Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Д.Ганмаа: Надад МАН-аас нэр дэвших саналыг 3 удаа тавьсан
- 2025/10/29

- 3 өдрийн өмнө

- 14 мин уншина

МАН-ын жагсаалтын 6-д жагсаж, парламентад “ногоон гэрлээр” хөл тавьсан гишүүдийн нэг, УИХ-ын гишүүн Д.Ганмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Таныг Харвардад олон жил ажилласан гэдгээр нь хүмүүс мэдэх байх. Харвардаас яагаад МАН-ын жагсаалтад орж, нэр дэвших болсон талаар яриагаа эхлэх үү?

-За би эрүүл мэнд, дээд боловсрол, гадаадад байгаа монголчуудын төлөөлөл болж, МАН-ын жагсаалтад орж, нэр дэвшээч ээ гэсэн урилгаар МАН-ын жагсаалтад багтаж нэр дэвшсэн. Гэхдээ энэ бол надад Монгол ардын намаас тавьсан гурав дахь санал байсан. Харин өөр намаас намайг нэр дэвшихийг урьж байсангүй. Эхний удаад Н.Энхбаярын үед нэр дэвших урилга ирж байсан. Мөн Л.Энх-Амгалан гишүүн бас урьж байсан удаа бий. Тэгээд гурав дахь саналыг Л.Оюун-Эрдэнэ тавьсан. Би гурав дахь саналыг хүлээн авсан. Саналыг хүлээн авахад хувийн бөгөөд хувьсгалын шалтгаанууд байсан л даа. Миний ээж аав хоёр эмч, эмнэлгийн салбарын хүмүүс байсан. Ковидын үед тэднийгээ алдсан. Энэ шалтгаантай холбоотойгоор би Монголын эрүүл мэндийн салбарт хийж чадах, мэдэх юм байвал өөрийнхөө сурч мэдсэн зүйлийг зориулъя л гэж бодож, энэ саналыг хүлээж авч ирсэн гэх үү дээ.

Хэдийгээр би сүүлийн 20 гаруй жил Монголд ажиллаж амьдраагүй ч гэсэн Монголд идэвхтэй эрдэм шинжилгээ судалгаа, эмнэл зүйн практикийн гээд маш олон ажлуудыг хийж ирсэн туршлага бий.

-Та Харвардад яг ямар ажил хийдэг байсан бэ?

-Харвардын анагаах ухааны их сургууль, Харвардын нийгмийн эрүүл мэндийн сургууль гээд хоёр сургууль байгаа. Ер нь Харвард 14 их сургуультай. Миний хувьд Харвардын анагаах ухааны их сургууль, Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн ассошиайт профессор цолтой. Харвардын Бринхимийн эмэгтэйчүүдийн эмнэлэг гэж байдаг. Тэнд тэргүүлэх зэрэглэлтэй. Глобал healthy факультетэд үндсэн багшаар ажиллаж байсан. Харвардад 2004 оноос хойш тасралтгүй ажиллаж ирсэн гэж хэлж болно. Би хүний их эмч мэргэжилтэй. Мэдрэлийн эмчээр нарийн мэргэшсэн. Анагаах ухааны доктороо бол нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хамгаалсан. Тэнд бол манай сургууль мастер, доктор оюутнуудад хичээл ордог.

-Та 20 жил Харвардад ажиллаж амьдарч ирсэн хүн. Монголд ирээд шууд парламентад ороод ажиллаж байна. Таны төсөөлөл, бодит байдал хоёр хэр зэрэг зөрүүтэй байна вэ?

