Энэ жилийн улсын наадмын түрүү бөх М.Бадарч арслан допинг хэрэглэсэн нь батлагдаж, түүний шинжилгээний хариу эерэг гарсан. Үүнийг Хуулзүй дотоод хэргийн яамны /ХЗДХЯ/ Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг өчигдөр бататгаж мэдээлэл хийсэн. Тэгвэл өнөөдөр /2023.09.27/ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасч, түүнд цолны даваанд унасан бөхчүүдэд цол нөхөн олгохоор шийдвэрлэжээ.
Ингэснээр М.Бадарч 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаанд барилдахгүй гэсэн үг.
Тодруулбал, тус хурлаар аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин, өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага, улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан, улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан цол олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо. Мөн Улсын аварга Оргихын Хангайд “үлэмж бадрах” чимэг олгохоор болжээ. Дээрх саналаа Монгол Улсын ерөнхийлөгчид уламжилсан байна.
Ерөнхийлөгч саналыг хүлээж авснаас хойш 7 хоногийн дотор улсын цол, байрыг олгохгүй байх, эсхүл хасах, эсхүл нөхөн олгох шийдвэр гаргах хуулийн зохицуулалттай.
Э.БУРАМ