“Бренд гутал” компани нь үхрийн арьс, хонины нэхий, ямааны арьсаар эрэгтэй, эмэгтэй хүний “Чиг”, хүүхдийн “Маза” брэндийн өдөр тутмын 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, дотоод болон гадаадад зах зээлд экспортлодог үндэсний үйлдвэрлэгч юм. Тус компани жилд 15,000 орчим хос гутал үйлдвэрлэдэг бөгөөд тухайн орны цаг уур, хэрэглэгчдэд зориулсан судалгаа хөгжүүлэлтийн үндсэн дээр гаднын орнууд таньж эхэлжээ.
Тус үйлдвэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нар өнөөдөр ажиллалаа.
Экологийн цэвэр бүтээгдэхүүнээр импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх зорилготой “Бренд гутал” ХХК-ийн удирдлагуудын зүгээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нарт импортыг орлох дотоодын худалдан авалтын эрчимжүүлэх замаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжих саналаа илэрхийлсэн юм.
Тухайлбал, томоохон худалдааны сүлжээ, франчайз дэлгүүрүүдэд “Үндэсний булан” булан байгуулах, сурагчийн дүрэмт хувцас, гутал болон эрүүл мэндийн салбарын ажилчдад үндэсний үйлдвэрийн чанартай гутал хэрэглүүлэх санал дэвшүүллээ гэж Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.