-Монголоос гараад олон жил болчихсон над шиг хүмүүс олон бий. Зарим нь буцаж ирээд ажиллаж байгаа бол тэндээ мэргэжлээрээ ажиллаж байгаа ч хэсэг бий. Хилийн чанадад байгаа монголчуудын дийлэнх нь Монголдоо очоод эх орноо хөгжүүлнэ, сурсан мэдсэнээ Монголдоо зориулна л гэж ярьдаг. Бидний цусанд байдаг юм шиг байгаа юм энэ хандлага. Би ч гэсэн тэнд байхдаа тэндхийн олон доктор, профессоруудаа дагуулж ирээд л монгол залуустаа сургалт явуулах, цаашлаад Харвардын олон сайн хөтөлбөрт хамрагдах боломжуудыг холбож өгөхийн төлөө хичээж ирсэн. Харвардад байхад Цагаан сараар монгол оюутнууд манайд ирж шинэлдэг байсан. Тэр үеэр бүгд л төгсөөд хэрхэх талаар нь асуухаар “Монголдоо очно”гэж хариулдаг. Манай монгол хүүхэд, залуучуудын эх орноо гэсэн тэр хандлага нь их гоё. Би ч ялгаагүй. Сурсан мэдсэнээ Монголдоо зориулснаараа дараагийн чадвартай залуучуудыг хөгжих гарцыг зааж өгвөл манай улс хөгжинө гэж найддаг.

-Та УИХ-д орж ажиллаад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Та хэр зэрэг нөлөөтэй гишүүн байж чадаж байна вэ?

-Дэлгэрэнгүй яривал их урт болох байх. Товчхон хариулах гэж оролдъё. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Харвардын хамтарсан судалгааны баг Монголын олон судлаач эрдэмтэдтэй нийлж хийсэн олон ажил бий. Жишээлбэл: “Үдийн цай” хөтөлбөр. Намбарын Энхбаяр Ерөнхийлөгч байх үед шиг санагдаж байна. “Үдийн цай” хөтөлбөртэй холбоотой судалгааны анхны датануудыг манай баг хийсэн. Үдийн цайнд Д амин дэмээр баяжуулсан сүү оруулбал хүүхдийн эрүүл мэнд, өсөлт бойжилтод ямар нөлөө үзүүлэх юм. Үүний суурь судалгаа болгоод, хөдөө, хотод хийсэн том судалгаанууд байна. Үүнд үндэслээд Хүнсний баяжуулах хууль гээд А.Ундраа гишүүний ахалж оруулж ирсэн хууль бий. Маш их бодитой дата судалгаан дээр үндэслэсэн дээрх хуулийг явуулах гэж 14 жил чармайсан шүү дээ. Хүнс баяжуулах хуулийг эрүүл мэндийн салбарынх уу, хөдөө аж ахуйн салбарт хамаарах уу гээд л яамд бие бие рүүгээ түлхээд явуулж өгдөггүй байсан. Шийдвэр гаргах түвшинд уг хуулийн ач холбогдлыг хүргэхийн тулд яамдын төлөөллүүдийг эрдэмтдийн хамт Харвардад байдаг судалгааныхаа институтэд аваачиж, гурван өдөр вакумжсан сургалт семинар зохион байгуулж байсан удаа бий. Түүнчлэн хүүхдүүдэд Д витаминаар баяжуулсан сүү өгснөөрөө амьсгалын замын хурц үрэвслийг 50 хувь хүртэл бууруулах боломжтой талаар ч судалгаа хийсэн. Энэ ажлуудын үр дүнд “Үдийн цай” хөтөлбөр “Үдийн хоол” болж өөрчлөгдсөн гээд дурдвал их зүйл бий. Мэдээж дээрх ажлуудад олон хүний хүчин зүтгэл орсон. Миний зүгээс Харвардын сургалтуудыг Монголд оруулж ирж байсан. Хамгийн анхных нь Ти2Ти хөтөлбөр, дараа нь Ти2Си, мөн Харвардын лидершип гээд 5-6 жил болж байгаа хөтөлбөр бас байна. Эдгээр сургалтыг зохион байгуулахад 4 сайдын нүүрийг үзэж, ямар их ажил болж байсан гэж санана. Азийн хөгжлийн банкнаас бид санхүүжилтийг нь авсан. Анагаахын шинжлэх ухааны их сургуультай гарын үсэг зурж байж сургалтаа эхлэх болоход, тухайн үеийн дарга нь хаяад, Япон явчхаж байсан түүх хүртэл байгаа. Тэр үед Харвардын сургалт хариуцсан декан надад “Д.Ганмаа ахиж надтай Харвардын сургалт хийнэ гэж битгий яриарай” гэж хэлсэн. Харин одоо энэ сургалт ямар гоё явж байна вэ? Олон хүүхэд, залуус хэчнээн мундаг болж, бэлтгэгдэж байгааг хараад их бахархал төрдөг.

