АНУ-ын Эрүүл мэндийн төрийн нарийн бичгийн дарга бага Роберт Ф.Кеннеди сонирхлын зөрчлийн улмаас Холбооны вакцины зөвлөх хорооны бүх гишүүдийг ажлаас нь чөлөөлж байгаагаа даваа гарагт зарласан байна.
Дархлаажуулалтын Зөвлөх Хороонд (Acip) багтдаг бүх 17 эксперт, мэргэжилтнүүдийг ажлаас нь чөлөөлж буй тухай мэдэгдлийг тус департаментын зүгээс албан ёсоор гаргахын сацуу мөн Уолл Стрит сэтгүүлд нийтэлжээ.
Тус сэтгүүлд гарсан нийтлэлд Дархлаажуулалтын Зөвлөх Хорооны ашиг сонирхлын зөрчил нь вакцинд итгэх итгэлийг алдагдуулж байсан хэмээн бага Роберт Ф.Кеннеди онцолсон байна. Тэрээр “Америкийн ард түмэнд аль болох аюулгүй вакцин хийлгэхийг хүсч байна” гэжээ.
Вакцины талаарх ташаа мэдээллийг сурталчлахад хорин жилийг зарцуулсан гэгддэг бага Роберт Ф.Кеннеди өөрийн энэхүү шийдвэрийг олон нийтийн итгэлийг сэргээхэд чухал ач холбогдолтой гэж үзээд, вакцины зөвлөх хороог эмийн компаниудтай санхүүгийн харилцаа холбоотой хэмээн мэдэгджээ.
Мэдэгдэлдээ тэрээр ашиг сонирхлын зөрчилтэй тус хороо нь “ямар ч вакцинд зөвшөөрөл өгдөг, тамга дардаг газар болж л хувирсан” хэмээн буруутгасан байна. Мөн тэднийг орлох хорооны шинэ гишүүдийн асуудлыг судлаж, авч үзэж байгаагаа мэдэгдсэн ч хэнийг томилох гэж байгаа талаараа тодорхой мэдээлээгүй байна. Тэрээр ашиг сонирхлын зөрчилгүй, салбартаа танигдсан эксперт, мэргэжилтнүүдийг томилно гэдгээ мэдэгджээ.
АНУ-ын Сенат дахь Ардчилсан намын тэргүүн Чак Шумер, Бүгд найрамдах намын гишүүн, сенатч Билл Кэссиди болон эрүүл мэнд, эм бэлдмэл, вакцины салбарын мэргэжилтнүүдийн зүгээс түүний шийдвэрт харамсч, эсэргүүцэж буйгаа илэрхийлээд байна.
АНУ-ын Дархлаажуулалтын Зөвлөх Хорооны ээлжит уулзалт хуралдаан төлөвлөгөөт хуваарийн дагуу энэ сарын 25-27 хоооронд Атланта хот дахь Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн төв байранд зохиогдох бөгөөд энэ үеэр хорооны гишүүд Ковид-19, ханиад, томуугийн вирус, хүний папиллома вирус, менингококкын вирус, Лаймын өвчин, боом гэх зэрэг олон өвчний эсрэг вакцины зөвлөмжийн асуудлыг хэлэлцэж, санал хураалт явуулахаар төлөвлөөд байсан үед ийнхүү АНУ-ын Эрүүл мэндийн сайд вакцины зөвлөх хороонд халаа сэлгээ хийхээр болоод байна.