https://finance.yahoo.com/ сайтад гарсан нийтлэлийг задлавал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар “толхилцсон” агуулга ажиглагдана нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.

Төрийн байгууллагууд дахь удаа дараагийн авлига, хээл хахуулийн үйлдлүүд Монгол Улсын экспортын гол орлого буурахад хүргэж, эдийн засгийн өсөлтөд нь сөргөөр нөлөөлж байна.
Нүүрсээр баян тус улс бол Зүүний лагерын болон Зөвлөлтийн дагуул байсан байгалийн баялаг ихтэй орнуудад нийтлэг тохиодог “Баялгийн хараал” гэх үзэгдлийн тод жишээ. БНМАУ-аас өнөөгийн олон намын тогтолцоо бүхий улс болох шилжилтийн үйл явц дахь 30 жилийн турш үргэлжилсэн улс төрийн тогтворгүй байдал энэхүү үзэгдэл гарах шалтгаан болжээ.
Тус улс дахь Тавантолгойн нүүрсний орд нь 7.3 тэрбум тонн нөөцтэй дэлхийн хамгийн том ордуудын нэг. Гэвч энэ баялгийг ашиглаж эхлээд ердөө арван жилийн дотор 11.6 тэрбум долларын орлого алдагдаж, үүнийг “Монголын нүүрсний хулгай” гэж нэрлэж байна.
Эрдэс баялгийн экспортын үйл ажиллагаанд төр оролцож буй нь сонирхлын зөрчил үүсэх, танил талаа дэвшүүлэх, авлига гаарах суурь шалтгаан болж байна.
Монголын эрх баригчдын хийсэн шалгалтын үр дүнгээс үзэхэд сүүлийн 10-аад жилийн туршид Тавантолгойн нүүрс ачсан ачааны автомашинууд, ачаагүй байгаа гэж худал мэдүүлж, БНХАУ -руу өмнөд коридороор гарсаар байжээ.
Тус уурхайг хариуцдаг төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компаниас олон тэрбум доллар хулгайлсан энэхүү хэрэгт одоо мэдэгдэж буйгаар парламентын 17 гишүүн нэр холбогдоод байна. Монгол Улсын хараат бус Авлигатай тэмцэх байгууллага үндэсний хэмжээний хэвлэлүүдээр дамжуулан гишүүдийн нэрсийг зарлаж, хэрхэн эрх мэдэл, нөлөөгөө хувьдаа ашигласан тухай ч дурдсан. Таван улс төрчид хэрэг үүсгэн шалгаж буйгаас гадна гурван улс төрчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгалт үргэлжилж байна.
Монгол Улсад улс төрийн хээл хахууль шинэ зүйл биш бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигын эсрэг шийдэмгий арга хэмжээ авдгаараа алдартай. Түүний “Таван Ш” буюу “Шүгэл, Шүүр, Шувуу, Шилжүүлэн авах, Шилэн” санаачлага улс орныхоо эдийн засгийн өсөлтийг хангах, цар тахлаас үүдэлтэй сөрөг нөлөө, өндөр дээд түвшний авлигатай тэмцэх зорилготой. Одоо тэр гол анхаарлаа нүүрсний салбарт төвлөрүүлж байна.
Ерөнхий сайд парламентын гишүүдийг шалгуулахыг шаардаж, нүүрсний хулгайн гэмт хэргийг шалгаж, шийтгэхээр тууштай хөөцөлдөж байгаа.
Л.Оюун-Эрдэнэ буруутай бүхэн хариуцлага хүлээх ёстой гэсэн тодорхой мессежийг өгч байгаа.
Нүүрсний хулгайн дуулианд холбогдсон этгээдүүдийн талаар баримтлах бодлого чангарахтай зэрэгцэн хоёр өндөр албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж эрх бүхий байгууллагуудын шалгалтын ажиллагаанднөлөөлж байна.
Энэхүү хөндлөнгөөс нөлөөлөх ажлын гол хүмүүс нь нүүрсний хулгайн дуулианд нэр холбогдсон 17 гишүүний дунд нэр нь багтаагүй Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд нар юм. Эрх баригч МАН-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн зөвлөх Ц.Чулуунзагдын хамт хөндлөнгөөс нөлөөлөх, хээл хахууль, залилан, ашиг хонжоо хайсан бас нэгэн нарийн төвөгтэй нүүрсний хулгайн дуулианд холбогдоод байна.
