Трампын засаг захиргааны хэрэгжүүлж буй хууль бус цагаачдыг баривчилж, албадан гаргах өргөн хэмжээний үйл ажиллагааг эсэргүүцсэн иргэдийн жагсаал АНУ-ын Лос Анжелес хотноо өнгөрсөн баасан гаргаас эхлэн зогсолтгүй үргэлжилсээр байна. Ерөнхийлөгч Д.Трамп тус хотод хэв журам сахиулах үүднээс өөрийн онцгой эрх мэдлийг ашиглан, Үндэсний гвардын 2000 цэргийг тийш илгээгээд байна. Даваа гарагт тэрээр дахин Үндэсний гвардын 2000 цэрэг, тэнгисийн 700 явган цэргийг Лос Анжелес хотод дайчлан илгээхийг тушаасан байна.

Үүнийг Трампын засаг захиргаа, АНУ-ын Батлан хамгаалах яам болон Тэнгисийн цэргийн хойд бүсийн командлалын алба батлан мэдээллээ.
АНУ-ын Ерөнхийлөгч өөрийн тушаал, шийдвэрийг өмгөөлж, “Иргэний дайн гарахыг хүсэхгүй байна” хэмээн мэдэгдсэн бол Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом Лос Анжелес хотод олон мянган цэрэг илгээхээр болсон Трампын засаг захиргааны шийдвэрийг эсэргүүцэж, даваа гарагт Калифорни муж улсын захиргааны өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргаж, Д.Трампын 7-ны өдөр гаргасан Ерөнхийлөгчийн санамж бичиг болон АНУ-ын Батлан хамгаалах департамент түүнийг нь мөрдөж Калифорнийн Үндэсний гвардыг Лос Анжелес хотод илгээсэн тушаалыг хууль бус гэж үзэн, холбогдох тушаалыг хүчингүй болгохыг шүүхээс шаардсан байна.

Мөн өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Калифорни муж улсын захирагчийг Лос Анжелес хотыг сүйрүүлэхийг зөвшөөрсөн гэж буруутгаад, “Иргэний дайныг хүсэхгүй байгаа учраас Үндэсний гвардын асуудал дээр тэдэнд өөр ямар ч сонголт байхгүй. Засаг захиргаа зөв зүйтэй зүйл хийж байгаа. Лос Анжелес дахь эсэргүүцлийн жагсаал үймээн самуунд хүргэж болзошгүй. Хэрэв шаардлагатай гэж үзвэл Үндэсний гвардыг Калифорни руу илгээнэ” хэмээн мэдэгджээ.
Өнгөрсөн баасан гарагт эхэлсэн хотын оршин суугчдын эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөн ням гаргаас эхлэн хүчирхийллийн шинжтэй болж эхэлсэн. Жагсагчид дэлгүүрүүдийг дээрэмдэх, тонох, автомашин галдан шатаах, цагдаагийн машин руу элдэв зүйлс шидэх зэргээр нөхцөл байдал улам хурцдаж эхэлсэн бол хууль сахиулагч хүчний байгууллагийнхан уг жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий цацаж, резинэн сумтай буу ашиглаж байгаа ажээ. Үйл явдлыг газар дээрээс нь сурвалжилж байсан Австрали болон Их Британийн сэтгүүлчид резинэн суманд оногдсон тохиолдол ч гарчээ.

Үймээн самууны үеэр 58 хүнийг баривчлаад байгаа бол 5 цагдаа бэртэж гэмтсэн талаар Америкийн хэвлэлүүд мэдээлж байна. Зөвхөн Лос Анжелес гэлтгүй Сан Франциско хотод ч эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байгаа бөгөөд тус хотод 60 орчим хүнийг баривчилсан байна.

АНУ-ын Цагаачлал, гаалийн хяналтын алба сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд бичиг баримтгүй, хууль бус цагаачдыг баривчлах ажиллагааг эрчимтэй явуулж байгаа. Энэхүү эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөн өрнөхөд хүргэсэн өнгөрсөн баасан гаргийн баривчилгааны үеэр зөвхөн нэг ажлын байрнаас л гэхэд 44 хууль бус цагаачийг баривчилсан бол мөн өдөр Лос Анжелес хотын орчмоос өөр 77 цагаачийг баривчилсан байна. 6-р сарын 4-ний өдөр гэхэд тус агентлаг хууль бус 2200 цагаачийг баривчилсан нь нэг өдөрт хамгийн олон цагаач баривчилсан шинэ дээд хэмжээг тогтоожээ.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын департментаас гаргасан хэвлэлийн мэдээнд сүүлд Лос Анжелес хотод баривчлагдсан хууль бус цагаачдын дунд бэлгийн хүчирхийлэл, хулгай дээрэм, хар тамхи, мансууруулах бодис болон бусад төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүс багтсан талаар цохон тэмдэглэсэн байна. Харин орон нутгийн цагаачлалын өмгөөлөгчид болон хотын оршин суугчид огт гэмт хэрэгт холбогдож байгаагүй цагаачдыг баривчилж, олон гэр бүлийг гишүүдээс нь салгаж байна хэмээн гомдоллож, шүүмжилж байгаа ажээ.