МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж байна. Удирдах зөвлөлийн дэргэдэх Бодлогын зөвлөлийн гишүүд энэ удаагийн хуралд оролцож, өргөтгөсөн байдлаар хуралдаж байгаа гэдгээрээ энэ удаагийн хурал онцлогтой.
Учир нь МАН дотооддоо хуваагдсан нь төрийн үйл ажиллагаанд ч хүндрэл дагуулаад байна. Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлэг ч хагаралтай буюу 2 даргатай болоод байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн тул эргүүлэн татах үндэслэл бүрдсэн. УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зэрэг үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа. Энэ мэт эгзэгтэй олон асуудлыг МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэх шаардлагатай болоод байна. Эрх баригч намын Удирдах зөвлөлийн хурлаар зарим сайд нарт хариуцлага тооцох тухай ч ярих магадлалтай байна.
Ирэх 11 дүгээр сарын 15-нд МАН их хурлаа хуралдуулахаар товлосон. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “Их хурлаар МАН-ын даргаар Д.Амарбаясгаланг баталгаажуулах асуудал байхгүй. МАН-ын дүрмээр намын дарга, бага хурал, Хяналтын хорооны гишүүдийг их хурлаараа сонгодог. Үүний дагуу сонгууль зохион байгуулна” гэж мэдэгдээд байгаа билээ. Ташрамд дурдахад, МАН-ын Удирдах зөвлөл 32 гишүүнтэй.

