Газын зурваст хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэн, хүнс тарааж эхэлснээс хойших хоёр долоо хоногийн хугацаанд тус бүс нутагт 130 гаруй хүн амиа алдсан талаар Газын эрх баригчид мэдэгдлээ. АНУ, Израилын хамтын ажиллагааны хүрээнд “Gaza Humanitarian Foundation” байгууллагын хэрэгжүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн бараа, хоол хүнс тараах үйл ажиллагааны явцад 10 сая гаруй порц хоолыг палестинчуудад тараагаад байгаа талаар тус байгууллага мэдэгдсэн байна.
Гэвч өнгөрсөн хугацаанд тусламж түгээж буй цэгүүдийн ойр орчимд Израилын зэвсэгт хүчнийхэн, мөн орон нутгийн зэвсэгт этгээдүүд иргэд рүү гал нээсний улмаас өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд 130 гаруй хүн амь үрэгдсэн талаар орон нутгийн эрх баригчид даваа гарагт мэдэгджээ.
Израилын зэвсэгт хүчин тэдэн рүү ойртож ирсэн иргэдэд анхааруулах үүднээс агаарт хий буудсан хэмээн мэдэгдэж, “Амь үрэгдсэн хэмээн зарлаж буй хүмүүсийн тоо хэмжээг давуулж, нэмж мэдэгдэж байна” хэмээн Хамас бүлэглэлийг буруутгажээ.
Даваа гарагт Рафах хот дахь “Gaza Humanitarian Foundation” сангийн хүнсний тусламж тараах цэгийн ойролцоо палестины зэвсэгт этгээдүүд энгийн иргэд рүү гал нээсэн талаар анх удаа мэдэгдсэн байна. Газын Эрүүл мэндийн яам даваа гарагт 6 хүн амь үрэгдэж, 99 хүн шархадсан талаар мэдэгдсэн бол Израилын зэвсэгт хүчин уг хэргийн тайланг судалж байгаагаа мэдэгджээ.
Газын зурваст үүсээд буй хүмүүнлэгийн хямрал үргэлжилсээр байна. Энгийн иргэдэд хүнсний тусламж тарааж буй “Gaza Humanitarian Foundation” сангийн үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ НҮБ зарлахын хамтаар өлсгөлөн иргэдийг хоол хүнсний төлөө урт зам туулахад хүргэж байгааг нь хурцаар шүүмжилж байгаа юм. НҮБ мөн Израил улсыг Газын зурваст нэвтрүүлэх хүмүүнлэгийн тусламжид тавьсан хязгаарлалтаа бүрэн зогсоохыг уриалаад байна.