Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гарагт 14:00 цагаас эхэлдэг. Энэ удаагийн УИХ-ын асуулгын цаг 10-р сарын 31-нд буюу өнөөдөр болно.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ удаад “Хавчигдсан дундаж давхаргаа хэрхэн аврах вэ” сэдвээр мэтгэлцээн өрнүүлэх гэж байна. Тус бүлгийг төлөөлж, бүлгийн дарга, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, О.Алтангэрэл, Ж.Баясгалан, Д.Жаргалсайхан, Ц.Мөнхтуяа, Г.Хосбаяр, Д.Цогтбаатар, С.Эрдэнэболд, Д.Энхтуяа нар Ерөнхий сайд Г.Занданшатар болон Засгийн газрын гишүүдийг мэтгэлцээнд дуудлаа. УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэтгэлцээнийг шууд дамжуулна.
Ерөнхий сайд нь хүссэн сэдвээрээ мэдээлэл өгдөг биш, гишүүдийнхээ, сөрөг хүчнийхээ, ард иргэдийнхээ асуултад хариулдаг болох нь Монголын төр засаг хариуцлагатай, ил тод байхын эхлэл юм.

