Бразилын хөлбөмбөгийн од Неймар өнгөрсөн жил зүүн өвдөгний урд талын шөрмөс (ACL) болон менискээ гэмтээж, хэсэг хугацаанд хөлбөмбөг тоглож чадахаа больсон. Тэгвэл Неймар жилийн дараа талбайдаа эргэн ирлээ.
Даваа гарагт Саудын Арабын “Аваргуудын лиг”-ийн “Аль Айн” багтай тоглоход түүнийг сэлгээгээр оруулсан байна. Энэ тоглолтод “Аль-Хилал” баг өрсөлдөгчөө 5:4 харьцаагаар хожжээ.
12 сарын дараа өөрийн дуртай зүйлээ хийхээр эргэн ирсэн талаараа Неймар “Би маш их баяртай байна. Би буцаж ирлээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Түүний эргэн ирэлт нь Дэлхий даяарх сая сая шүтэн бишрэгчдэд нь баярт үйл явдал болж байна.
32 настай Неймар нь 2023 оны наймдугаар сард ПСЖ-аас Саудын Арабын багт 90 сая еврогийн (97.6 сая доллар) гэрээгээр ирсэн боловч тус багт ердөө таван удаа тоглосон. Тухайн оны 10-дугаар сард ДАШТ-ий урьдчилсан шатанд Бразилын баг Уругвайтай тоглон 2:0 харьцаагаар хожигдоход, Неймар нулимстай талбайг орхиж байлаа.
Бразилийн бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч Неймарын “Аль-Хилал” багтай байгуулсан гэрээ 2025 оны зургаадугаар сард дуусна.