Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон үйлчлүүлэгчдэдээ зориулан, сэтгэл заслын өрөө гарган, иж бүрэн тохижуулж, ашиглалтад орууллаа. Энэ өрөөнд урлагаар дамжуулан, хүний сэтгэлийг засах эмчилгээ хийх юм байна. Уулзалтын хэсэг, уран зургийн хэрэгсэл, бага насны хүүхдэд зориулсан тоглоомын булантайгаар уг өрөөг тохижуулсан байна.
Тус төв БНСУ-ын “Saranbat” олон улсын хүмүүнлэгийн байгууллагатай хамтран, арт терапи буюу урлагийн сэтгэл заслыг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлж байгаа аж. Сэтгэл заслын өрөөтэй болсноор гэмтлийн дараах стрессийн эмгэг /PTSD/, гэнэтийн осол, түлэгдэлт, хүчирхийллийн дараах айдас түгшүүрт өртсөн, мөчөө тайруулсан, удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай өвчтөн, тэдний ар гэрийнхэнд сэтгэл зүйн мэргэжлийн зөвлөгөө өгөх, эмчилгээний үр дүнг сайжруулах, амьдралынх нь чанарыг сайжруулах, эрүүл мэнд болон нийгмийн харилцааны тулгамдсан асуудалд тохирсон мэдээлэл, зөвлөмж хүргэх, судалгаа, шинжилгээ хийх, сургалт, танин мэдэхүйн ажил зохион байгуулах боломж бүрджээ.