МАН-ын бага хурлаас Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад Гомбожавын Занданшатарыг дэвшүүлсэн саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 18:00 цагаас хэлэлцэнэ. Дараа нь 20:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болох тов гарсан. Эл асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар мэдээлэл өглөө.
МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар: -Үндсэн хуулийн 39.2-т заасны дагуу УИХ-д олонхын суудал авсан нам Ерөнхий сайдад нэр дэвшүүлдэг. Үүний дагуу МАН-ын төлөөллийн төв байгууллага болох бага хурал хуралдаж, Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. Ингээд өнөөдөр Ерөнхийлөгчид танилцуулсан. Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулах хуулийн заалттай. Өнөөдөр 14:00 цагт Ерөнхийлөгчөөс албан бичиг нь ирсэн.
Даргын зөвлөлөөр хурлын товыг тогтоодог. 20:00 цагаас чуулганы нэгдсэн хуралдааныг товлосон. Энэ дагуу явах ёстой. Гэхдээ маргааш бүх нийтийн амралтын өдөр. УИХ дахь АН-ын бүлэг амралтын өдөр хуралдахгүй, Пүрэв гарагт хуралдъя гэдэг санал хэлсэн юм байна. Тиймээс бид одоо Ардчилсан намынхантай уулзах гэж байна. Парламентад суудалтай том нам Пүрэв гарагт хуралдъя гэсэн учраас бид үүнийг харгалзан үзнэ. Өнөөдөр хэлэлцэхэд асуудал байхгүй шүү дээ.