Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

Л.Оюун-Эрдэнийн үүсгэж, Д.Амарбаясгалангийн үргэлжлүүлсэн хагарал МАН-ыг 2 хуваалаа. Энэ нам УИХ-ын дарга, Ерөнхий сайдын хэмжээнд хагараад зогссонгүй. Мөнхийн эрх ашиг гэж байхаас, мөнхийн дайсан гэж байдаггүй гэдэг. Энэ үг одоо л нотлогдох байх даа.

Дээр үүссэн цуурал даамжирч, доош явсаар МАН-ын бага хурал хүртэл хуваагдлаа. Үүгээр зогссонгүй. УИХ дахь МАН-ын бүлэг 2 хуваагдан, 2 даргатай болчихсон. Албан ёсоор бол тус намын бүлгийн дарга нь Ж.Бат-Эрдэнэ. Гэвч түүнийг тус намын 36 гишүүн 10 дугаар сарын 14-нд бүлгийн даргын албан тушаалаас чөлөөлж, маргааш нь УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг бүлгийн шинэ даргаар сонгосон юм.

Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрыг дагаж, 2 талд хуваагдсан гишүүдээ нийлүүлэх гэж гүйсэн дүр эсгээд, өөрөө Г.Занданшатарыг огцруулах бичигт гарын үсэг зурж, санал хураалтаар огцруулах товчлуур дарчихсан. Д.Амарбаясгаланг огцруулах бичигт гарын үсэг зураагүй. Үүнээс нь болоод Г.Занданшатарын талынхан түүнээс бүлгийн даргын албан тушаалыг хүчээр авч, Ж.Батжаргалыг бүлгийн даргаар сонгов. Шинэ даргын зарласан хуралд 35 гишүүн оролцсон бол 33 нь ирсэнгүй. Ж.Батжаргал энэ 7 хоногт бүлгээ бүрэн бүрэлдэхүүнээр нь хуралдуулж дөнгөсөнгүй. Ж.Бат-Эрдэнээс албан ёсоор тамгаа аваагүй түүнийг бүлгийн дарга мөн гэх үү, биш гэх үү?

Чоно, хонь болсон 2 эрх мэдэлтнийг эвлэрүүлэн зуучлах үүрэг хүлээсэн дээрх эрхмүүдийн дунд Л.Оюун-Эрдэнийг оруулсан нь санаатай өдөөн турхиралт уу, санамсаргүй алдаа юу?

Хагарсан намаа эвлүүлж наахаар МАН-ын УЗ наалдан пад үйлдвэрлэв. МАН-ын Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хурлаас байгуулсан ажлын хэсэгт багтсан гишүүдийн нэрсийг харвал шууд итгэл төрүүлэхээр. Данагар улстөрчид Д.Амарбаясгалан, Г.Занданшатар 2-ыг эвлэрүүлэх үүрэг хүлээлээ. Энэ 2-ыг байтугай эднээс цаадхыг нь наалдан пад болгочих эрхмүүд.

МАН-аас томилсон ажлын хэсгийг ажвал янз бүрийн түүхтэй, адармаатай амьдралтай, туг ч барьж, тугал ч хариулж явсан эрхмүүд зөндөө. Нэгэн цагт Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн болон мандаж яваад, нөгөө цагт “нарсанд” хүртэл ороод гарсан хүмүүс ч байна. Ийм эрээвэр хураавар хүмүүсээр энэ багийг бүрдүүлсэн нь амьд гэрчүүдийг өмнөөс нь харуулж байгаад, алдаж яваа залгамж үеийнхэндээ ирээдүйг нь үзүүлэх гэсэн бололтой.

Ажлын хэсгийн ахлагч:

УИХ-ын гишүүн асан, сайд асан Ч.Хүрэлбаатар

Гишүүд:

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр,

УИХ-ын дарга асан М.Энхболд,

Ерөнхий сайд асан Б.Даш-Ёндон,

Ерөнхий сайд асан С.Баяр,

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат,

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ,

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж,

УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал,

УИХ-ын гишүүн С.Амарсайхан,

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан,

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ,

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал,

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар,

УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэн,

Нарийн бичгийн дарга:

МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар

Энэ хүмүүст Д.Амарбаясгалан, Г.Занданшатар 2-ыг эвлэрүүлэх 2 хоног өгч, тэд холбогдох бүх талтай уулзан, хэлэлцээ хийж, өнөөдөр үр дүнгээ УЗ-д танилцуулна. Санал, дүгнэлтээ хэлнэ. Эл ажлын хэсэгт айхтар сонин хүн олныг багтаажээ. Хуваагдахын үүдийг нээж, хутгаж үймүүлсэн нөхдөд эвлэрүүлэн зуучлах үүрэг хүлээлгэжээ.

