НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 30 хоног баривчлагдсан. Гэвч өмгөөлөгчийнх нь хүсэлтээр түүнийг суллаад байгаа юм. Б.Эрдэнэсүхийг сулласнаас улбаалж О.Нарангарав заналхийлэлд өртөж байгаа талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд О.Нарангаравын өмгөөлөгч Д.Баттулга “Эрүүгийн хуулийн 11.7-д зааснаар Б.Эрдэнэсүх гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнийг тогтоож, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Гэвч суллагдсаны дараа О.Нарангаравыг машинаар мөргөх гэж оролдох, цаашлаад амь нас, үр хүүхдэд нь заналхийлэх асуудал гаргаж байгаа талаар надад хандсан.
Иймд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөх хүсэлтийг шүүхэд өгсөн. Олон жил дарамталсан асуудалд хохирогчийг хянах тогтолцоо Монголд дутмаг. Хохирогчийн талаар олон худал мэдээлэл гаргасан. Энэ талаарх үнэн бодитой зүйлийн талаар хохирогч мэдээлэл өгөхийг хүссэн тул хэвлэлийн хурал хийхээр болсон” хэмээв.
Хүчирхийллийн хохирогч болсон гэх О.Нарангарав “Б.Эрдэнэсүх олон нийтийн сүлжээнд илт худал мэдээлэл тарааж байна. Иймд олон нийтийн сүлжээнд дурдагдаагүй зүйлүүдийг хэлнэ. Б.Эрдэнэсүх улс төрд нэр нөлөө бүхий хүмүүсийг таньдаг. Үүгээрээ дамжуулж, энэ хэргийг замхруулан, шийдвэрлэхэд саад болж байгаа хэмээн би хардаж байна.
2024 онд миний хамрыг хугалсан. Учир нь УИХ-д нэр дэвшихдээ утааны талаар контент бэлдэх үеэрээ сэтгэлдээ хүртэл ярьж чадсангүй гээд бухимдаж, намайг зодсон. Тухайн үедээ том хүүтэйгээ ГССҮТ-д очсон ч цагдаа “Мэдүүлэг авна” гэхээр нь ГССҮТ-өөс зугтсан. Б.Эрдэнэсүхийн улс төрийн карьерыг бодож, тухайн үедээ ГССҮТ-д хандаагүй. Б.Эрдэнэсүх өөрийн танилаараа дамжуулж “Гурван гал” эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлсэн. Уг хэргийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар өгсөн ч “Хөнгөн гэмтэл” гээд хүлээж аваагүй. Тэр үргэлж “Чи хэн ч биш. Чамайг яавал ч яана. Нүдийг чинь ухна. Нүүрийг чинь шалзална. Амь насыг чинь хохироочихсон байхад чи яаж ч чадахгүй” гэдэг.
Мөн улс төрийн том нөлөө бүхий хүмүүсийг дурддаг. Тухайлбал: “Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ах дүү”, “Хотын дарга Х.Нямбаатартай Шаргаморьт зусланд ажил төрлөө ярилаа” гэх мэт зүйл ярьдаг. Тийм учраас миний гэмтлийг хөнгөн гэж тогтоосон гэж би хардаж байна. Иймд дахин шинжээч томилж өгөх хүсэлтийг гаргасан.
Намайг хээр аваачиж, амь насыг минь хохироохыг оролдсон. Гэвч цагдаагийн байгууллагаас миний өгсөн гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон. Хууль хүчний байгууллагууд мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн талд үйлчилж байгаад харамсаж байна.
Би Монголд хамгаалуулж чадахгүй байгаа учраас хоёр том хүүхэд маань БНСУ руу явсан. Улмаар БНСУ-ын Цагаачлалын албанаас орогнол хүссэн. Б.Эрдэнэсүх хамгийн сүүлд өнгөрсөн зун 10 давхрын тагтнаас намайг шидэх гэж оролдсон. Амь аврахыг гуйж, хашхирсан учраас би аврагдсан. Одоо намайг “Тавилгатай байраа зарсан” гэх мэтээр гүтгэж байна. Б.Эрдэнэсүх миний болон хүүгийнхээ нэр дээр байдаг байрыг 500 сая төгрөгөөр барьцаанд тавьж, өөрийнхөө хамаарал бүхий компаниар тендер авч, санхүүжүүлсэн” гэлээ.

