Улс эх орны аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, түрүүлж хөгжүүлэх шаардлагатай эдийн засгийн суурь бол эрчим хүч. Эрчим хүчгүй бол эдийн засгийн бүх салбар зогсож, улс мөхнө. Гэвч өнөөдөр Монголын нөхцөлд эрчим хүчний салбараа элгээрээ хэвтэхэд тун чиг ойрхон байна. Үндсэндээ эрчим хүчний хямрал газар авч, энэ өвлийг яаж давна гэж мэргэжилтнүүд шаналж, ард түмэн ундууцна. Дулаан хангалтгүй байгаа талаар гомдол Орон сууц, нийтийн аж ахуйн газарт өдөр бүр 5-6 бүртгэгддэг байна.
Шугам хоолой хөлдөж, сурагчид хичээлдээ куртиктэй суусан түүх давтагдах вий..
Аз жаргалтай улаанбаатарчууд өвөл болохоор түмэн зовлонтой нүүр тулдаг. Өнгөрсөн жилүүдэд утаа униар, түгжрэл гээд ам булаацалддаг байсан бол сүүлийн хоёр жил өвөл хөлдлөө гэх хэрүүл тасарсангүй. Өнгөрсөн жил нийслэлийн зарим байршилд дулаангүй болж, шугам хоолой хөлдсөн. Үүнээс шалтгаалж сурагчид куртиктэйгээ хичээлдээ суусан хүндхэн явдлууд ч бий. Гэтэл энэ жил дахиад цутруухан байх жишээний. Түүх давтагдаж хаа нэгтээ сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууц нь хүйтэн гэх гомдол сошиалд хөвөрнө. Тухайлбал: Хотын төвд сүндэрлэсэн шинэхэн орон сууцны халаалт муу байж, оршин суугчдын бухимдал хот руу чиглэх жишээний.
Нийслэлийн дулааны хүчин чадал 60 хувиар хэтэрсэн
Мөн Баянгол дүүргийн Хүүхдийн эмнэлэгт хүүхэдтэйгээ хэвтсэн нэгэн иргэн эмнэлэг хүйтэн байгаа учраас гэрээсээ тень авчирч залгасан гэнэ. Энэ мэтчилэн халаалтын асуудал хөндөгдсөөр байна. Нийслэлд өдөртөө -27 орчим хэм, шөнөдөө -33-34 хэм хүйтэн хонож байгаа. Хотыг дулаанаар хангаж чадахгүй, хүндхэн нөхцөлд байгааг ч салбарын инженерүүд хэлж буй. Улаанбаатарчуудын төвлөрсөн дулаан, цахилгаан хангамж дулааны II, III, IV болон Амгалан дулааны станцаас хангагдах ба нийт 13.5 мянга гаруй барилга, байгууламжийг дулааны эрчим хүчээр хангадаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд хотын дулааны 32 хувийг хангадаг “ДЦС-III”, 55 хувийг хангадаг.

“ДЦС- IV” ТӨХК техник тоног төхөөрөмж шинэчлэх шаардлагатай болсныг бид нүдээрээ харсан. “ДЦС-4” 39 жил, “ДЦС-3” 48 жил, “ДЦС-2” 54 жил ажиллаж буй. Цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэр байгуулах талаар өнгөрсөн жилүүдэд хангалттай ярьсан ч урагшилсан ажил алга. Хэрэв нэг станцад доголдол үүсвэл нийтээрээ цахилгаан, дулаангүй хөлдөх аюултай. Улаанбаатар хотод жилд дунджаар 221-244 МВт-ийн хэрэглээ бүхий 300 орчим барилга, байгууламж төвлөрсөн дулаан хангамжид холбогдож, хэрэглээ 7-8 хувиар тогтмол өссөн байна. Өдгөө бид дулааны хүчин чадлаасаа даруй 60 хувиар хэтэрсэн хэрэглээтэй өдөр хоногийг аргацааж буй.
