horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

АНУ, БНХАУ-ын ээлжит худалдааны яриа хэлэлцээ Лондон хотноо үргэлжилж байна

post-img

АНУ, БНХАУ-ын худалдааны асуудлаарх ээлжит яриа хэлэлцээ даваа гарагт Их Британийн нийслэл Лондон эхэллээ.

Яриа хэлэлцээнд АНУ-ын талаас Сангийн төрийн нарийн бичгийн дарга Скотт Бессент, Худалдаа аж үйлдвэрийн төрийн нарийн бичгийн дарга Ховард Лутник, АНУ-ын худалдааны төлөөлөгч Жеймисон Грийр нар, БНХАУ-ын талаас Төрийн зөвлөлийн шадар сайд Хэ Лифэнь, Худалдаа аж үйлдвэрийн сайд Ван Вэнтао нар хүрэлцэн ирж, оролцож байна. 

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар холбогдон ярилцсаны дараа ийнхүү хоёр талын худалдааны яриа хэлэлцээ үргэлжлэн зохион байгуулагдаж байна.

Өнгөрөгч 5-р сард Швейцарийн Женев хотноо зохиогдсон хоёр талын эхний яриа хэлэлцээний төгсгөлд харилцан тогтоосон тарифуудаа 90 хоногийн хугацаанд тодорхой хэмжээнд буулгах тохиролцоонд хүрч, худалдааны яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсон боловч Вашингтоны зүгээс Бээжинг газрын ховор элемент болон бусад бараа бүтээгдэхүүнийхээ экспортыг зориудаар барьж, зогсоосон хэмээн буруутгаж, Бээжин ч мөн Вашингтоныг тохиролцоогоо ноцтой зөрчсөн хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл Лондон хотноо эхлээд буй энэ удаагийн уулзалт хэлэлцээний үеэр ухаалаг гар утас, компьютерын чип, цахилгаан машин гэх зэрэг орчин үеийн технологид хамгийн гол чухал хэрэгцээтэй болоод буй Хятадын газрын ховор элементийн экспортын асуудлыг голчлон хэлэлцэж байгаа талаар олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Дээр дурьдсан 90 хоногийн хугацаанд дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч хоёр улс худалдааны асуудлаа нэг тийш нь болгож, зөрчлөө шийдвэрлэн, нэгдсэн тохиролцоонд хүрэх ёстой байгаа ба Лондон хотноо Ланкастер Хаусд зохиогдож буй хоёр талын яриа хэлэлцээ мягмар гарагт мөн үргэлжлэх болно.

0/1000