УИХ дахь АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох Ерөнхийлөгчийн саналтай танилцах шаардлагагүй гэж санал нэгджээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Дэгийн тухай хуульд УИХ ажлын өдөр хуралдана гээд заачихсан. 00 цагаас хойш ажлын өдөр биш, амралтын өдөр болчих гээд байна. Тиймээс амралтын өдөр хуралдах гээд байгаа асуудлыг яах вэ гэдэг талаар даргын дэргэдэх зөвлөл рүү оруулна. Зөвлөл шийднэ гэсэн үг. Ний нуугүй хэлэхэд “Энийг Ерөнхий сайд болго. Одоо хуралд” гэдэг байдлаар явж болохгүй л дээ.
“Та бүхэн унтаж байгаарай. Бид хуралдъя” гэж болохгүй. Би үүн дээр хэзээний хатуу байр суурьтай байсан. “Та нар анхаараад байгаа юм уу? Хаалттай хуралдчихъя” гэдэг байдлаар явж болохгүй. 20:00 цагт чуулганы хуралдаан зарласан. Яагаад байгаа юм, тийм ээ? Шинээр сонгогдсон гишүүний хувьд анхааруулга, тэмдэг, дохио шиг сонсогдож байна. Таатай санагдахгүй байна. Ерөнхий сайдын томилгоо хурдан биш, оновчтой, зөв, ул суурьтай хийгдэх ёстой.