МАН-ын бага хурлаас Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад Гомбожавын Занданшатарыг дэвшүүлсэн саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 18:00 цагаас хэлэлцэнэ. Дараа нь 20:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
Ерөнхий сайдын асуудлаар УИХ-ын нэгдсэн чуулганыг яаралтайгаар орой хуралдуулахаар болсон нь олны анхаарлыг татаж, тэр дундаа УИХ-ын зарим гишүүний эгдүүцлийг хүргээд байна. УИХ-ын гишүүн М.Нарантуяа буюу Нара “Нэг л шахаатай, шахалцаантай юм болоод байх шиг” гэж өөрийн байр сууриа цахим орчинд илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа:
-Шинэ Ерөнхий сайдыг томилох УИХ-ын чуулганыг яаралтайгаар зарлаж, өнөөдөр орой 20:00 цагт хуралдана гэнэ. Миний санахаар энэ Их хурал Засгийн газрыг томилно гэж хонон өнжин хуралдсан. Буулгана гэж хонох шахам хуралдсан. Өнөөдөр шөнө бас хонох юм уу, яах юм бүү мэд. Нэг л шахаатай, шахалцаантай л юм болоод байх шиг. Яарвал даардаг гэж үг бий дээ.