Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороонд байрлах гэр цэцэрлэгийн 12 хүүхэд хоёр багш угаартжээ. Уг хэрэг өчигдөр /2023.10.02/ 14:25 цагт гарсан бөгөөд багш нар өөрсдөө түргэн тусламжийн 103-т дуудлага өгсөн байна. Яаралтай тусламжийн эмч үзлэг хийхэд хүүхдүүдэд угаарын шинж тэмдэг илрээгүй, хоёр багшид угаарын хөнгөн шинж илэрч эмч нар зөвлөгөө өгчээ.
65 настай эмэгтэй Ц, 55 настай эмэгтэй А нар нь галлагааны өрөөнд байхад нь толгой нь өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрсэн учраас угаарт өртөж буйгаа мэдсэн байна.
Угаарын хийн талаар Химич О.Гал-Очир "Угаарын хий СО буюу нүүрстөрөгчийн дутуу исэл өнгөгүй, үнэргүй байдаг нь хамгийн гол аюул нь. Харж чадахгүй, үнэрлэж чадахгүй учир галдаа нүүрс нэмчхээд л номоо уншиж сууж байгаад л угаартан, нас барах эрсдэлтэй" гэжээ.
Эргэн сануулахад, есдүгээр сарын 26-нд нэг айлын дөрвөн хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Ид хийж бүтээх насан дээрээ явсан 33 настай эмэгтэй гурван хүүхдийн хамт “тэврэлдэж” унтаад эргэж сэрээгүй юм.
Тус айлын утаа мэдрэгч нь ажиллагаагүй байсан учраас Тавантолгой түлш компанийн хяналтын ажилтнуудын бүртгэлд бүртгэлтэй байсан гэх мэдээллийг эх сурвалж өгч байв.
Э.БУРАМ