Хүүхэд бусдад зодуулж бэртэж гэмтсэн, осолд өртсөн, амь насаа алдсан тухай харамсалтай мэдээлэл сүүлийн үед өдөр бүр шил шилээ даран хөврөх болов. Хамгийн сүүлд, өчигдөр Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах байрны есөн давхрын цонхоор 4 болон 7 настай эгч дүү хоёр унаж нас барсан хэрэг олныг цочирдууллаа. Энэ асуудлаас үүдэн хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хөндөгдөж, холбогдох албаны хүмүүс өөрсдийн тайлбарыг өгч эхэллээ.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэл өгөх үеэр амь насаа алдсан хүүхдүүдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлээд эцэг эхчүүдийн хүүхдэдээ анхаарал тавих нь нэн тулгамдсан асуудал болсныг тодотгов. Тус газраас “Бид хүүхдэд, иргэндээ хүрч үйлчлэхийг хичээж ажиллаж байна. Хүүхдийн тусламжийн 108 төв 24:00 цагаар ажиллаж яаралтай тусламж үзүүлж, утасны дэргэд хүүхэд хамгаалах төв ажиллаж байна” гэв.
Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр Хүүхдийн тусламжийн 108 дугаарт өдөрт 400-500 орчим дуудлага мэдээлэл бүртгэгдэж байна. Үүний 70 гаруй хувь нь эцэг эхчүүдийн үл хайхрах хүчирхийлэл эзлэх болжээ.
Энэ тухай “Хүүхдийг хүүхдээр нь харуулж байгаа нь өөрөө эрсдэл. Эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал хандуулахаа больжээ” гэдгийг тодотгосон.
Есдүгээр сар гарсаар хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэгт өртсөн тухай дуудлага 2-3 дахин өссөн байна. Улсын хэмжээнд хоногт дунджаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 7-8 хүүхдийг хүүхэд хамгаалах төв, хамтарсан багт холбож тусламж үзүүлж байгаа бол сард 30-40 хүүхэд хандаж байгаа аж. Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын газраас улсын хэмжээнд түр хамгаалах 34 цэг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдоор дүүрснийг хэлсэн юм.
Б.ЦЭЦЭГ