Хэдийгээр би Монголд эрдэм шинжилгээний судалгаа хийхдээ мундаг сайн судлаачидтай хамтраад, баг болж ажиллаж байсан ч ажлын үр дүн яг нэг таазанд очоод л тулдаг. Гацдаг. Бүх юмыг зогсоодог, хаадаг унтраадаг, болиулдаг. Тэр хаалт саад нь сайд дээр очоод л тулдаг. Харин би одоо УИХ-ын гишүүн болоод ажиллаж байна гэдэг нь сайд нартай, яамтай уулзаж, мэдээллээ солилцох, нөлөөлөх чадвар нэмэгдлээ гэсэн үг. Өдөр тутамдаа кофе цай уухдаа хүртэл тайлбарлаад ярих боломж нь гарч байгаа. Магадгүй тийм хурдан үр дүн гарахгүй байж магадгүй. Би өөрөө ч гишүүнээр ажиллаад жил гаруйн хугацаа л өнгөрч байна. Үнэхээр судлаачдын хийсэн тэр олон ажлыг хэрэгжүүлээд эхэлчихвэл одоо яригдаад байгаа энэ айхтар өвчнүүдийг 50 хувиар бууруулах боломж бүрдэх магадлалтай. Эрүүл мэндийн салбарын анхаарлаа хандуулах ёстой зүйл нь зөвхөн барилга байшин биш шүү дээ. Эмчилгээ үйлчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлыг бууруулах. Энэ бүх юмны эхлэл зөв тавигдчих юм бол дараа дараагийнхаа асуудлуудын араас гал унтрааж биш, урьдчилан сэргийлэх ажлыг одооноос зөв бодлого хэрэгжүүлэх замаар хийж болно гэж харж байгаа.

-Гэхдээ эрүүл мэндийн сайдтай тулж ажиллах энэ зорилго чинь хэрэгжих амаргүй даваа бололтой харагдаад байна?

-Яг үнэндээ тийм байна. Би энэ асуудлуудыг зөвхөн одоо л ярьж эхэлж байгаа юм биш. Олон жилийн өмнөөс, өмнөх сайдтай ч ярьж л байсан. Шаардлагуудыг хэлж, сануулж, шаардаж л явсан. Сая Ж.Чинбүрэн сайдыг би шаардлагыг их эмзэг хүлээгээд авчихсан уу л гэж харсан. Өөрөө ч гэмшиж байгаа болов уу. Эмч, эмнэлгийн салбарын бодлогын ажлыг хамтдаа яриад шийдээд явбал үр дүн нь явж явж нөгөө сайдын нэр хүндэд хэрэгтэй шүү дээ. Том зургаараа бол Монгол ардын намын ажил, Засгийн газрын ажил болж дүгнэгдээд үлдэх байхгүй юу.

-2025 оны эхний 6 сард амжиж тендэрээ батлаагүй байсан төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг эргүүлэн татсан. Үүнд эрүүл мэндийн салбарын хэд хэдэн ажил санхүүжилтээ татуулж байгаа харагдсан?

-Тэр үнэн. Эрүүл мэндийн сайд, салбарынхан асуудалд ул суурьтай хандахгүй юм бол энэ салбар сул дорой байдлаа өөрчилж дийлэхгүй шүү дээ. Яагаад засгийнхаа өмнө бодлогоо хамгаалж чадахгүй байгаа юм бэ? Яагаад ерөнхий сайдынхаа өмнө эрүүл мэндийн салбар ийм хүнд болсныг ойлгуулж дийлэхгүй байгаа юм бэ? Бид энэ салбарыг ингээд унагаж болохгүй шүү дээ. Чирээд ч болсон аваад явах зүйл дээрээ чимээгүй, дуугүй өнгөрөөд байж болохгүй. Нэгдмэл бодлогоороо зангидаачээ гээд байгаа чинь энэ байхгүй юу. Хэрэв эрүүл мэндийн салбарынхан дуугуй өнгөрөөд байх юм бол манай салбарын санхүүжилт буурна. Олгоно гээд шийдсэн санхүүжилтийг татуулж байна гэдэг төр засгийн анхаарлын төвд орохгүй, гадна үлдэнэ гэсэн үг шүү дээ. Яг үнэндээ эрүүл мэндийн салбар олон жил анхаарлын гадна үлдэж ирсэн. Тэгж тэгж анхаарлын төвд орсон нь ковидын үе. Тэр үед л төр засгийн анхаарал эрүүл мэндийн салбарт чиглэж байсан. Гэхдээ одоо бид дүгнэж үзэх хэрэгтэй. Дараа дараагийн цар тахал үүсэхэд бид бэлэн байна уу, үгүй юү гэдгээ. Гэнэт улаанбурхан гарлаа гэнгүүт хамаг юмаа авч тийшээ тавиад л, тэгээд за ашгүй одоохондоо чимээгүй намжчихлаа гэж баярлаж, салбараа мартаад байж болохгүй.