Чоно, хонь болсон 2 эрх мэдэлтнийг эвлэрүүлэн зуучлах үүрэг хүлээсэн дээрх эрхмүүдийн дунд Л.Оюун-Эрдэнийг оруулсан нь санаатай өдөөн турхиралт уу, санамсаргүй алдаа юу? Энэ хагарлын үүдийг нээсэн хүн эцэст нь үүдээ хаах үүрэг хүлээлээ. Нэг талаас байж болох хувилбар мэт. Нөгөө талаас бол яагаад ч байж боломгүй. Ялалтын уухай цуурайтуулна хэмээн яг таг итгэн, Д.Амарбаясгалангийн дээлийн захыг мушгиж суусан тэр одоо хүчний харьцаа хэрхэн өөрчлөгдөж байгааг анзаарч л байгаа байлгүй. Гэхдээ л бууж өгөх болоогүй гээд, өөр хувилбар харчихсан явж байж ч болно.

Түүнтэй хамт энэ зөрчилдөөний нарийн ширийнийг хэлэлцэн төлөвлөсөн Х.Нямбаатарыг ч ажлын хэсэгт багтаажээ. Хэн нь МАН-ын бүлгийн дарга гэдэг нь мэдэгдэхгүй 2 нөхрийг бас ажлын хэсэгт оруулсан байх юм. Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал 2-ыг бусад нь эвлэрүүлэх учиртай баймаар. Гэтэл энэ 2-т өрөөлийг эвлэрүүлэх үүрэг хүлээлгэжээ. Сонин л юм.

Нийлээд бусдыг наалдан пад болгох нь бүү хэл, өөрсдөө салан пад болчихсон Н.Энхбаяр, Д.Нямдорж гэж хүмүүс бий

Шадар сайд атлаа Засгийн газраа унагах бичигт гарын үсэг зурж, Г.Занданшатарыг огцруулахаар товчлуураа дарсан С.Амарсайханыг ажлын хэсэгт оруулжээ. Түүнийг Засгийн газар өчигдөр өглөөхөн Шадар сайдын албан тушаалаас чөлөөлсөн. Чөлөөлөхийг нь мэдээд С.Амарсайхан өрсөж өргөдлөө өгсөн. Нэг нэгнийхээ эсрэг болчихсон, өчигдөр тэр тэмцлээ Засгийн газрын хуралдааны үеэр нэгнээсээ өрсөн илэрхийлсэн энэ 2 хүн хэлэлцээний ширээний ард суулаа юу?

Нийлээд бусдыг наалдан пад болгох нь бүү хэл, өөрсдөө хэзээд салан пад болчихсон Н.Энхбаяр, Д.Нямдорж гэж хүмүүс бий. Одоо тэд Д.Амарбаясгалан, Г.Занданшатар 2-ыг наалдан пад болгохоор гар нийлэн ажиллаж байна гээд бод доо. Амьдрал баян юм.

УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэн, Ерөнхий сайд асан Г.Занданшатар нарыг наанаа гэмгүй мэт харагдавч цаанаа эв түнжингүй гэлцдэг. УИХ-ын 2024 оны сонгуулиар Г.Занданшатарыг өөр тойрогт нэр дэвших гэж байхад нь Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг буюу 1-р тойрогт аваачсан хүн нь Д.Тогтохсүрэн гэдэг. Хамт дэвшээд, цуг өвдөг шороодсон ч Д.Тогтохсүрэн баталгаагүй судалгаагаар Г.Занданшатарын толгойг эргүүлж, тойргийг нь солиулсан гэх юм билээ. Д.Тогтохсүрэнг сонгуулийн дараа Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар тавьсан бол Г.Занданшатарыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэргэдээ авсан. Энэ нь ч бас нэгийг хэлдэг.

Албан тушаалын тэнгэрт хаягдсан Г.Занданшатар Монголын шатрын холбооны ерөнхийлөгч болсноор урагшлах үүд нь дахин нээгдсэн гэдэг. Гэхдээ л УИХ-ын сонгуульд унасан хүн Ерөнхий сайд, МАН-ын дарга болох эрхгүй гэж намынх нь олон гишүүн дарамталдаг. Ингэж адлуулах болсонд нь Д.Тогтохсүрэн өчүүхэн ч гэсэн гэмтэй гэж Г.Занданшатар эмзэглэж явдаг гэнэ. Үнэхээр түүнийг УИХ-ын гишүүн биш, сонгогчдын итгэл хүлээгээгүй, нутгийнхан нь ч итгэдэггүй хүн Ерөнхий сайд болсон нь их юм гэж баалдаг. Чухам үүнээс болоод тэр одоо МАН-ын дарга болж чадахгүй явна. Ерөнхий сайдын албан тушаалаас ч авч шидүүлэх шахлаа.

- Шинэ
- Хандалттай