Тоггүй, дулаангүй бол хот биш…
Мөн эрчим хүчний системийн тоног төхөөрөмжийг ашиглах хугацаа дууссан. Үндсэн тоноглолын ихэнхийг 30-аас дээш жил ашигласан тоног төхөөрөмжүүд эзлэх болсон байна. Өнгөрсөн 6-р сард Дулааны гуравдугаар цахилгаан станцад том хэмжэээний осол гарч, есдүгээр турбингенератор сэргэхгүйгээр эвдэрсэн. Энэ нь нийслэлийн айл өрхүүдийн дулаан хангамж доголдох эрсдэлийг бий болгов. Нөхцөл байдал ийм байхад эрчим хүчний салбарт хуваарилдаг төсөв нь хаа ч үгүй. Үндсэндээ нийгэм, эдийн засгийн хамгийн чухал салбар нь сэхээнд байхад урлаг, соёл, байшин барилга, зам талбай барихад ач холбогдол өгсөөр иржээ. Тухайлбал: Эрчим хүчний сайд нь хотоор нэг форм болсон өндөр барилга сүндэрлүүлж, түүнийгээ дулаанд холбож, бизнесээ өргөжүүлэн, амиа бодов. Бусад нь даарах түүнд падлийгүй мэт. Олон жил хангалтгүй төсөвтэй байсны уршгаар хот хөлдөх эрсдэл нүүрлэсэн. Гэтэл эрчим хүчний салбарт төр төмөр нүүрээ үзүүлж, соёлын салбар, зам тээврийн салбарт ахиу төсөв тавьсаар байна. Жилийн жилд соёл, барилга, зам тээврийн салбартаа онцгой анхаарч ирсэн. Аль нэг салбараа сэхээнд оруулчихгүйн тулд төсвөө солонгоруулж хуваарилах хэрэгтэй байна. Өнгөрсөн жил соёлын салбарт ахиу төсөв хуваарилсан бол энэ жил эрчим хүчний салбарт элэгтэй, илүүрхсэн төсөв баталж болох байлаа. Эрчим хүчний салбар болон соёлын салбарт тусгасан сүүлийн 4 жилийн төсвийг харьцуулбал 10-20 тэрбумын зөрүүтэй байх жишээний.

Эрчим хүчний салбарт техник, технологийн шинэчлэл хийх шаардлага бий. Гэвч төсөв хангалтгүй. Үүнд салбарын сайд нь санаа тавьдаггүй, бэлэг тэмдэг төдий байсаар ирлээ. Эрчим хүчний салбарын төсөв бага байгаа талаар УИХ-ын гишүүдийн төлөөлөл төсөв хэлэлцэх үеэр онцолсон. Гэтэл Сангийн сайд Б.Жавхлан “Бүх сайдын төсөв хасагдсан, зөвхөн Б.Чойжилсүрэн сайдынх биш. Одоо бид энэ хязгаар дотроо л багтаж амьдарна. УИХ-аас төлөвлөгөө гаргаж өгөөд 24 хувьд багтаа гэсэн. Бүгд л хасаж, тануулсан. Одоо байгаагаа яаж үр өгөөжтэй зарцуулах вэ гэдгийг салбарын сайдын ухаан, сэтгэл хоёр л шийднэ. Энэ бол маазрах асуудал биш. Бүгд байж болох бүх боломж, хөрөнгөө энэ салбарт зориулж байгаа” гэсэн юм.
Таван жил Эрчим хүчний сайдаар ажилласан Б.Чойжилсүрэнгийн ам, ажил зөрсөөр. Тэр 2024 онд “2025-2027 онд манай улс эрчим хүчний дутагдлаас гарна” хэмээн амласан ч байдал дордсоор. Энэ салбарыг өндийлгөвөл өндийлгөхөөр хугацаа өнгөрлөө. Гэтэл “Бид сүүлийн 2-3 өвөл хүндрэлтэй нөхцөлийг даван туулсан. Дахиад 2025, 2026 онд иймэрхүү байдлаар явна” гээд зогсож байгаа хүнийг сайдын суудалд үлдээдэг нь ямар учиртай вэ. Хамгийн анхан шатны хэрэгцээ тог, дулаан байхгүй бол ямар эрсдэл үүсэх бол гээд ахуй амьдралаа бодвол эрчим хүчний салбар шиг чухал салбар алга. Гэтэл өнөөгийн нөхцөлд энэ салбарт төр нь хойд эцэг шиг загнаж буй. Эцэст нь тоггүй, дулаангүй бол хот биш болно.
.