-Тэгвэл Монголын эрүүл мэндийн салбар ахиад цар тахал гарахад бэлтгэлтэй байж чадаж байна уу?

-Маш товчоор бол бэлэн биш. Ковидын үед манай Харвардын багаас хүмүүс авчирч яаманд ажиллуулж байсан л даа. Сайдын зөвлөх, яамны газар, хэлтсийн бүх дарга нараа тавьсан. Миний сая дурдсан Харвардын эрдэм шинжилгээ судалгааны багийн хамт олны олонх нь бидний хэрэгжүүлсэн Ти2 Ти, Ти2 Си хөтөлбөрт хамрагдаж, бэлтгэгдсэн мэргэжилтнүүд л дээ. Маш чадалтай залуусыг ажиллуулж байсан. Тухайн үед бидний сүрьеэтэй тэмцэх алгоритмыг ашигласан юм билээ. Яам тэдгээр хүмүүсийн нэрийг хэзээ ч дурсдаггүй л болохоос их зүйл хийсэн. Хамгийн харамсалтай нь ковид дуусав уу, үгүй юү тэр залуусыг яам явуулж, буцаад өөрсдийн хүмүүсээрээ багаа бүрдүүлсэн байсан. Уг нь тухайн цаг үед ажилласан залуусаас ковидын цар тахалтай хэрхэн тэмцсэн туршлага, хэрэгжүүлж байсан ажлын үр дүнг хэлэлцэх гээд олон зүйлийг авч үлдэж болох л байсан.

-Таны ярьсан шиг халаа сэлгээ, томилгоо эрүүл мэндийн салбарт байнга өрнөдөг болсон шүү дээ. Сайд солигдох бүрт томоохон эмнэлгүүдийн дарга нар солигдож байна?

-Харин харамсалтай нь тийм байна. Би өмнөх сайд буюу Т.Мөнхсайханд ч хэлж л байсан. Яагаад сайд солих болгонд эмнэлгийн бүх дарга нар солигддог юм гэдгийг. Эмнэлгийн дарга нарыг улстөрчид солиод байдаг. Тэд нь эргүүлээд эмнэлэг дотроо халаа солио хийж бужигнуулдаг. Яагаад урт хугацааны бодлого байдаггүй юм гээд асууж байхад тухайн үед “Та том бодлогын асуудал ярь. Битгий эмнэлгийн дарга марга ярь” гэдэг хариулт аваад би гонсойгоод л үлдэж байлаа.

-Одоо 2026 оны улсын төсөв хэлэлцэж байна. Эмч нарын цалинг 15 хувиар нэмэх санал оруулсныг эмч нар чамлаад байх шиг байна?

