Монголд хамгийн анх өндөрт татсан утсан дээгүүр алхсан циркчин, экстрим жүжчигчин М.Мягмарсайхан энэ удаад ХБНГУ-ын Кассл хотын Эдерсий нуурын эрэгт орших хүүхдийн паркийн алсыг харагч дээр алхлаа. Тэр энэ удаад алсыг харагч дээр алхсан анхны монгол хүн болж, дахин 1 амжилт тогтоолоо. “Үхлийн цагариг”-аас ялгаатай нь алсыг харагчийн гадаргуу тэгш бус тул хажуугийн төмөр дээр алхжээ. Түүний энэ үзүүлбэрийн талаар Герман, Европын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцлон мэдээлж, сурвалжилж байна. Германы Хессен мужийн олон нийтийн телевиз болох “Hessischer Rundfunk” (HR)-ийн мэдээний хөтөлбөрөөр цацагдсан сурвалжилга, Герман улсын нэгэн сонинд нийтэлсэн сурвалжилгыг Монголынхоо уншигчдад тоймлон сонирхуулъя.
Сурвалжилга:
Монголын циркчин Мика Мижиддорж өдөр бүр 14:00 болон 20:00 цагт дугуйн бэхэлгээ, хөндлийн дээгүүр алхах үзүүлбэр үзүүлнэ. Энэхүү үзүүлбэр нь амьсгаа даран хармаар тоглолт болно гэж тоглоомын газрын эзэд амлаж байна. Пфингстений баяраар дугуйн урд хэсэгт байрлах хоол үйлчилгээ нь мөн эхэлнэ.

42 настай Мика Мижиддорж акробатын үзүүлбэрийнхээ үеэр алсыг харагчийн аварга дугуйг бүтэн тойрох хугацаанд гүйцэд алхан туулдаг. Тэрээр нийт 120 метр замыг туулдаг юм. Энэ үед дугуй секундэд 0.25 метрийн хурдаар эргэж байдаг. Түүний алхдаг төмөр хөндлөвч ердөө 9 см өргөн.

Сэтгэл түгшээсэн ч гэлээ: “Аюулгүй байдал хамгийн түрүүнд тавигдана” гэж Герхард Ханс хэлэв. Салхи, бороо орсон тохиолдолд энэ нь аюултай болж болзошгүй учраас үзүүлбэрийг яаралтай хойшлуулж магадгүй гэж мэдэгдэв.
Мика Мижиддорж 1991 оноос хойш циркийн жүжигчнээр ажиллаж байгаа бөгөөд сүүлд Берлин дэх “Ронкалли” циркт тогложээ.

Швейцарын алдарт өндөр олсны экстрем артист, адал явдалт жүжигчин Фредди Нок түүний багш байсан бөгөөд гурван жилийн өмнө Хансын гэр бүлийн шинэ аварга дугуйн дээр анх удаа алхаж үзүүлсэн юм.
“Фреддигээс би амь өрссөн дугуйн үзүүлбэр, ганхаж савлах шон, өндөр олсон дээр алхах бүхнийг сурсан” хэмээн өнгөрсөн жил нас барсан багшаа дурсан Мика Мижиддорж өгүүлжээ. Тэрээр Нок багшдаа насан туршдаа талархах болно гэж хэлээд, Хансын гэр бүл өөрт нь ийм боломж олгож байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн байна.
“Би дээр гарч зогсох үедээ бүх анхаарлаа төвлөрүүлж, зөвхөн дараагийн алхамдаа л бодлоо хандуулдаг” гэж Мика тайлбарлав.
“Мика л энэ дугуйн дээр алхахаар зориглосон цорын ганц хүн” хэмээн Герхард Ханс бахархалтайгаар хэллээ. Энэ нь уг акробатын үзүүлбэр ямар хүнд хэцүү болохыг илтгэнэ.

“Микагийн үзүүлбэрийн үеэр нэгэн гэнэтийн бэлэг ч бий” гэж Якоб Ханс мэдэгдэв. Үзүүлбэрийн дараа газраас жаахан өндөрт Slackline (уян олс) татаж, хүүхдүүд акробатчин Микатай хамт туршиж үзэх боломжтой болно.
Энэхүү гол хөтөлбөрөөс өмнө Эдертал хотын дарга Фредерик Вестмайтер болон захиргааны ажилтан Марейке Абрахам нар Эдерталын цэцэрлэг, бага сургуулийн хүүхдүүдэд аварга дугуйны үнэгүй тасалбар тараасан байна.