Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчид нэр дэвшигчээр Ц.Цогтыг танилцуулав. Түүнийг гишүүд олонхиороо дэмжиж, амжилт хүссэн. Мөн өмнө нь танилцахаас хойшлуулсан С.Батхүлэгийг УИХ-д танилцуулахаар оруулж ирэхэд гишүүд олонхиороо эсэргүүцэв. С.Батхүлэг нь Голомт банкны өмгөөлөгч, хууль зүйн газрын даргаар ажиллаж байсан хэдий ч Дээд шүүхийн шүүгч болоход хуульчаар ажилласан жил нь хүрээгүй нэгэн. Хэрэв Хууль зүйн байнгын хорооны гишүүд нэр дэвшигч С.Батхүлэгийн материалтай танилцвал хууль зөрчсөн томилгоо Ерөнхийлөгчөөр шууд хийгдэнэ. Тийм учраас танилцахгүй хэмээн бүгд картаа сугалан гарч, Байнгын хорооны хурлыг ирцгүй болгов. Гишүүдийг гарах мөчид УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж С.Батхүлэгт хандан “Ховдын гурав чинь л үлдсэн шүү” гэж хэлнэ лээ. Тэр нь Ш.Адьшаа, С.Бямбацогт, Б.Пүрэвдорж нар юм.