Д.Амарбаясгаланг олон нийт улс төрийн сайн стратегич гэж тооцох бөгөөд тийм ч учраас өмнө нь ЖДҮ-ийн сангаас зээл авсан хэрэгтээ хариуцлага хүлээгээгүй. Харин одоо нүүрсний цогц хулгайн схемд холбогдоод буй тул тэр мөрдөн шалгах байгууллагын гол бай болоод байна.
Ц.Чулуунзагд одоо АТГ-т шалгагдаж, түүнд эрүүгийн хэрэг нээгээд байгаа. Д.Амарбаясгалан мөн албан тушаалаа ашиглан мөрдөн шалгах ажиллагаанднөлөөлсөн хэрэгт буруутгагдаж байна.
Монголын улс төрчид албан тушаал хашиж байх үедээ хувийн бизнес эрхлэх хориотой. Үүнээс үүдэн улс төрд нөлөө бүхий хүмүүс хамаатан садан, найз нөхөд, бизнесийн түншүүдээрээ дамжуулж бизнесээ чимээгүйхэн удирдах нь түгээмэл.
Төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компанийн албан ёсны цахим хуудсанд дурдсанаар Тавантолгойн “Бор тээг”-ийн талбайд түншлэлийн хэлэлцээрийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү түншлэлийн хэлэлцээрт хамрагддаг компаниудын нэг нь түүхий нүүрсийг хагас-коксжих нүүрс болгох баяжуулагч барьж буй Админерал ХХК юм. Админералын нүүрс баяжуулах үйлдвэр Засгийн газартай 30 жилийн гэрээ байгуулсан.
Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд нар 2021 оны 7 сарын 2-нд Админерал компанийг байгуулсан гэх мэдээ байна. Компанийн мэдээллийн дагуу Админерал компанийн бүртгэлтэй эзэмшигч нар нь Ц.Чулуунзагдын дүү Ц.Ламжав, Ван Шүепин нар юм. Ц.Чулуунзагдын эхнэр н.Баярмаа тус компанид нягтлангаар ажиллаж, захирлуудын зөвлөлд багтдаг.
Хөрөнгө оруулалтын чиглэлийн гурван компани Админерал ХХК-д хувь эзэмшдэг. Монгол Улсын Моновант ХХК 45%, Хятадын Кужоу Лонюан Трэйдинг компани 34%, Хонконгийн Рүйшен Глобал групп ХХК үлдсэн 21%-ийг эзэмшдэг.
Ихэнх хувьцаа эзэмшдэг Моновант ХХК-ийг Хятадын бизнесмэн Насан-Уртын Хасбаатар, Ц.Ламжав нар байгуулж, эзэмшдэг. Н.Хасбаатар, Ц.Ламжав нар мөн Рөүд энд Майнинг технологи ХХК-ийг хамтран байгуулжээ. Энэхүү адармаатай сүлжээгээр дамжуулж Монголын төрөөс мөнгө авч, гэрээ байгуулдаг.
Кужоу Лонюань Трэйдинг болон Рүйшен Глобал Групп компани Эрдэнэс Тавантолгойгоос 2021 оны 10 сарын 4-нд 300,000 тонн, 2022 оны 7 сарын 9-нд 500,000 тонн нүүрс худалдан авчээ.
2021 оны 6 сарын 29-өөс 2022 оны 10 сарын 29-ий хооронд Кужоу Лонюань Трэйдинг, Рүйшен Глобал Групп ХХК, Доншенг Петролеум ХХК, Хятад-Монголын хамтарсан AITS интеллижент компаниуд Админерал ХХК-ийн дансанд 2,164,769 ам.доллар шилжүүлжээ.
2021 оны 7 сарын 2-нд Админералын Ц.Ламжав өөрийн Моновант компани руу зээл гэх нэрээр 52,000 ам.доллар шилжүүлсэн бөгөөд түүний өмнөхөн Админералын Жан Шижү Моновант компани руу 6 сарын 29-нд 101,970 доллар, 6 сарын 30-нд 62,994 доллар шилжүүлжээ. 7 сарын 6-нд Админерал компани Моновант компанийн хамтран эзэмшигч Н.Хасбаатар руу 102,000 доллар шилжүүлжээ.
