосон мөнгө төрд төвлөрнө. Ер нь бол машин ачилтын үйлчилгээг төр хамтарсан байдлаар ажиллуулах гэнэ.
Олон нийтийн байцаагч торгууль тавихдаа жолооч руу утасдаад таван минут хүлээх бөгөөд тэр хугацаанд жолооч амжиж автомашинаа аваагүй тохиолдолд ачилтын компани ачина. Хэрэв машин ачих үед жолооч нь гарч ирвэл машиныг үлдээнэ.
Жолооч автомашинаа амжиж аваагүй тохиолдолд нэг зөрчилд хоёр торгууль буюу нийт 80 мянган төгрөгөөр торгуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэг зөрчилд, хоёр торгууль гэсэн үг.
Үүнээс гадна ажлын цагт нийслэлийн төвийн 78 гудамж замын нэгдүгээр эгнээ автомашинаар дүүрдэг. Эдгээр зам талбайд ажлын бус цагаар 3-5 минутад автомашинаа байршуулсан тохиолдолд торгох шаардлагагүй гэсэн НИТХ-ын саналыг ХЗДХЯ-аас хассан байна.
Ер нь автомашин ачих зөвшөөрөл үз, байхгүй бол үнэгүй ав. Журам нь ийм. Хэрэв ачих зөвшөөрөлгүй бол төлбөр төлж автомашинаа авах албагүй.
Уг нь, төр менежмент сайн хийгээд хувийн компаниудын орлогоос тодорхой хэмжээний мөнгийг улс, нийслэлийн төсөвт суутгаж, тэр мөнгөөр нийслэлд хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болоод буй автомашины зогсоолыг шийдэж болохоор байлтай.
Э.СОСОРБУРАМ