-Байгуулагдаад 3 сар болж байгаа энэ Засгийн газар хүний хөгжлийг тэргүүлэх чиглэл, мега төслөө болгоно хэмээн зарласан. Гэтэл төсвийг нь хартал эрүүл мэнд, боловсролынхоо салбарт хөрөнгө оруулалт бараг тавиагүй нь анхаарал татаад байгаа юм. Ж.Чинбүрэн сайд эрүүл мэндийн салбарын санхүүжилт 5,5 дахин нэмэгдсэн гэж яриад байгаа. Гэтэл энэ мөнгө чинь зөвхөн барилга байшинд оруулах мөнгөн дүн байна лээ шүү дээ. Азийн хөгжлийн банкнаас орж ирж байгаа зээлийн санхүүжилтээр эрүүл мэндийн салбарт барилга байгууламжийн асуудал хэд хэдийг шийдэх юм билээ. Түүнээс эмнэлгийн тусламж үйлчилгээнд биш, эмч ажилчдынхаа цалин урамшуулалд биш. Яагаад ярьсан зүйл нь бичсэн мөнгөнөөсөө зөрөөд байдаг юм бол гэдэг их сонин. Тавьсан мөнгө нь зөрчихөөр үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжихгүй шүү дээ. Энэ дээр л бүх асуудал байгаа юм. Эмнэлгийн ажилчдын цалин төсөв дээрээ огт нэмэгдэхгүй орж ирснээр барахгүй 47 тэрбумаар хасагдаад орж ирээд байхаар яах болж байна вэ? Би энэ л асуудлыг Ж.Чинбүрэн сайдад хэлсэн юм. Салбарын цалин чинь хэд байгаа юм бэ? Голч нь хэд байгаа юм бэ? Цалингаа нэмээч ээ гэж хэлээд, буруудах шиг болсон. Харин дараачаас нь салбарын цалинг 10 хувиар нэмнэ гэж яригдаж байснаа Ерөнхий сайдтай эмнэлгийн ажилчид уулзаж, 15 хувиар нэмэхээр болчихлоо. Яагаад эхнээсээ ингэж оруулж ирээгүй юм бол гэдэг сонин байгаа юм. Би анх “Эмнэлгийн салбарын цалин нэмэгдээгүй байна. Тэд ажил хаявал яах болж байна вэ” гэж асуухад намайг ажил хаялтад турхирлаа хэмээн буруутгаж байсан. Яг үнэндээ надад хамааралгүйгээр жагсаал нь эхэлчихлээ шүү дээ. Эмч ажилтнууд чинь тангараг өргөсөн учраас барагтаа бол гарч ирж жагсаад байдаггүй. 10-15 хувийннэмэгдэл олигтой өсөлт болж чадахгүй гэдэг шалтгаанаар одоо ч эмч нар жагсаалаа үргэлжлүүлсээр байна.

Уг нь манай салбарын цалинг 50 хүртэл хувиар нэмэх боломж 2026 оны төсөвт байгаа юм. Төсвийн хэлэлцүүлэг дээр зарчмын зөрүүтэй саналыг 48 цагийн өмнө оруулах ёстой байдаг. Би энэ саналаа байнгын хорооны хуралдаанд оруулаад гишүүдийн олонх дэмжсэн.

-2026 онд эмнэлгийн салбарын ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэх боломжтой гэж та хэлэв үү?

-Тийм ээ. Энэ саналыг маань төсвийн байнгын хороо хэлэлцэнэ. Дараа нь чуулганаар орно. 2026 оны төсөвт эмч нарын цалинг нэмэх боломж байгаа. Тухайлбал 2026 онд боловсрол, онцгой объектыг тооцохгүйгээр цоо шинээр барилга эхлэхгүй ганцхан жил тэсчихвэл 301 тэрбум төгрөг шийдэх боломжтой. Тэгвэл энэ мөнгөөрөө цалин нэмж болно. Түүнчлэн эмнэлгийн тусламж үйлчилгээний асуудлууд ч шийдэгдэх боломжтой.

-Цалинг 50 хувь нэмнэ гэдэг том тоо биш үү? Эх үүсвэр нээрээ байгаа юу?

-Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн нийт орлого нь 2026 онд 38 их наяд төгрөг. Тэгэхээр тэдний 2 хувийг хасахаар болчихно. Мэдээж төсөв захиран зарцуулагч нар төсвийг нь хасна гэхээр дургүй л байх биз. Гэхдээ тэр 2 хувиар эмч ажилтнуудын цалин, бусад санхүүжилтийг шийдэж болохоор байгаа юм. Үүнийг би одоо ч ярьж эхэлж байгаа юм биш. Анх гишүүн болоод л яг ийм санал оруулж ирж л байсан.

