Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас ирэх оны төсөвт эмч эмнэлгийн ажилчдын цалин нэмэх ямар ч боломжгүй гэх байр суурийг илэрхийлж байсан. Мөн Монголын эмч, эмнэлгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо Эрүүл мэндийн яамтай зөвлөлдөж хэлэлцээрт хүрэхээр хэд хэдэн удаагийн уулзалтыг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй. 2026 онд эмч эмнэлгийн ажилчдын цалинг 10-15 хувиар нэмэхэд 181 тэрбум төгрөгийн төсөв тавихаар санал боловсруулаад байсан удаатай. Тэгвэл өчигдөр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн эмч, эмнэлгийн ажилчдын нарын цалинг 2026 онд 3 сая төгрөгт хүргэх тооцооллыг танилцуулсан юм.
Ингэхдээ, “2026 оны нэг сараас 30 хувиар нэмж, арван сар гэхэд салбарынхаа ажилчдын цалинг 3 сая төгрөгт хүргэх зорилт тавьсан. Эх үүсвэрийн тухайд төсөв дээр 191 тэрбум төгрөгийг хуваарилсан, Эрүүл мэндийн даатгалын сан дээр 104 тэрбум төгрөгийн авлагатай, мөн НДС-аас баланс тэнцвэржүүлсэн байдлаар 103 тэрбумыг авахаар буй. Үүнээс гадна ЭМДС санхүүгийн сахилга баттай байх юм бол 200-300 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой. 2027 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгож зарласан. Энэ хүрээнд даатгалын сангаа зузаатгавал шаардаж буй 3.5 сая төгрөгийн цалинтай болох нь хол зүйл биш” гэсэн юм. Гэвч эмч нар даатгалын санд найдахгүй байгаа гэдгээ илэрхийллээ. Өөрөөр хэлбэл зардлуудаа танаж төсвийг нь эмч эмчнэлгийн ажилчдын цалинг нэмэхэд зарцуулах хэрэгтэй гэж үзэж байна. Иймд эмч эмнэлгийн ажилчдын цалинг 3.5 саяд хүргэхийг шаардаж, өнөөдрөөс хугацаагүй суулт зарлаж байгаагаа мэдэгдлээ. Ингэхдээ эмнэлгүүд амбулаторийн үйлчилгээг бүрэн зогсоож, яаралтай тусламж, болон сэхээн амьдруулах тасгийн эмчилгээ үйлчилгээг таслахгүй үргэлжлүүлэх юм.