Энэхүү толгой эргэм гүйлгээний мэдээллүүдээс харахад хээл хахуулийн хэрэг үйлдэгдэж, хуурамч худалдан авалт хийгдсэн байх магадлалтай байна. Д.Амарбаясгалан Тавантолгойн нүүрсний ордоос Админералаар дамжуулж 47,000 тонн нүүрсний ашиг олсон байх магадлалтай. Энэ хэргийг шалгах үйл явц одоо үргэлжилж байгаа ч Д.Амарбаясгалан нэр нөлөөгөө ашиглаж шалгах явцыг удаашруулж байна.
Монгол Улсын Тавантолгой нүүрсний тээврийг хариуцахаар 20 өөр компани өрсөлдөж буйн дотор санхүүгийн хувьд Д.Амарбаясгалантай холбоотой ядаж нэг компани бий. Түүний эхнэр Д.Бямбасүрэн 2010 онд Жабко ХХК-г, 2011 онд Топмедиа ХХК-г байгуулсан бөгөөд аль аль нь 2017 онд НИТХ-ийн төлөөлөгч байх үеийн хөрөнгө, орлогын мэдүүлэгт нь тусжээ. Б.Эрдэнэжаргал гэх хүн Д.Бямбасүрэнгийн хоёр компанийг хариуцан ажилладаг.
Б.Эрдэнэжаргал мөн 2010 онд Глобал Гүүр Транс ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани Тавантолгойн ордоос Цагаан хад, Мааньт, Чойрын боомт руу 26,840 тонн нүүрс тээвэрлэжээ. Д.Амарбаясгалангийн Тавантолгойтой холбогдох бусад сэжүүр, бизнесийг харгалзан үзвэл үүнийг санамсаргүй тохиолдол гэж харахад хэцүү.
Эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга шууд гэрээ байгуулах нь хориотой. Д.Амарбаясгалан эхнэрийнхээ компаниудыг халхавч болгон ашиглаж өөрөө хөшигний араас удирдан санхүүгийн эрх ашиг нэгтэй компаниудыг төртэй гэрээлэхээр сонгожээ.
Л.Нямбаяр бол Д.Бямбасүрэнгийн Хасмедиа групп компанийн 24%-ийг эзэмшдэг найз, бизнесийн түнш нь. Л.Нямбаяр нүүрсний тээврийн бүртгэл, хяналтыг хариуцдаг Гашуун Сухайт Рөүд ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн гишүүн.
Д.Амарбаясгалангийн бас нэг төлөөний хүн нь түүний найз, нүүрс тээврийн машинд зөвшөөрөл олгож, журамладаг төрийн өмчит АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзон.
Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд нар албан тушаалаа ашиглаж төрийн бодлого, эрчим хүчний салбарт нөлөөлдөг тухай баримтууд ч бий.
Эрчим хүчний яам 45 хоногийн хугацаатай, 51.5 сая долларын төсөвтэй туршилт дээр үндэслэн хагас коксны үйлдвэр байгуулж нүүрснээс гарах хаягдлыг бууруулах санал дэвшүүлсэн. Сайжруулсан түлшний чанарыг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах аль аль нь нийтийн ашиг сонирхолд нийцэх эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон түүний компани, холбоод энэ ажлыг яагаад хариуцаж буй нь тодорхойгүй байна.
Админерал ХХК, Глобал гүүр Транс компаниуд Монгол Улсын ардчилалд аюул занал учруулж байна. Тэд төрийн дээрэмд оролцож буй нь авилгатай тэмцэх санаачлага дэвшүүлж буй эрх баригч намын дотор ч хагарал үүсгэж байна. Ерөнхий сайдаас эрх мэдлийг нь булаан авахын тулд төлөөний хүмүүсээ ашиглаж буй нь эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд ч сөргөөр нөлөөлж байж болох юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намынхаа гишүүдийн бий болгож буй улс төрийн тогтворгүй байдлыг давж ил тод байдлыг бэхжүүлж, шалгалтаа үргэлжлүүлж чадвал Монгол Улсад хөрөнгө оруулах таатай орчин бүрдэж олон улсын корпорациуд орон нутагт салбар нэгжээ байгуулах боломж бүрдэнэ.
Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн төлөөх тулаанд эцсийн дүндээ хэн ялах нь сонин хэвээр байна. Үндэсний ашиг сонирхлоо төлөөлж буй Засгийн газар уу, эсвэл халаасаа дүүргэсэн авилгажсан албан тушаалтнууд уу. Монгол Улсын ирээдүй дээсэн дөрөөн дээр байна.