АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан, улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх гэмт хэргээр эрүүгийн хэрэг нээн шалгаж, яллагдагчаар татах хүсэлтээ нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн. Прокурор уг хэргийг хянаад, өнгөрөгч долоо хоногт мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзэн, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх зүйлийн нэгдүгээр хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах болон улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах байгууллагад хүргүүлсэн тухай мэдэгдсэн юм. Ингэснээр УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан авлигын хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдаад байна.
МАН-ын дүрмээр бол авлигын гэмт хэрэгт холбогдсон бол намын гишүүнчлэлээс түдгэлзэх хүсэлтээ 30 хоногийн дотор гаргах ёстой. Өчигдөр болсон МАН-ын УЗ-ийн хурлаас 2 хоногийн хугацаанд эвлэрүүлэх баг ажиллахаар болсон. Гэвч Ерөнхий сайд эвлэрүүлэх асуудлыг дэмжихгүй байгааг албан бус эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “Намынхаа их хурлаар намын даргын асуудлыг хэлэлцэнэ” хэмээн мэдэгдээд буй. Энэ нь тус намын удирдлагууд Д.Амарбаясгаланг МАН-ын дарга гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн илрэл болж байна. Гэхдээ одоогоор эрх баригч намын даргад хэн хэн нэр дэвших нь тодорхой бус байна. Зарим таамгаас харвал Ерөнхий сайд Г.Занданшатар, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар өрсөлдөж магадгүй байгаа юм.