-Эмч нарын цалин багш нарынхаас бага байна лээ. Салбарын зарим төлөөлөл сая төгрөг ч хүрэхгүй цалин авдаг юм билээ?

-Яг энэ асуудлаар би яриад л сайдтай асуудалд ороод явж байна. Өгч байгаа цалин нь эмч, ажилтнуудын амьдралд хүрэхгүй байна. Цалин багатай хүн ар амьдралдаа санаа зовохгүй ажлаа хийх боломжгүй. Энэ нь цаашлаад хүний амь нас аврахаар ажиллаж байгаа эмч, ажилтнуудын ажлын үр дүнд нөлөөлөхгүй гэх газаргүй.

Цаашлаад эмнэлгийн хэрэгсэл гэдэг тун чухал. Наад зах нь мэс ажилбар хийхэд, мэс заслын утас бол нарийн хэрэглэл шүү дээ. Хөгжингүй оронд ажиллаж байгаад ирсэн хүмүүсийн туршлага байна. Боломжтой зүйлсийг олж хараад, хэлээд байгаа хэрэг. Би попорч байгаа юм биш.

Сайд гишүүд улсын эмнэлгээр энгийн иргэдтэйгээ нэгэн адил оочирлоод үзүүлдэг болбол нөхцөл байдлыг бодитойгоор олж харах байх. Мөн сайд гишүүд хүүхдээ улсын сургуульд өгөөд эхэлбэл энэ нийгмийн асуудлуудаа олж харах боломж бүрдэнэ. Үнэхээр сайд дарга нар, гишүүдийн хүүхдийг улсын сургууль, цэцэрлэгт хамруулах санаачилга гарвал би дэмжинэ. Хүн нүдээрээ харж, биеэрээ мэдэрч байж л ойлгодог юм билээ.

-Та 126 гишүүний дунд ороод сууж байна. Энэ хүмүүсийн олонх нь монголчуудынхаа амьдралаас тасарчихсан юм болов уу гэж бодогддог. Энэ дунд улсын сургуульд хүүхдээ сургадаг гишүүд ер нь байдаг болов уу?

-Сайд нарыг мэдэхгүй юм. Их хурлын гишүүдийн зарим нь хүүхдээ улсын сургуульд өгдөг. Гэхдээ би яг судалгаа авч үзээгүй учраас бүгдийнх нь талаарх мэдээлэл алга. Би ингэж боддог юм. Манай их, дээд сургуульд сурч байгаа оюутнуудын сургалтын хөтөлбөрт мэргэжлийн салбар салбараар нь сайд, дарга нарыг дагаж ажиллах боломжийг өвөл, зуны амралтаар нь бүрдүүлээд хурал хэлэлцүүлэг дээр хэлсэн үг, хийсэн үйлдлээр нь кэйс бүрдүүлбэл их зүгээр юм уу гэж боддог. Гол нь тэр оюутнуудын хийсэн тэмдэглэл дараа дараагийн оюутнуудын хичээл дээрээ ярих кэйс болж үлдвэл энэ дарга, сайд нар арай хариуцлагатай, ажилдаа маш болгоомжтой болох болов уу. Бүгдийг нь текст болгоод гаргачихвал олон оюутан үзэж, унших түүх болгоод үлдээчихвэл гэж боддог юм.

-Уг нь сэтгүүлчид тал талаас нь мэдээлээд л байдаг боловч бүр дөжирчихсөн юм шиг тоодоггүй юм биш үү?

-Сэтгүүлчид асууж, 1-2 удаа шуугиад л дараагийн сценари гарч ирэхэд нийтээрээ мартаад байгаа юм. Хэрэв ном болоод гарчихвал тэрийг хэн ч мартахгүй, байнга сөхөж харж мэднэ шүү дээ. Их сургуулиудын хичээлийн кейс болчихвол тэр гишүүн тэр өдөр тийм алдаа гаргаж, ингэсэн гээд л. Ингэж онигоо болсон. Харин энэ гишүүн үнэн бодитой зүйл дээр зогссон гэдгийг баримтжуулаад, 10 жилийн дараа, 20 жилийн дараа түүх болоод үлдэнэ гэхээр хүмүүс бас аятайхан тэмдэглэгдэж үлдэхээ бодно биз дээ. Яагаад гэхээр Харвардад ийм кейс бий л дээ.

