horoscope
horoscope
horoscope
userГ. Урантөгс

Гэмт хэргийн хар зах Telegram Монголчуудыг онилжээ

post-img

Телеграм бол ОХУ-ын тэрбумтан Павел Дуровын 2013 онд үүсгэн байгуулсан фэйсбүүк, Тик ток, Инстаграмын дараа орох хамгийн олон хэрэглэгчтэй платформ юм. Өдгөө энэ платформ 950 орчим сая хэрэглэгчтэй бол  ихэвчлэн 25-45 насныхан түлхүү ашигладаг байна. Сүүлийн жилүүдэд цахим орчин дахь залилангийн гэмт хэргийн тоо эрс өсжээ. Ялангуяа сүүлийн дөрвөн сарын хугацаанд Telegram платформ ашиглан үйлдэгдэж буй залилах гэмт хэрэг огцом нэмэгджээ.

Сүүлийн 4 сарын хугацаанд Монгол улсад Телеграм залилангийн 619 гэмт хэрэг  бүртгэгдэж иргэд 10.3 тэрбум төгрөг залилуулсан байна. Ердөө хагас жил хүрэхгүйн хугацаанд ийм хэмжээний мөнгөө иргэд алдсан гэсэн үг. Телеграмаар залилуулж буй гурван хохирогч тутмын хоёр нь эмэгтэй байна. Залилагчид ихэвчлэн 24-35 насны эмэгтэйчүүдийг онилдог гэдгийг энэ тоо баримтаас харж болохоор байна. Энд сонирхол татсан нэг баримт байсан нь хохирогчдын 62 хувь нь дээд боловсролтой иргэд. Телеграмм залиланд хохирсон 619 хохирогчийн 286 нь бараа худалдан авч борлуулалт нэмэгдүүлэх даалгавар авч хохирчээ.

Хохирогч:

“Надад анх телеграм платформоор даалгавар биелүүлээд мөнгө авах уу гэх санал ирсэн. Мөнгөний хэрэгцээ байсан учраас зөвшөөрсөн. Эхлээд тэд “хамтарч ажилласанд баярлалаа 1500 долларын ашиг хүртлээ” гэсэн бичлэг хийгээд явуул гэсэн. Тэгээд тухайн бичлэгийг хийж явуулсан. Явуулсны дараа надад 50.000 төгрөг өгсөн.Хоёр дахь даалгавар гүйцэтгэвэл илүү их мөнгө өгнө гэж амласан учраас  хоёр дахь даалгаврыг нь сонирхсон чинь интернет банк нээлгээд нэвтрэх нэр нууц үгээ явуул гэсэн. Тэгээд би удалгүй хоёр цагийн дараа интернет банк нээгээд даалгаврыг нь гүйцэтгэсэн. Хоёр гурав хоногоос мөнгө чинь орноо гээд ороогүй. Чат бичтэл хариу өгөөгүй. Интернет банк уруугаа орох гэтэл болохгүй байсан. Тэгээд банкин дээр очтол миний интернет банкаар дамжуулан их хэмжээний мөнгөн дүнтэй гүйлгээ 4 удаа хийсэн байсан” гэв

Хохирлын хэмжээ

Цахим залиланд өртсөн иргэний хамгийн өндөр тоотой хохирол нь 195 сая 800 мянган төгрөг гэж ЦЕГ-аас мэдээллээ. Тодруулж хэлбэл тухайн иргэн нийт 39 удаагийн үйлдлээр 195 сая 800 мянган төгрөгийг бусдад шилжүүлжээ. Мөн ээлжит нэгэн  хохирогч 4 удаагийн гүйлгээгээр гэмт этгээдүүдэд 135 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Зөвхөн сүүлийн 45 хоногт Монголчууд 6.1 тэрбум төгрөгийг Телеграмаар бусдад залилуулж алдсан байна. Харамсалтай биш гэж үү ?

Телеграм залилан KK PARK буюу хяналтгүй бүсэд үйлдэгддэг

Энэ төрлийн залиланг ихэвчлэн цэргийн дэглэмтэй улсад үйл ажиллагаа явуулдаг үндэстэн дамнасан гэмт бүлэглэл үйлддэг байна. КК Park бол Мьянмар болон Тайланд улсын хилийн Мявадъ хотын хилийн заагт байдаг хяналтгүй бүс юм. КК Parк хорин мянган ажилтантай. Ажилчид нь өдрийн 17 цаг хатуу дэглэмд тасралтгүй ажилладаг бөгөөд тэдний дунд Монгол иргэд байдаг гэх мэдээллийг ЭЦА –аас өглөө. Ажиллахаар очсон иргэдийг буутай цэрэг хүлээн авч гадаад нэр өгдөг бөгөөд албадан хөдөлмөр эрхлүүлдэг байна. Дээрх гэмт бүлэглэлийн байршил илчлэгдсэн учир Камбодж улс уруу байршлаа сольсон байх өндөр магадлалтай гэнэ.

Сүүлийн үед залилагчдын арга улам нарийсжээ. Тэд Deep fake буюу хиймэл оюун ухаан ашиглаж “Би маш их ашиг хүртлээ. Танд бас энэ боломж байна” гэх мэт уриалгыг фэйсбүүк хуудсанд байршуулах болсон байна.

Телеграм платформоор дамжин үйлдэгдэж буй хэргийг дараах 6 төрөлд хувааж үздэг

  • Романс залилан   /Хохирогчтой удаан хугацаанд харилцаа үүсгэж итгэлийг нь олж авах замаар залилдаг/  
  • Даалгавар өгөх    /Даалгавар биелүүлж мөнгө авахыг санал болгох, шагналт судалгаа бөглүүлдэг/
  • Хуурамч зар        /Өндөр цалинтай ажилд авна гэх мэт зар/
  • Секс сүрдүүлэг   /Хохирогчдыг мөнгөн өгөөшөөр сүрдүүлэх/  
  • Copycut              /Ижил нэртэй групп хаягуудыг хуулбарлаж үйчлүүлэгч нараас мөнгө авдаг/
  • Pump and Dump  /Хөрөнгө оруулалт, хувьцаа, койн өсгөх гэх мэт аргаар залилладаг/ Эдгээр аргууд бүгд Монгол улсад бүртгэгдсэн байна.
186
0/1000