Амьд цэцэг авахад үнэтэй. Бас хэд хоногийн дараа үхдэг. Тэгвэл сэтгэл шингээн урласан цэцгээрээ бусдыг баярлуулж, насан туршийн дурсамж үлдээх боломж олгосон бүтээл хийдэг энэ охиныг Ө.Цэлмэг гэдэг. Тэр 7-р ангийн сурагч. Жүжигчин болох мөрөөдөлтэй.

Мэдрэмжээ хөгжүүлэх зорилгоор цэцгэн урлал хийж сурчээ. Ө.Цэлмэг сарнай, сараана, алтанзул, цахирмаа гээд бүхий л цэцгийг уран сэтгэмж, сэтгэл шингээж урладаг. Эдгээр цэцгээ урласныхаа дараа гэрэл сүүдэр хийж, өнгө өнгийн цаасаар баглаа болгон онцгой дизайн бүрдүүлжээ. Тэр цэцэгсийн өнгөний зохицол, баглаа боодол, жаазаа өөрөө сонгодог юм байна. Анх найздаа төрсөн өдрөөр нь бэлэглэхээр ийм цэцэг урлажээ. Түүнээс хойш youtube сувгаас бичлэг үзэж, гарамгай урлаж сурчээ.


Аав,ээжээсээ 200 мянган төгрөгөө хэд дахин өсгөж хадгаламжтай болжээ
Гар урлалаа бизнес болгон хөгжүүлэх зорилго түүнд байсан тул аав ээжээсээ дэмжлэг хүссэн байна. Охиныхоо хүсэл сонирхлыг аав, ээж нь дэмжиж 200 мянган төгрөг өгчээ. Түүгээр материал авч, хүмүүсээс онлайнаар захиалга аван, цэцгээ урлаж эхэлжээ.


Түүний бүтээлийг сонирхогч, худалдан авагч олширсон тул фэйсбүүкт “ART BY TSELMEG” хуудас нээж, 300 мянган дагагчтай болоод байна. Есдүгээр сараас урлалаа эхэлж чамгүй орлого олон, аав ээжээсээ авсан 200 мянган төгрөгөө хэд дахин өсгөж, хадгаламжтай болсноо тэр онцоллоо.
Ө.Цэлмэгийн урласан цэцгийг ээж нь захиалагчдад хүргэж өгдөг. Тэр 1 баглаа цэцгийг 3-5 хоногт хийдэг. Баярын үеэр 10 хоногт 3-4 баглаа цэцэг бэлэн болгодог юм байна. Тэмдэглэлт баяруудаар тэр захиалга ихтэй байдаг ажээ.


Ө.Цэлмэг тууштай, бүтээлч, шантаршгүй байх урам зоригийг ээжээсээ авдаг байна. Олон хүнээс магтаал сонсох нь түүнийг улам хурцалж, илүү сайхан бүтээл хийх урам авдаг гэнэ. Ө.Цэлмэгийн өөр нэг хобби нь бүжиглэх. 3 настайгаасаа монгол бүжиг бүжиглэсэн тэрээр өнгөрсөн хугацаанд олон улсын болон дотоодын олон тэмцээнд оролцжээ.
Гадаадын тэмцээнд оролцоход хамгийн багадаа 1 сая төгрөг шаардагддаг. Өөрийн бизнестэй болсноос хойш зардлаа төвөггүй бүрдүүлдэг болжээ. Түүн шиг ингэж цэцэг урладаг хүн олон ч Ө.Цэлмэг өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх бүрдүүлдгээрээ ялгардаг байна. Түүний баглаа цэцэг 15.000-100.000 төгрөг. Тэр цаашид ийм бүтээл урлах сонирхолтой хүмүүст зориулан, сургалт явуулахаар болжээ. 2026 онд сургалтаа эхлүүлэхээр төлөвлөсөн тухайгаа Ө.Цэлмэг ярьсан юм.