-Монголын нийгэм улам л хэцүү болоод байна уу гэж боддог. Та гадаадаас ирээд удаагүй хүн. Монголын нийгэмд, тэр дундаа эрүүл мэндийн салбарт гэрэл гэгээтэй тал харагдаж байна уу?

-Салбараа л ярья. 20 гаруй жилийн өмнө эмнэлгийн салбарт ажиллаж байхад, тухайн үед манай эрүүл мэндийн салбар үнэхээр ядуу байсан. Манай улсад компьютерын томограф гэхэд хоёрхон газар л байсан. Хавдрын эмнэлэг, Клиникийн 3 дугаар эмнэлэгт хоёрт л байсан даа. Тухайн үед хүнд хүмүүсээ компьютер томографын оношилгоонд оруулахын тулд өвчтөнөө насилкан дээр зөөж, эмч нарыг нь гуйж, өчнөөн оочирлож байж үзүүлдэг байсан үе бий.

Одоо Монголд MRI, томограф дутагдалгүй. Антибиотикийн тохирох үгүйг бүх газар үзэж байна. Сайн лабораториуд, тоног төхөөрөмжтэй болсон байна. Эмч, ажилтнуудаа гадаадад сургаж байна. Материаллаг талаасаа маш их сайжирсан гэдгийг бүгдээрээ хүлээн зөвшөөрнө. Гэхдээ сайн байж байгаад алдагдсан зүйл бас зөндөө байна. Жишээлбэл хүн нас барсан, хүн хүндэрсэн нь эмч, ажилтнуудын алдаа гэж үзвэл маш хатуу дэгтэй байсан. Клиник аудит хийнэ, задланд оруулна. Салбар салбарын шилдэг эмч нараас бүрдсэн комисс шалгана. Үнэхээр алдаа дутагдал гарсан бол маш хатуу хариуцлага үүрүүлдэг байсан. Ялангуяа эх нялхас, төрөлт, эмэгтэйүүд гээд онцгой салбарууд маш хатуу хяналттай явж ирсэн. 1 төрөлтийг 1 гэж үзэлгүй нягталдаг байсан.

Гэтэл төсвийн төсөл дээр суурь түвшинг тооцохдоо нас баралтаа бүр өндөрсгөсөн байна. Одоо байгаагаасаа үр дүнгээ дордуулна гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа юм уу. Юу гэсэн үг вэ?

Дээрээс нь мөнгө, эдийн засгийн хөшүүрэгт хэт анхаардаг болчихсон байна. Мэдээж эдийн засгийн хөшүүрэг чухал ч эрүүл мэндийн салбарт 1-рт үйлчилгээний чанар шүү дээ. Бид энэ салбартаа ямар бодлого барихаа тодорхой болгох хэрэгтэй. Либерал болоод шууд мөнгөөр ярьдаг болох юм уу?

Эсвэл төр бүх зүйлээ чирч явдаг хуучин тогтолцоогоо барина гэвэл клиникал аудит хийх ёстой. Магадлан итгэмжлэл, чанарыг бие даасан хатуу хяналттай болгох шаардлагатай. Тэгэхгүй бол бүгдийг Эрүүл мэндийн яам хариуцахаар өөрийнхөө тавьсан даргад хариуцлага тооцохгүй. Ерөөсөө хариуцлагын тогтолцоо бүрдэхгүй. Засаглал нь ийм нөхцөлд хүргэж байна. Тиймээс салбарын засаглалыг тодорхой болгож байж, бид өөрчлөлт, ахиц дэвшил ярих шаардлага үүснэ.

-Товчхондоо технологийн хувьд сайжирсан ч хариуцлагын хувьд эрүүл мэндийн салбар суларсан гэж дүгнэж байна уу?

-Хариуцлагын хувьд ойлгомжгүй системээр яваад байгаа учраас суларсан биш, хаягдаж байна гэж дүгнэх нь зөв болов уу.

-Нээлттэй ярилцсанд баярлалаа.

- Шинэ
- Хандалттай