Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргэх зорилго бүхий, 12 зорчигчтой, Шведийн идэвхтэн Грета Тунбергийн жижиг усан онгоцыг даваа гарагт Израилын эрх баригчид зогсоосон талаараа мэдэгджээ.
Энэ сарын 1-ний өдөр Италиас хөдөлсөн “Мадлин” хөлөг онгоцонд идэвхтэн тэмцэгч Грета Тунбергээс гадна мөн Франц улсаас сонгогдсон Европын парламентын гишүүн Рима Хассан, Аль Жазира агентлагт ажилладаг Францын сэтгүүлч Омар Файяд болон Бразил, Франц, Герман, Нидерланд, Испани, Швед, Турк улсын иргэд байсан байна.

Хүмүүнлэгийн хямралд өртөөд буй Газын зурвас дахь палестинчуудад цагаан будаа, хүүхдийн хоол зэрэг хандив, тусламжийн барааг бэлгэдлийн шинж чанартайгаар хүргэж өгөх зорилготой “The Freedom Flotilla Coalition” байгууллагын өмнөөс аялалд гарсан тус хөлгийн багийнхныг Израилын зэвсэгт хүчнийхэн замд нь зогсоож, Израилын Ашдод боомт хотод чирэн авчирсны дараа хөлгийн багийн гишүүдийг “эрүүл мэндийн үзлэгт оруулж байгаа” хэмээн мэдэгджээ.

Мөн Израилын засгийн газрын мэдэгдэлд “одуудын жижиг усан онгоцыг” Газын зурваст хүрэхээс нь өмнө зогсоосон бөгөөд хөлгийн багийн гишүүн тус бүрийг нутаг буцаах болно гэжээ.
The Freedom Flotilla Coalition байгууллагын зүгээс олон нийтэд цацсан дүрс бичлэгт Израилын зэвсэгт хүчнийхэн усан онгоц руу гарч ирэх үед аврах хантааз өмссөн идэвхтнүүд бүгд гараа дээшээ өргөсөн байдалтай байснаас гадна тэд бүгд гар утсаа ус руу шидэж байгаа нь бичигджээ. Мөн Грета Тунбергийн “хэрвээ та энэ бичлэгийг үзэж байгаа бол биднийг Иззраилын зэвсэгт хүчин, эсвэл тус улсыг дэмждэг хүчнийхэн олон улсын усанд зогсоож, барьцаалсан” хэмээн хэлж буй бичлэгийг нийтэлсэн байна.
Харин Израилын батлан хамгаалах яамнаас Израилын цэргүүд хөлгийн багийнханд хачиртай талх, цэвэр ус өгч байгаа дүрс бүхий бичлэгийг цацжээ.
Өнгөрсөн ням гарагт Израилын батлан хамгаалахын сайд Израел Катц өөрийн Х хуудсандаа Грета Тунбергийн усан онгоцыг Газын зурваст хүргэхгүй байх тал дээр арга хэмжээ авахыг Израилын зэвсэгт хүчинд даалгасан хэмээн мэдэгдэж байсан бол The Freedom Flotilla Coalition байгууллагын зүгээс олон улсын эзэмшил болох далай тэнгист зорчиж буй хөлөг онгоцыг хорих нь хууль бус гээд, “энэ нь Израил улс энгийн иргэдийн эсрэг хууль бус хүчирхийлэл ашигладгийн бас нэгэн жишээ боллоо” хэмээн мэдэгдсэн юм.
Францын ерөнхийлөгч Э.Макрон тус хөлөгт зорчиж буй Францын иргэн болох 6 идэвхтний аюулгүй байдлыг хамгаалж, нэн даруй нутаг буцаахыг шаардсан мэдэгдлийг даваа гарагт хийсэн бол Швед улсын ГХЯ-ны зүгээс дээрх асуудлаар Израилын эрх баригчидтай холбогдсноо мэдэгджээ. Харин Турк улсын зүгээс “олон улсын усан дээр аймшигтай халдлага үйлдсэн явдалд” харамсч буйгаа илэрхийлсэн байна.
Израилын гадаад хэргийн яамнаас Грета Тунбергийн усан онгоцон дээрх бүх зорчигчид аюулгүй, ямар нэгэн гэмтэлгүй байсан бөгөөд тэднийг Израилын эргийн бүсээс гаргаж, нутагт нь буцаасан талаар мэдэгдсэн байна. Харин тэдний усан онгоцондоо ачиж явсан багахан хэмжээний тусламжийн хүнсийг “бодит” хүмүүнлэгийн байгууллагуудын сувгаар дамжуулан Газын зурваст хүргэх болно гэдгийг мөн тус яамнаас нэмж мэдэгджээ.