Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

“Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэдгийг “ДЦС 3”-т гарсан осол нотоллоо. Энэ станцад осол гармагц Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч, “Эрчист Монгол” ТӨХК-ийн захирал 2 уг асуудлыг бие бие рүүгээ шидэлцэв. Б.Чойжилсүрэн, Г.Амартүвшин 2-ын хэрүүлийг ЗГ энэ сарын 9-нд бүрэн бүрэлдэхүүнээрээ дэнсэлж, 3-р сарын 19-нд эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын менежментийн эрхийг “Эрчист Монгол” ТӨХК-д шилжүүлсэн шийдвэрээ 6-р сарын 9-нд цуцлан, буцаагаад ЭХЯ-нд өгчээ. Л.Оюун-Эрдэнэ алдаагаа огцрохоосоо өмнө заслаа. Түүний энэ ухаарал 1 инженерийн амь, 1 хүний эрүүл мэнд, 200 тэрбумын алдагдал, 100 сая ам.долларын турбингенераторын үнэтэй байлаа. Ийм өндөр үнээр тийм юм ойлгоно гэдэг арай л дэндүү.

Ямартаа ч энэ маргаан эрчим хүчний салбар даргаар дүүрч, эрх мэдлийн хуваарилалт замбараагаа алдан, хэн нь юу хариуцсанаа, аль ажлыг хэн хийж, хаана хариуцах ёстойгоо мэдэхээ байсныг харуулав. Сайд, дарга нар дээрээ суудлаа олоогүй байхад станцын инженер, техникийн ажилтнууд доогуураа гүйдлээ олно гэж ч юу байх вэ. Үүнээс болоод уг осол гарсан ч байж мэдэхээр байна. Ганц энэ ч биш, үүнээс өмнөх бүх осол эл замбараагүй байдалтай холбоотой байж таарна. Эрчим хүчний салбарт 5 жил дараалан осол гарч, 2020 онд 3, 2021 онд 1, 2023 онд 3, 2024 онд 3 хүн амиа алджээ.

ЗГ 2025.01.08-нд “Эрчист Монгол” ТӨХК-ийг 60 орон тоотойгоор байгуулан, эрчим хүчний салбарын 27 компанийн 66%-ийг тус компаниуд шилжүүлэн, нэгдсэн стандарт тогтоох, захиргааны зардлыг 50% багасгах гэх мэт үүрэг оноосон юм. Үүнээс хойш 6 сар өнгөрч байхад “Эрчист Монгол” нь 27 компаниа шилжүүлж аваагүй, тэдгээр компанийн ТУЗ нь хурлаа хийж, хувьцаагаа “Эрчист Монгол”-д шилжүүлэлгүй байсаар “ДЦС 3”-т осол гарав.

5 жил дараалан осол гарч, 2020 онд 3, 2021 онд 1, 2023 онд 3, 2024 онд 3 хүн амиа алджээ

Б.Чойжилсүрэнгийн хэлснээр 4 толгойтой болсон эрчим хүчний салбарынхан асуудлаа аль толгойгоор шийдүүлэхээ мэдэхгүй албан газрын хаалга татаж явдаг болжээ. 4 толгой нь ч нэгнийхээ амыг хараад, ямар ч асуудал шийддэггүй, аливаа хариуцлага үүрдэггүйг “ДЦС 3” ХК-ийн ҮЭХ-ны дарга Ш.Энхсаран “Өнөөдрийг хүртэл Засгийн газар, Эрчим хүчний яам, ЭХЗХ-ны алдаатай шийдвэрийг ажиллагсад нуруундаа үүрч ирсэн. Хэн биднийг удирдаад байгаа, хэн бидний шийдвэрийг гаргаж байгааг ойлгохгүй байна. Захиралд хандахаар ТУЗ гэдэг, ТУЗ нь сайд гэдэг. ЭХЗХ-нд хандахаар ЭХЯ гэдэг, яам нь Хурдасгуур төв гэдэг. Цалингаа ярихаар сайдтай уулз гэдэг, сайд нь “Захирал чинь мэднэ” гэдэг” гэсэн юм.

Энэ талаар МҮЭХ-ны эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат “ЭХЯ засаглалын хямралд орж, бодлогоо барьж чадахаа байсан. ЗГ нь ЭЗХЯ байгуулаад, том том төслөө өгчихсөн. ЗГХЭГ-ын дэргэд “Хурдасгуур” төв байгуулаад, 1 хэсэг бодлогоо өгсөн. Эрчим хүчний реформ хийж байна гээд Реформын үндэсний хороо байгуулаад, зарим бодлогоо өгсөн. Бүх компанийн засаглалыг сайжруулна гээд ЗГХЭГ-т бүх асуудлаа тохоод, “Эрчист Монгол” гэдэг компани байгуулсан. Хуулийн төслийг ЭХЯ боловсруулах байтал УИХ-аас Эрчим хүчний хууль боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Яамыг оролцуулдаггүй. Яам бодлогын бүх асуудлаас хойш суусан. Бүх чиг үүргээ бусдад шилжүүлсэн” хэмээн мэдэгдлээ.

4 толгойтой болсон эрчим хүчнийхэн асуудлаа аль толгойгоор шийдүүлэхээ мэдэхгүй албан газрын хаалга татаж явдаг болжээ

Үнэхээр энэ салбарт засаглалын хямрал нүүрлэжээ. Уг хямрал нь ажиллах хүчний асуудал болж хувирсан байна. Энэ эмзэг салбарт мэргэжлийн хүмүүс ажиллах ёстой. Гэтэл эрх баригч нам мэргэжлийн бус хүмүүсээр санхүү, захиргаа, менежмент, хүний нөөц, гадаад харилцааны хэлтсийг нь дүүргэжээ. Эрчим хүчний сайд солигдоход өмнөх захирал, дарга, даамлууд тэндээ ямар нэг албан тушаал, ажлын байранд шингэн үлддэг. Дараагийн захирал багаа бүрдүүлэх нэрийдлээр баахан дарга нэмж авчирдаг. Ийм байдлаар ЭХЯ, ДЦС гээд энэ салбарт бүхэлдээ хэлдэг 3 хүнд хийдэг 1 хүн оногддог болжээ. Үе үеийн сайд, захирлууд нь байгууллагаа намын томилгоо, нутаг усны хүнээрээ дүүргэсээр данхар бүтэцтэй, даржин ажилтай болгосон байна.

Эрчим хүчний салбар ЭХЯ, Эрчим хүчний реформын үндэсний хороо, “Эрчист Монгол” ТӨХК, УИХ-ын ажлын хэсэг гэсэн 4 толгойтой болсон. ЭХЯ шийдвэр гаргах гэхээр Эрчим хүчний үндэсний реформын хороо хажуугаас орж ирдэг.

“Эрчист Монгол” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Амартүвшин “ДЦС 4” 1300 ажилтантай. Тал нь ажилчин, тал нь дарга. Инженер, техникийн ажилтнуудын асуудлыг хөндөхгүйгээр маркетинг, гадаад, дотоод харилцаа, хэвлэл мэдээллийн ажилтны орон тоог эргэж харна” гэж мэдэгдлээ. Хэзээ юм бол доо. 66%-иа авах гээд 6 сар бараагүй яваа шүү дээ.

- Шинэ
- Хандалттай
2025-06-12 03:29:34
Доржхандын эрчим хүчний реформ бол өөрийн сонгуульд ажилласан хүмүүсээ ажилтай болгох гэсэн төсөл юм аа. Үүндээ нь мэдлэгээр дутмаг, мөнгөний сонирхолтой Чойжилсүрэнг хөөргөж ашигласан